Нийтлэгдсэн: Mon, Oct 16th, 2017

И.Баасанжав: Эрдэнэтэд Засаглалын хямрал бодитойгоор бий боллоо

Baasanjaw2-16

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч тэргүүлэгч, Эрх зүй, нутгийн удирдлагын хорооны гишүүн И.Баасанжавтай ярилцлаа.

-Танай хорооны чиг үүргийн хүрээнд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн болон Засаг захиргааны анхан шатны нэгж тэдгээрийн хилийн цэсийн асуудал багтдаг. 2012-2016 онд аймгийг удирдаж байсан АН-ынхан засаг захиргааны анхан шатны нэгж Малчин багийг тодорхой шалтгаанаар Баян-Өндөр сумаас Жаргалант руу шилжүүлсэн. Удалгүй татан буулгасан. Өнөөгийн эрх баригчид Малчин багийг дахин байгуулах тухай ярьж байна. Нэг нь татан буулгаад нөгөө нь эргэж байгуулаад. “Тоглоомын засаг” уу аль эсвэл өөр шалтгаан байна уу. Баян-Өндөр сумын даргаар ажиллаж байсны хувьд таны байр суурийг сонирхоё?

Малчид айдастай амьдарч байна

-Малчин багийн тухай ярихаас өмнө хоёр зүйлийг тодруулах хэрэгтэй гэж бодож байна. Өнөөдөр улс орон даяар Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярьж байна. Ард иргэдийн саналыг авч түүнийгээ Үндсэн хуульд тусгах талаар ярьж, бичиж байгаа. МАН-ын хувьд хэт олонхи буюу дангаараа эрх барьж байхдаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа нь учир дутагдалтай гэж бодож байна, нэгдүгээрт. Хоёрдугаарт, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль болон Үндсэн хуулийн хүрээнд хамгийн их хэлмэгдэж, зовж байгаа газар бол манай аймаг. Орхон аймгийн хувьд амьдралынх нь хэв маяг, тогтоц нь хотын хэв шинжийг бүрэн дүүрэн агуулдаг. Үүнээс улбаатай Орхон аймаг, Эрдэнэт хотод хууль эрх зүйн хүрээнд зөрчигдсөн олон юм бий. Төсвөө өөрсдөө бүрдүүлдэг, газар нутгийнх нь 50 гаруй хувь нь хотжиж, барилгажсан. Дэд бүтэц өндөр хөгжсөн, хөгжлийн индексээр бусад 20 аймгаа тэргүүлдэг зэрэг онцлогтой. Өнөөдөр Баян-Өндөр сум 100 мянган хүн амтай. Гэтэл төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэх тал дээрээ сумын ЗДТГ бусдаас илүү орон тоо байхгүй. 2000 хүнтэй суманд ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдын тоотой бараг адилхан байх жишээтэй.  Үнэхээр учир дутагдалтай тал бий. Нийт хүн амынх нь 60-70 хувь нь гэр хороололд амьдарч байхад суманд хоёрхон газрын даамал ажилладаг. Ийм гажуудлууд бодитой байгаа нь сум орны хөгжилд бэрхшээл, саад учруулж байна.

AN-baaska copy

-Үүнийг засахын тулд Үндсэн хуульдаа гар хүрэх гээд байгаа юм биш үү?

-Үүнийг засахын тулд Үндсэн хууль, Нэгжийн тухай хуульд дорвитой өөрчлөлт оруулах ёстой гэдэг нь зөв. Ганцхан Эрдэнэт хот гэлтгүй бүх аймаг төсвөө өөрөө бүрдүүлдэг байх хэрэгтэй. Түүнийгээ өөрсдөө захиран зарцуулдаг байх ёстой. Нийтээрээ ийм зам руу орохгүй бол хуучин хэлбэрээр яваад байвал урагшаа ахихгүй. Эрдэнэтийн иргэдийн баялаг болох “Эрдэнэт үйлдвэр”-ийн үр ашгийг эрдэнэтчүүд илүүтэй хүртэх ёстой. Малчин багийн хувьд өөрийн гэсэн онцлогтой. Баян-Өндөр сум, малчдаа дэмжих ёстой юу гэвэл бүгд тийм гэж хэлнэ. Би ч дэмжиж гараа өргөнө. Харин яаж, хэрхэн дэмжих вэ гэхлээр бидэнд хөрс, суурь нь алга байна. Өнөөдөр Малчин багийн эзэн болсон малчдад газар байхгүй, өвөлжөө хаваржаа байхгүй. Хадлан тэжээл бэлтгэх талбай ч үгүй. Айлын дагавар хүүхэд шиг л байгаа. Би Засаг дарга байхад хөдөөгүүр явна, малчдаараа орно. Сумын Засаг дарга маань ирлээ гээд сүйд болно. Өөрийнх нь амьдарч байгаа Бугат, Орхоны дарга нар, Тамгын газраас явна гээд хүн ирвэл гэрийн эзэн маань гэртээ ч орж чадахгүй зугатдаг гэж ярьж байсан. Малчид айдастай амьдардаг гэсэн үг л дээ.

