Нийтлэгдсэн: Fri, Oct 13th, 2017

Б.Мөнхдалай: Дээврийн засварын ажилд таван давхрын иргэн хяналт тавьдаг болсон

IMG_9366

хяналт тавьдаг болсон

Аймгийн ИТХ-ын Дэд бүтэц, хот байгуулалт, гэр хорооллын хөгжлийн хорооны дарга Б.Мөнхдалайтай уулзаж цаг үеийн асуудлаар ярилцлаа

-Танай хорооны үндсэн чиг үүргийн хүрээнд хог хаягдлын тухай тэр дундаа хог хаягдлын менежментийн тухай асуудал хамаардаг. Иргэдийн өмнө тулгамдаж буй асуудал бол хог тойрсон сэдэв. Манай аймгийн хувьд өөрийн гэсэн онцлогтой. Үүнд танай хороо ямар байр сууринаас хандаж байгаа вэ. Иргэдийн хувьд хогийг худалдан авдаг болвол асуудал шийдэгдэх эхний алхам ч гэж харж байгаа?

– Таны ярьж буй хогийг худалдан авах асуудал бол Хогны менежментийн хоёрдугаар алхам л даа. Өөрөөр хэлбэл, хогны асуудлыг шийдэх гарц тал нь. Түүнээс өмнө байгаа манай аймгийн хогны асуудал өөрийн гэсэн онцлогтой. Иргэдийн хогийг , зөөвөрлөх талаар л ажиллаж буй болохоос Хогны менежмент тал руу хандсан асуудал судалгааны шатандаа яваа. Хотын хогийг богино хугацаанд татан тээвэрлэж зайлуулах нь эхний алхам болоод байгаа юм. Тэр дундаа гэр хорооллын бүсэд. Цаашдаа хогны менежментийг сайжруулахын тулд судалгаа хийх хэрэгтэй. Иргэдийг хогоо зөв хаях, ангилах, нэг цэгт төвлөрүүлэх үү, гудамжиндаа гаргах уу, хогоо гаргах хуваарийг хэрхэн төлөвлөх зэргийг судалж шийдэх нь эхний алхам. Хотын захирагчийн алба, Хот байгуулалт, барилга захиалагчийн алба, Хот тохижуулах газар, Баян-Өндөр сум гээд хогны асуудалтай хамаарал бүхий газрууд хамтраад хоёр, гурван судалгаа хийж үзсэн. Хогны менежментээ боловсруулахаас өмнө суурь судалгаа хийх зайлшгүй шаардлага бий. Тухайлбал, нэг машиныг тоноглоод өөрөө ачдаг болгосон. Поошигтой хогийг шууд ачих гэсэн үг. Энэ судалгааг Рашаант багт хийж үзсэн. Судалгаа бидний санасан үр дүнд төдийлөн хүрэхгүй байгаа. Машиныг тоноглоод гурван хүнтэй баг ажиллах шаардлага гарсан. Хоёр дахь ажил нь иргэдийн хогны савыг судалсан. Янз бүрийн хогны сав байдаг, амархан элэгддэг, шатдаг зэрэг янз бүрийн хогны сав байна. Ихэнх нь төмөр поошиг ч гэсэн цоорохоос эхлээд эвдрэл их байдаг. Энэ асуудлыг шийдэхийн тулд хогийн савны хийц, загварыг шийдэхийн тулд иргэн, аж ахуйн нэгжийн дунд уралдаан зарлаад ажилласан. Орон сууцны хорооллын байрны гадна хийсэн ангилан ялгадаг хогны сав шалгараад хийгдсэн.

-Шийдэл нь ямар байсан бэ. Бусдаас давуу тал нь?

-Шийдэл, давуу талын хувьд гэвэл өмнөхөөс арай дэвшилттэй л дээ. Өнгө үзэмжийн хувьд хамаагүй дээр, иргэдийг хогоо ангилах тал дээр сургахын тулд дотор нь хуваасан. Мөн Хот тохижуулахынхан ачихад дөхөмтэй болгохын тулд доторх ангилсан хайрцгууд нь дороо дугуйтай зэрэг давуу тал бий. Аймгийн хэмжээнд хотын төвийн хогийг ачдаг хоёр ачилтын техник л байдаг. Ийм ажлуудыг эхний ээлжинд хийж судалж байна. Үүнийхээ чанар, үр ашгийг гарган тооцоо, судалгаа хийж байгаа.

-Иргэдийн хувьд хогны ангилалтаа хийж чадаж байгаа болов уу. Зарим нь дөхүүлээд л хаячихдаг өөрийн гэсэн онцлогтой шүү дээ?