-Үүнийг тэгээд яах ёстой, хэрхэн зохицуулах ёстой вэ?

-Төр өөрөө л зохицуулах ёстой. Түүнээс биш ямар нэг улс төрийн намын шийдвэр, тэдний саналаар шийдэх асуудал биш. Ийм байр сууринаас бид тухайн үедээ Малчин багийг шилжүүлэх, татан буулгах шийдвэр гаргаж байсан. Өнөөдөр малчид маань газар нутгийн хувьд харьяалагддаг сумынхаа нутаг дэвсгэрт амьдарч байгаа. Ингэснээр малчдын хувьд болохоо байчихсан асуудал үүсээгүй. Малчин багийг дахин байгуулах тухай эрх баригчдын мөрийн хөтөлбөр, Үндсэн чиглэлд нь орсон. Хувь хүнийхээ тал дээр би эрх баригчдын эсрэг саналтай байгаа.

-Өнөөгийн нөхцөл байдалд ойртуулъя. Зуны улиралд манай хотын төвд хүн, машин, мал гурав зэрэгцээд хөлхөлдөж байна. Эрх баригчдын хувьд зарим талаар үүний буруутан бол Малчин багийг татан буулгасан та бүхнийг гэж хэлж байхыг сонссон. Баггүй болсон малчид хотын төвд малаа бэлчээхээс өөр арга байхгүй ч гэж дуугарч байна?

v3

-Яалаа гэж дээ, энэ бол буруу үндэслэл. Намайг Баян-Өндөр сумын Засаг дарга болсны дараахан хотын төвөөр мал, нохой дүүрэн л байсан. Үүнийг шийдэх гарц нь зохион байгуулалт, нөгөө талдаа иргэдийн өмнө үүрэг хүлээх төр, төрийн албан хаагчийн хариуцлагатай холбох хэрэгтэй. Түүнээс биш Малчин багийг татан буулгангуут мал нь хотын төвөөр бэлчдэг ёс гэж хаана байх вэ дээ. Баян-Өндөр сумын хувьд Хот тохижуулах газартай хамтраад байнгын нэг хүн ажиллуулж, хотын төвийн малын асуудлыг шийдэж болж байсан. Мөн бүх багийн ажлын албадууд, ахлагч нарт үүрэг чиглэл өгөөд шийдэж байсан. Хотын төвөөр бэлчсэн малыг хөөн зайлуулахад, оруулахгүй байхад бэрхшээлтэй зүйл алга. Гагцхүү ажлын төлөө гэсэн сэтгэл байхад хангалттай. Хүн бүхэн ажилдаа эзэн байж чадвал саад бэрхшээлийг давах боломж бий. Дээр нь өөр хоорондын мэдээлэл солилцох асуудал маш чухал. Бидний үед иргэд 7035-3511 төв руу утас цохиход л бид асуудлыг шийдэж байсан. Малын эзэнтэй хариуцлага тооцож чадаж байлаа. Одоо бүр дэндээд байна. Аймгийн Захиргаа, нутгийн удирдлагын ордны гадна мал бэлчиж байна. Энэ байдал Малчин баг байсан, үгүйтэй огт хамааралгүй асуудал. Малчин багийн асуудал бол мал бүхий малчин өрхийн иргэдийн өөрийнх нь Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлж чаддаггүйд л хамгийн гол нь оршиж байгаа юм. Эрхээ эдэлж чаддаггүй болохоор эхнэр нөхөр хоёр өөр өөр газарт бүртгэлтэй байдаг. Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо Орхон аймагт ихэсдэг. Өрх толгойлсон эрчүүдийн тоо Булган аймагт жил бүр нэмэгддэг. Хүүхдийнхээ ирээдүй, хөгжлийн төлөө малчин өрхүүд цаасан дээр гэр бүл салсан байдаг. Ингэж Малчин багийн иргэдийн наад захын суурь эрх зөрчигддөг. Үүнийг эхний ээлжинд төр зохицуулах ёстой. Улс төрийн нам гэдэг бол төр, иргэн хоёрын дунд гүүр болдог үүрэгтэй болохоос төрийн толгойд гарч ирээд намын үзэл бодлоор малчны асуудлыг шийдэхгүй. Энэ бол жинхэнэ гажуудал. Эрх барьж буй МАН үзэл баримтлал, үнэт зүйлээ тодорхойлж түүнээс улбаалан намынхаа шинэчлэлийг хийхгүй бол болохгүй. Эрдэнэтэд Засаглалын хямрал бодитойгоор бий боллоо. Баян-Өндөр суманд ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдын 80 гаруй хувийг эрх баригчид улс төрийн шалтгаанаар сольж, хольсон.

%d0%b1%d0%b0%d1%8f%d0%bd%d3%a9%d0%bd%d0%b4%d3%a9%d1%80-%d1%81%d1%83%d0%bc-%d0%be%d1%80%d1%85%d0%be%d0%bd

Дан ганц сумын ЗДТГ-т гэлтгүй төрийн байгууллагуудад, Нийгмийн даатгал, халамжийн газарт ч хууль бус халаа сэлгээ хийж байна. Өмнөх дөрвөн жилд ажлаа хийж байсан хүмүүсийг яахаараа сольдог юм бэ. Бүр сүүлдээ ажлаас халаад зогсохгүй зарим тохиолдолд төрийн албан хаагчийг иргэдээ гэсэн сэтгэлтэй ажилласных нь төлөө яллаж байна. Төрийн ажлыг улс төр биш хүн авч явдаг шүү дээ. Төрийн үйлчилгээний албаны хувьд халаа сэлгээ бүр утгаа алдсан. Төрийн жинхэнэ албан хаагчдыг халж, солих нь дэндлээ. Хуулиар хамгаалагдсан төрийн жинхэнэ албан хаагчид яагаад өөр нам гарч ирэхлээр халагдаж, солигддог юм бэ. Төрийн залгамж халаа хаана явна вэ. Тэдний оронд тавигдсан хүмүүс нь мэргэжлийн бус, төрийн албаны зохих хууль, дүрэм журмыг хангаагүй, төрийн албаны шалгалт өгөөгүй, төрийн албаны чиглэлээр ажиллаж байгаагүй хүмүүсийг тавьж байна. Аливаа юм зүй тогтлоороо байх ёстой. Байшин барихад эхлээд хундаамыг нь тавих ёстой. Гэтэл өнөөдөр нөхцөл байдал огт өөр. Эрх баригчид байшин барихын тулд эхлээд дээврээ хийж байна. Зүй тогтол нь буруу учраас хямрал гарч байна. Төрийн ажилд МАН-ын хүн байвал хэн ч байсан хамаагүй гэж хандаж байна, ингэж болохгүй.

Татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгэхийг зөвшөөрөхгүй

-Та Баян-Өндөр сумын Засаг даргаар дөрвөн жил ажилласан. Энэ сумын хувьд төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх хүртээмжийн тал дээр асуудалтай. Баян-Өндөр сум 100 мянган хүн амтай. Дахин сум байгуулах гэхлээр УИХ шийднэ. Баг байгуулах асуудлыг аймаг, орон нутаг шийднэ, хуульд заасны дагуу. Хот болно гэхлээр мөддөө шийдэгдэж чадахгүй хүлээлтийн байдалтай суудаг. Хэдий болтол ингэж суух юм бол, таны бодлоор?