-Хот тохижуулах газар, Хот байгуулалт, барилга захиалагчийн албанаас иргэдийг хогоо ангилан хаях тал дээр сэтгэлгээнд нь өөрчлөлт оруулахын тулд ирэх жилээс тодорхой ажлууд хийхээр төлөвлөж байгаа. Иргэд гэрээсээ хогоо гаргахдаа ангилж эхэлвэл илүү үр дүнтэй байх талыг нь чухалчилж байгаа. Хогийн бункерны хажууд оччихоод хогоо ангилаад зогсоно гэдэг ойлголт байхгүй. Энэ асуудал дээр манай Дэд бүтэц, хот байгуулалт, гэр хорооллын хөгжлийн хорооноос тодорхой санал боловсруулаад аймаг, орон нутгийн удирдлагадаа уламжилж асуудлыг шийдэх чиглэлээр ажиллаж байна. Гурав дахь хийсэн нэг ажил бол Рашаант багийн иргэдийн айлын хашаанд хогийн цэгийг нь хийсэн. Дотроос нь иргэд хогоо хийнэ, гаднаас нь ачиж зөөнө. Энэ ажил туршилтын журмаар хийгдэж байна.

-Эрдэнэт хотын Хогийн цэг буюу зөөж, тээвэрлэсэн хогоо ачиж хаядаг газрын өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ. Зай талбай багтаамжийн хувьд ямар юм бэ. Ландфильд ч билүү дарж булах аргаар л хогоо далд оруулж байгаа. Ирээдүйд чухам яах юм бэ?

-Өнөөдөр ч гэсэн бидний уламжлалт энэхүү хог хаях хэлбэр болохгүй байгаа. Гарч байгаа хог маш их. Хогийн цэгний талбай, хэмжээ бага. Хогийн цэг наашаагаа хот тал руугаа улам л түрж орж байгаа. Хаягдал хогийг нэг экскватороор түрж дардаг. Тэр нь маш их эвдрэлтэй учраас цаг хугацаанд нь хогоо дарж булж чаддаггүй гээд бэрхшээл бол бий. Дээр нь хог маш их шатдаг, хогийн цэг орчимд хаягдал хог түүдэг хүмүүсийн асуудал гээд яривал асуудал байгаа. Энэ бүхнээс шалтгаалаад хогийн цэгийн хөдөлмөр, зохион байгуулалтыг сайжруулах цаашлаад жинхэнэ хогны менежментийн хүрээнд хог ялган ангилж хоёрдогч түүхий эдийг дахин ашиглах, боловсруулах зэрэг шаардлага бол бий.

-Танай хорооны үндсэн чиг үүрэгт гэр хорооллын төлөвлөлтийн асуудал хамаардаг. Гэр хороолол ачааллаа дийлэхгүй боллоо. Барилгажилт зайлшгүй шаардлагатай байна. Шинэ суурьшлын бүсийн тухай яригдаж эхэллээ. Өнөөдрийн нөхцөл байдал ямар хэмжээнд байна вэ?

-Хангайн бүсийн тулгуур төв Орхон аймгийг 2005-2020 он хүртэл хөгжүүлэх Эрдэнэт хотын хөгжлийн Ерөнхий төлөвлөгөө гэж бий. Энэ төлөвлөгөөгөөр Цагаанчулуут багийн зарим хэсэг, Баянбулаг, Булаг багийн нутаг дэвсгэрийн тодорхой хэсэг нь орон сууцны хороолол байхаар төлөвлөсөн. Энэ төлөвлөлтийн хүрээнд аваад үзвэл 7А хороолол орчмын барилгажилт гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд явагдах ёстой. Бүр тодруулбал, 7А хороолол орчмын хэсэгт 86 айл байна. Энэ айлуудыг орон сууцжуулаад талбай дээр нь барилгажилт явагдах учиртай. Дан ганц орон сууц гэхгүй цэцэрлэг сургууль, өрхийн эмнэлэг, спорт цогцолбор гээд байх ёстой. Дараагийн нэг талбай бол долоодугаар хороолол. Мөн хоёрдугаар хороолол, 2а хороолол гэж бий. Энэ бүхнийг нэгтгээд харвал аймгийн хэмжээнд барилгажилт явагдах, орон сууцжуулах талбай бол хангалттай байгаа. Энэ газруудад барилгажилт явагдвал манай аймгийн хувьд гэр хорооллыг суурин дээр нь дахин төлөвлөх гэдэг асуудал тулгарахгүй. Аймгийн хувьд газар олголт ерөнхийдөө дууссан. Тэр дундаа гэр хороололд дахин газар шинээр олгоно гэдэг асуудал байхгүй.