– Аль ч улс төрийн намын хувьд сонгуулийн үеэрх жижүүрийн үг нь “Орхон аймгийг улсын чанартай хот болгоно” гэдэг амлалт. Иргэдийн дунд энэ талаар санал асуулга явуулахад маш өндөр хувь эзэлдэг сэдэв нь хот болох тухай асуудал. Иргэдийн 70 гаруй хувь нь хот болохыг дэмждэг. Миний хувьд Орхон аймгаа улсын чанартай хот болно гэдэгт итгэдэг. Бид өнгөрсөн дөрвөн жил аймаг маань хот болвол Баян-Өндөр сум яаж хөгжих вэ гэдгийг судалсан, хэтийн төлөвийг нь тодорхойлох чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийсэн. Нутаг дэвсгэрийн байрлал, төрийн үйлчилгээ нь яах вэ гэдэг талаар судалсан. Хот болонгуут бүх хаяг нэршил, албан бланк, тамга тэмдэг, иргэдийн хаягийн өөрчлөлт гээд бүх зүйл өөрчлөгдөнө. Цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардсан ажил. Гэхдээ бид үүнийг хийх ёстой. Бодлогын хувьд шинэчлэлийн ажлаа одооноос хийх зайлшгүй шаардлага бий. Энэ талын ажлыг өнгөрсөн дөрвөн жилд бид боломжийн хэмжээгээр хийсэн гэж боддог. Миний хувьд хотын төв зам, Энхтайвны гудамжны хар замын өмнө хойно гэдгээр нь хотоо хоёр дүүрэгт хувааж болно гэж хардаг. Эдийн засаг, үйлдвэржилт, хүн амын суурьшил, сургууль цэцэрлэг гээд бүх талаасаа ингэж хуваах нь илүү зохимжтой гэж үздэг. Нэг ёсондоо Энхтайвны гудамжны хэвтээ тэнхлэгээр хотоо хоёр дүүрэг болгоно гэсэн үг. Вокзалаас эхлээд гэр хорооллын эцэс хүртэлх хар замын өмнө хойд талаар нь хоёр дүүрэг болгоно. Энд гэр хороолол нь, тэр орон сууцны байрууд нь ч тэнцвэртэй багтаж байгаа. Хот маань дүүрэг, хороодод хуваагдаад хөгжлийн төлөвөө тодорхойлж чадвал манай Эрдэнэт илүү хөгжих боломжтой. Үүнийхээ дараа бид малчдаа яах вэ гэдэг асуудлаа хууль эрх зүйн хүрээнд шийдэх боломж гарна. Малчны хороолол байгуулах уу, мал бүхий иргэдийг ямар зохион байгуулалтад оруулах вэ гэдгээ иргэдтэйгээ хамтраад шидэх боломж бий гэж хувьдаа итгэдэг. Өөрөөр хэлбэл, эхлээд хотын асуудлаа шийднэ, дараа нь мал, малчдынхаа талаар ярих боломж бүрдэнэ. Өнөөдрийн хувьд бидэнд мал, малчны асуудлаа шийдэх газаргүй, боломжгүй байж худлаа ярих шаардлага байхгүй. Үнэн, бодит нөхцөлтэйгээ эвлэрэх ёстой.

-Аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн хувьд тойрогтоо хамгийн сүүлд хэзээ очсон бэ. Сонгогч, иргэд ямар асуудал тавьж байна?

-Тойргийн сонгогчидтойгоо уулзаж байгаа. Манай багийн иргэдийн хувьд аймаг, орон нутагт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын тал дээр санал бодлоо хэлж, ярьж байна. Хөрөнгө оруулалтын ажил сүүлийн хоёр жил өмнөхийн хэмжээнд хийсэн. Гэхдээ чанарын хувьд үнэхээр учир дутагдалтай гэдгийг иргэд хэлдэг боллоо. Мөн аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид маань ч хэлж байна. Ажил санаачилдаг хэрнээ хөрсөн дээр буухлаар өөр болдог, дүр зураг нь өөрчлөгдлөө гэж шүүмжилдэг боллоо. Аймаг, сумын хөрөнгө оруулалтын ажил чухам ямар замаар, хаашаа яваад байна гэдэгт эргэлзэх боллоо. Зарим нэг компани ганцхан жилийн дотор 5-6 ажил авчихаад хувь хүмүүсээр ажлаа хийлгэсэн байх жишээтэй. Гэтэл ганцхан ажил авсан компани дундын санхүүжилтээ авсан атлаа ганц ч хадаас хадаагүй дүр зураг байна, манай аймагт. Аль эрт, зургаадугаар сард тендэрт ялсан атлаа одоо болтол ажлаа эхлээгүй газар ч байна. Ганц хүрз шороо хаяагүй ажлууд ч мэр сэр байна. Нөгөө талдаа зарим нэг компанийн хувьд ажлаа хийж гүйцэтгэж байгаа ч ажилчдынхаа цалин хөлсийг өгдөггүй, хохироодог тал байна. Ажлынхаа хөлс, мөнгийг авч чадахгүй байна, үүнийг шийдэж өгөөч гэж ханддаг болжээ. Аймаг, сумын зүгээс орон нутгийн компани, аж ахуйн нэгжээ дэмжих ёстой гэдэгтэй би санал нэгддэг. Гэхдээ хийх ажлын чанар иргэдийн хувьд хамгийн чухал. Татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгэхийг аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч ч бүү хэл жирийн иргэн ч зөвшөөрөхгүй. Хийж байгаа ажлын чанар дээр тавих хяналт өнөөгийн эрх баригчдын хувьд маш муу байна. Мөн төрийн хяналтын байгууллагууд муу ажиллаж байна гэж хэлэх нь зөв болов уу. Хоёрдугаарт, тойргийн иргэдийн хувьд тэр дундаа Эрдэнэт хотын хөгжил, дэвшлийн төлөө залуу халуун насаа зориулсан ахмадууд маань бидэнд хандаж байгаа. Тэдний хөдөлмөрийн талбарт байгуулсан гавьяаг үнэлэх тал дээр орхигдсон тал байна. Тэднийхээ санал хүсэлтийн дагуу ажиллаж байгаа. Ахмадуудынхаа хөдөлмөрийг зөв үнэлэх, тэднийг алдаршуулах тал дээр бид МАН, АН гэж намын байр сууринаас хандах хэрэггүй гэж хэлэх ёстой. “Зууны манлай Эрдэнэт хот”-ыг бүтээн байгуулсан ахмадууддаа намчирхсан байр сууринаас хандаж болохгүй. Тун удахгүй манай улсын хэмжээнд Нутгийн удирдах байгууллага үүсч хөгжсөний 25 жилийн ой болох гэж байна. Энэ байгууллага ямар байх ёстой вэ, цаашид юу хийх вэ, чиг хандлага нь ямар зүгт байна вэ, тулгамдаж буй асуудал нь юу вэ гээд асуудал бол бий. Энэ бүхнийг бид ярилцах ёстой гэж боддог.