-Нөгөө талдаа гэр хорооллыг дахин төлөвлөхгүй ч гэсэн орчин нөхцлийг, амьдралын чанарыг дээшлүүлэх тал дээр багагүй ажил хийж байгаа. Энэ талын мэдээллийг иргэд илүүтэй сонирхох байх?

-Гэр хорооллын иргэдийг хашаандаа хаус бариад сэтгэл хангалуун амьдруулах тал дээр ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар гэр хороолын гурван ч газарт инженерийн дэд бүтцийг иргэдэд ойртуулах чиглэлээр ажил хийж байна. Хорооны энэ жилийн ажлын төлөвлөгөөнд “Хашаандаа хаус” дэд хөтөлбөр гэж багтсан байгаа. Тухайлбал, Наран багийн 26-27 дугаар гудамж, Рашаант, Уртын голын тус бүр нэг гудамжинд бохир, цэвэр усны шугамыг нь холбоод эхэлсэн. Цагаанчулуут багт нэг гудамжийг холбосон байгаа. Гэр хорооллын иргэдийг инженерийн шугам сүлжээнд холбох эхний алхмуудыг хийснээр иргэдийн оролцоо ч нэмэгдэнэ. Иргэдэд эдийн засгийн хувьд үр ашиг гарах зэрэг давуу тал гарна.

-Цэвэр бохир усанд холбогдсон байшингийн үнэлгээ ч зах зээлд илүү үнэ хүрнэ. Иргэд хэр зэрэг хүлээн авч байна. Эдийн засгийн хувьд дэмжлэг үзүүлэх боломж хэр зэрэг байна?

-Инженерийн дэд бүтцэд холбогдсон гэр хорооллын байшин энгийн нэг хашаа байшингаас хамаагүй үнэтэй. Иргэдэд ач холбогдолтой. Бид эхний ээлжинд дээрх газруудад судалгаа хийж үзсэн. Иргэдийн хувьд эдийн засгийн боломж ямар байна вэ гэдгийг ч судалсан. Одоогоор цэвэр, бохир усанд холбогдсон айлуудын хувьд санхүүжилтээ өөрсдөө гаргасан. Нэг метр газрыг холбоход дунджаар 250 мянган төгрөгийн зардал гарна. Цаашдаа иргэдийн эрэлт, хэрэгцээ их байвал аймаг, орон нутгийн зүгээс олон улсын төсөл хөтөлбөрт хамруулах тал дээр ажиллах, хөрөнгө татах чиглэлээр төлөвлөж байгаа зүйл бол бий.

-Өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр үер буусан. Үерийн далан сэтрэх, ачааллаа даахгүй халих, шаардлага хангахгүй байх зэрэг бэрхшээл энэ үеэр учирсан. УИХ-ын чуулган дээр Орхон аймаг 25 тэрбум төгрөгөөр үеийн далан барих нь гэж хүртэл яригдсан. Үерийн далангийн зураг төсвийг нь өөр өөр газрууд хийсэн. Аймаг өөрийн гэсэн зураггүй байгаа гэх мэт асуудал яригдаж байсан. Үерийн далангийн хувьд өнөөдөр ямар нөхцөл байдалтай байгаа юм бэ?

– О.Содбилэг гишүүн Их хурал дээр “Экос” компанийн хийсэн 100 жилд нэг удаа тохиолдох үерийн эсрэг байхаар хийгдсэн зургийн талаар ярьсан юм билээ. Үнэхээр өртөг өндөртэй үерийн далан болох гээд байсан. Дээр нь зургийн өөрийн өртөг нь хүртэл 300 сая төгрөгийн үнэтэй. Дээрх компани ийм зураг хийсэн байдаг. Түүнийг л ярьсан юм билээ. Аймгийн хэмжээнд түүнийг хараад хийхэд боломж үнэхээр хэцүү. Өндөр өртөгтэй ажил, дээр нь хэдийгээр 100 жилд ганц удаа тохиох маш том үерийн аюулаас сэрэмжлэх гэж байгаа ч Эрдэнэтийн араар 4-5 метр гүн, төдий хэмжээний өргөн суваг, нүх ухах болно. “Экос” газрын хэвгий усны урсац зэргийг нь нарийн тооцож хийсэн байдаг. Өнөөдрийн хувьд ийм өндөр өртөгтэй ажил хийж боломж байхгүй. Өнгөрсөн зуны үерийн дараа далангийн зураг төслийг нэгж газруудад нөхцөл байдал, орчинд нь тулгуурлан хийж үзсэн. Тав, зургаадугаар хорооллын хувьд үерийн ус байрны орц руу хүртэл орж байсан. Аймгийн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд мэргэжлийн байгууллагуудаас зураг хийлгээд дуусаж байна. Баянбулагийн тэндээс орж ирсэн ус үерийн сувгаараа дамжаад Цагаанчулуутын гол руу цутгах хэлбэрээр зайлуулахаар зурагдаж байгаа. Мөн “Өргөө” кинотеатрын хажуугаар үерийн ус зайлуулах сувгаар ус зайлуулж “Чулуу” дэлгүүрийн орчим усыг нь угтаж авах зайлуулах шугам хийх зэргээр зураг хийгдэж байгаа. Энэ бол зөвхөн тав, зургаадугаар хорооллын үерийн ус зайлуулах зураг. Булаг багийн араас урссан ус Цагаанчулуутын үерийн шугамаар дамжаад долоодугаар хорооллыг дайрдаг үерийн шугам наймдугаар сарын бороонд их гэмтсэн. Түүнийг янзлах ажлын зураг манай албан дээр хийгдээд дуусч байна. Шанд, Их залуу, Уртын гол чиглэлийн үерийн даланд аймгийн хөрөнгө оруулалтаар засварын ажил хийсэн. Ажлын зурган дээр явган хүний гүүр хийх, авто замын гүүр барих гээд төлөвлөж оруулж өгсөн байгаа. Үерийн ус зайлуулах, урсацад нь саад болохгүйн тулд зарим газар гарц, гүүр хийх зайлшгүй шаардлага байдаг.

-Танай хорооны хувьд энэ жил ямар ажлууд хийж амжуулав. Иргэдийн оролцоог хэр хангав?

-Манай хорооны хамгийн гол ажлын нэг бол долоодугаар сард болдог Үндэсний баяр наадмыг хариуцдаг. Яаж зохион байгуулах вэ, төлөөлөгчдийн оролцоог яаж төлөвлөх вэ, иргэдээ ая тухтай сайхан наадаж цэнгэх ажлыг үндсэндээ хороо маань хариуцдаг. Үндэсний баяр наадмын түүхэн уламжлалын талаар манай хорооны гишүүд чиглэл чиглэлээрээ иргэддээ хэвлэл мэдээллээр дамжуулан мэдээлэл хүргэсэн. Мөн таван байгууллагын хүрээнд шилжин явах цомыг аялуулсан. Хамгийн сүүлд л гэхэд “Их Монгол” цогцолбор дээр аймаг бүрийн онцлогийг харуулсан өдөрлөг зохион байгуулж байна.

-Та бүхэн аймаг, сумын хөрөнгө оруулалтаар хийж байгаа ажилтай танилцсан. Ажлын хувьд ямар ололт байна, дутагдалтай тал юу байна вэ?

-Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны зүгээс аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөд тухайн багт хөрөнгө оруулалтын чиглэлээр ямар ажил хийгдэж байгаа тухай мэдээллээр хангаж ажилласан. Хөрөнгө, санхүү талаас нь эхлээд ажлын гүйцэтгэл, явцын талаарх мэдээллийг нэлээн сайн хүргэсэн. Төлөөлөгчидтэйгээ хамтраад ажлын явцтай танилцсан. Хөрөнгө оруулалтын ажлыг хянаж байгаа захиалагчийн хяналттай ч төлөөлөгчид танилцсан. Мөн дээр нь багийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн оролцоог сайжруулах чиглэлээр ажилласан. Жишээ нь, тухайн ажлыг хүлээж авах улсын комисст багаас, СӨХ-ноос нь төлөөлөл оруулсан. Даэврийн засварын ажлыг хүлээн авахдаа таван давхарт амьдардаг иргэний төлөөллийг комисст оруулдаг боллоо. Хорооны гишүүд хуваарийн дагуу хөрөнгө оруулалтын ажилтай танилцаж байгаа. Зурагт нь өөрчлөлт орох, төслөө бага үнээр тооцсон ч зах зээлийн үнэ нь өөр байх зэрэг нийтлэг зөрчил гарч байсан. Үүнийг нь хяналтын байгууллагад нь уламжлаад явдаг болсон. Хяналтыг шат шатандаа тавьж байгаа учраас хөрөнгө оруулалтын ажлын чанар харьцангуй гайгүй байгаа.