 

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Х.Баттулга 3.4 тэрбум, М.Энхболд 3.6 тэрбум, С.Ганбаатарт 2.8 тэрбум төгрөгийн хандив цуглуулжээ
  • ОРХОН АЙМГИЙН 2017 ОНЫ III УЛИРЛЫН БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАЛТЫН ТАЙЛАН
  • Нэгдүгээр ангийн хүүхдээс Е баримт “нэхжээ”
  • Манай аймгаас 23 хүн Их хурлын төлөөлөгчөөр сонгогджээ
  • Манай аймгаас 23 хүн Их хурлын төлөөлөгчөөр сонгогджээ
  • Орхон аймагт чихрийн шижин өвчний хяналтанд 705 хүн байдаг
  • Сум хөгжүүлэх сангийн зээлийн хүсэлтийг хүлээн авч дуусчээ
  • Нийтийн тээврийнхэнд зөвлөгөө, мэдээлэл өгчээ
  • Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байна
  • Иргэдийн хурлынхан “Шилэн дансны хууль”-ийн хэрэгжилттэй танилцана
  • IX хуралдаан ирэх сарын 1-нд болно
  • Маргааш бүх нийтээр цас цэвэрлэнэ
  • Үндсэн чиглэлийн биелэлт 89.1 хувьтай гарчээ
  • Ихэнх нутгаар цасан шуурга шуурч,хүйтний эрч чангарна
  • 2017 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ШАЛГАРСАН БОЛОН ШАЛГАРААГҮЙ ТЕНДЕРИЙН ҮР ДҮН 11 САРЫН БАЙДЛААР /2017-11-08/
  • ОРХОН АЙМГИЙН 2017 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
  • СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА
  • Сонгуулийн зардлыг М.Батчимэг, Д.Батмөнх нараас гаргуулъя
  • “Үндсэн гэрээ”-г үгүй хийгчид хэн бэ
  • 11 ДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
  • “Нутгийн удирдлагын өнөөгийн байдал цаашдын чиг хандлага” зөвлөгөөн болов
  • Бугатын модны зах ажиллаж эхэллээ
  • А.Түвшинжаргал: Энэ замыг бүр хаачихвал яасан юм бэ
  • Баян-Өндөр сум хүүхдүүдийг ялгаварлан гадуурхаж эхэллээ
  • П.Пүрэвлхагва: Сонгуулийн ерөнхий хороог Шүүхэд өгсөн
  • “Зэс эрдэнийн хувь” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар
  • Шинэ цагийн “Гул Аранжин”-гийн сураг нь ч гарсангүй
  • Д.Бүүвэйбаатар: “Эрдэнэт үйлдвэр” хүүхдүүдэд нөхөн төлбөр өгөх ёстой
  • Тэргүүлэгчдийн шийдвэр хог дээр хаягдаж, дарга нарын өдөр нэгээр нэмэгдлээ
  • Эрдэнэт үйлдвэрийн хамгийн үнэт баялаг бол ажиллагсад