-Наран багийн иргэдийн төлөлөл болох Б.Мөнхдалай төлөөлөгчийн хувьд тойрогтоо хамгийн сүүлд хэзээ очсон бэ. Тойрогтоо ямар ажил хийж амжуулж байна?

-Хамгийн сүүлд дөрөв хоногийн өмнө, цасны үеэр тойрогтоо очиж ажилласан. Багийнхаа гурван газарт тоглоомын газар байгуулсан. Сагсны шийд, волейболын талбай бүхий газар. 74 дүгээр гудамжны голд, 68 дугаар гудамжны эцэс, 53 дугаар гудамжны дунд хийсэн. 9х15 хэмжээтэй газрыг тэгшилж байгаад цемент цутгаж хийсэн л дээ. Сагсны хувьд л гэхэд “Гурвын эсрэг гурав” тэмцээний талбай гэсэн үг. Манай тойргийн хувьд залуучууд ихтэй учраас эхний ээлжинд тэднийхээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх үүднээс энэ ажлыг хийсэн. Манай багийн 65-аас хойш гудамжны хувьд нийгмийн үйлчилгээ хангалтгүй гэдэг онцлог бий. Эмийн сан, халуун ус байхгүй, хүнсний дэлгүүр хоёрхон байдаг. Иймээс сумынхаа хурлын төлөөлгчтэй хамтраад дээрх ажлыг хийж байна. Ирэх жил зарим газарт худаг гаргах зэргээр цөөнгүй ажил төлөвлөж байна.

 

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Х.Баттулга 3.4 тэрбум, М.Энхболд 3.6 тэрбум, С.Ганбаатарт 2.8 тэрбум төгрөгийн хандив цуглуулжээ
  • ОРХОН АЙМГИЙН 2017 ОНЫ III УЛИРЛЫН БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАЛТЫН ТАЙЛАН
  • Нэгдүгээр ангийн хүүхдээс Е баримт “нэхжээ”
  • Манай аймгаас 23 хүн Их хурлын төлөөлөгчөөр сонгогджээ
  • Манай аймгаас 23 хүн Их хурлын төлөөлөгчөөр сонгогджээ
  • Орхон аймагт чихрийн шижин өвчний хяналтанд 705 хүн байдаг
  • Сум хөгжүүлэх сангийн зээлийн хүсэлтийг хүлээн авч дуусчээ
  • Нийтийн тээврийнхэнд зөвлөгөө, мэдээлэл өгчээ
  • Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байна
  • Иргэдийн хурлынхан “Шилэн дансны хууль”-ийн хэрэгжилттэй танилцана
  • IX хуралдаан ирэх сарын 1-нд болно
  • Маргааш бүх нийтээр цас цэвэрлэнэ
  • Үндсэн чиглэлийн биелэлт 89.1 хувьтай гарчээ
  • Ихэнх нутгаар цасан шуурга шуурч,хүйтний эрч чангарна
  • 2017 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ШАЛГАРСАН БОЛОН ШАЛГАРААГҮЙ ТЕНДЕРИЙН ҮР ДҮН 11 САРЫН БАЙДЛААР /2017-11-08/
  • ОРХОН АЙМГИЙН 2017 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
  • СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА
  • Сонгуулийн зардлыг М.Батчимэг, Д.Батмөнх нараас гаргуулъя
  • “Үндсэн гэрээ”-г үгүй хийгчид хэн бэ
  • 11 ДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
  • “Нутгийн удирдлагын өнөөгийн байдал цаашдын чиг хандлага” зөвлөгөөн болов
  • Бугатын модны зах ажиллаж эхэллээ
  • А.Түвшинжаргал: Энэ замыг бүр хаачихвал яасан юм бэ
  • Баян-Өндөр сум хүүхдүүдийг ялгаварлан гадуурхаж эхэллээ
  • П.Пүрэвлхагва: Сонгуулийн ерөнхий хороог Шүүхэд өгсөн
  • “Зэс эрдэнийн хувь” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар
  • Шинэ цагийн “Гул Аранжин”-гийн сураг нь ч гарсангүй
  • Д.Бүүвэйбаатар: “Эрдэнэт үйлдвэр” хүүхдүүдэд нөхөн төлбөр өгөх ёстой
  • Тэргүүлэгчдийн шийдвэр хог дээр хаягдаж, дарга нарын өдөр нэгээр нэмэгдлээ
  • Эрдэнэт үйлдвэрийн хамгийн үнэт баялаг бол ажиллагсад