Нийтлэгдсэн: Tue, Dec 5th, 2017

А.Түвшинжаргал: Цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд залуусын хороолол байгуулна

TUVSHEE Darga-2 copy

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан дээр Засаг дарга Д.Батлут ирэх 2018 оны хавраас БНСУ-ын Шихэн хотын хөрөнгө оруулалтаар залуу гэр бүлийг дэмжсэн, зорилтот бүлэгт зориулсан орон сууцны хороолол байгуулах тухай мэдээлсэн. Бид энэ талаарх мэдээллийг өмнө нь хүргэж байсан билээ. Манай сайтын уншигчдын зүгээс Шихэн хотын хөрөнгө оруулалтаар баригдах залууст зориулсан хорооллын тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг албаны хүнээс тодруулж өгөхийг хүссэн юм. Үүний дагуу аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргалаас Шихэн хотын хөрөнгө оруулалтаар баригдах залуусын орон сууцны талаар тодрууллаа.
-Шихэн хотын хөрөнгө оруулалтаар Эрдэнэт хотод залуу гэр бүлийг дэмжсэн, залууст зориулсан хороолол барихаар болсон тухай Засаг дарга Д.Батлут мэдээлэл хийсэн. Энэ хороолол хаана баригдах вэ. Шихэн хотын талтай хийж байгаа хэлэлцээр ямар шатандаа яваа талаар яриагаа эхлэх үү?
-Монгол Улсын Засгийн газар, Орхон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу орон сууцжуулах бодлогыг зайлшгүй баримтлах шаардлага байгаа юм. Үүнийгээ ч аймгийн Засаг даргын хувьд Үндсэн чиглэл болон Үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан. Орон сууцжуулах ажилд оролцохоор олон орны хөрөнгө оруулагчид бидэнд хандсан. Аймгийн зүгээс тэдний хүсэлтийг Монгол Улсын хууль дүрмийн хүрээнд хэр нийцэж байгаа, тухайн хөрөнгө оруулагчийн хөрөнгийн баталгаа, эдийн засгийн чадвар зэргийг олон талаас нь судалсан. Мөн аймгийн зүгээс тавьж байгаа шалгуур үзүүлэлтийг хэр хангах чадвартай вэ гээд олон талаас нь хянасан. Бүр энэ чиглэлээр Ажлын хэсэг гарч саналаа ирүүлсэн газруудын төлөөлөлтэй уулзалт, ярилцлага хүртэл хийсэн. Зарим нэгтэй нь 2-3 удаа уулзаж, газар дээр нь очиж нөхцөл байдалтай нь уялдуулж ярилцсан. Манай хотын гуравдугаар микрт байдаг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ойр орчимд залуусын хорооллын газрын асуудлыг товлож шийдээд байгаа. Санал ирүүлсэн газруудаас судалж үзээд БНСУ-ын Шихэн хотынхныг сонгосон. Өнөөдрийн байдлаар газрын захирамж нь гараад байгаа.
-Хөрөнгө оруулагчдын хувьд энэ хооронд ямар ажил бүтээж байгаа вэ?
-Шихэн хотын нөхдүүд хамгийн сүүлчийн байдлаар зураг төслөө хийгээд дууссан байна. Тэдний гаргасан зураг төслөөр бол нэг орцондоо 16 айл бүхий дөрвөн давхар байр баригдана. Метр квадратын хувьд хамгийн дээд тал нь 60 м кв-аас илүү гарахгүй байхаар зураг нь гарсан. Аймаг, орон нутгийнхны хувьд дундаж орлоготой иргэдээ, залуус, залуу гэр бүлээ дэмжих бодлогын хүрээнд чиглэсэн учраас зураг төсөв нь ингэж гарсан. Өнгөрсөн жилийн мөн өдийд бид анхны яриа хэлэлцээгээ эхлүүлж байлаа. Тэр үед аймгийн Засаг даргын зүгээс Шихэн хотынхонд тавьсан санал бол байрны нэг метр квадратын үнэ 1 сая 100 мянган төгрөгнөөс илүү гаргахгүй байх санал, шаардлага тавьж байсан. Талууд ч энэ санал дээр харилцан ярилцаж ойлголцсон байгаа. Өнөөдөр та бүхэн ч мэдэж байгаа барилгын материалын үнэ өнгөрсөн жилийн мөн үеийнхээс өссөн. Гэхдээ аймгийн Засаг даргын хувьд 1 сая 100 мянган төгрөг гэдэг байр суурин дээрээ хатуу зогсож байгаа. Ямар ч байсан манай аймгийн зүгээс гэрээ байгуулахдаа метр квадратын үнийг нь 1.1 сая төгрөг байлгахаар төлөвлөөд ажиллаж байна.

TUBSHEE darga-1

-Барилгын ажил хэзээ эхлэх вэ?
-Барилгын ажил дөрөвдүгээр сараас эхэлнэ. Аймгийн ЗДТГ нь захиалагчийнхаа хувьд хяналтаа тавина. Барилга барих бүхий л асуудалд оролцоод хяналтаа тавиад явна. Хотын захирагчийн ажлын алба, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрынхан зураг төсвийн дагуу явагдаж буй эсэхэд төрийн нэрийн өмнөөс хуулийн дагуу хүлээсэн үүргээрээ хяналт тавина.
-Цэнгэлдэх хүрээлэн орчимд ганцхан залууст зориулсан барилга барихаар төлөвлөөгүй байх?
-“Эрдэнэт” цэнгэлдэх хүрээлэн орчмын төлөвлөлтийг гаргах зорилгоор тодорхой хэмжээнд тендэр зарласан. Үүний дагуу Эрдэнэтийн компани Цэнгэлдэх хүрээлэн орчмын газрын төлөвлөлтийг хийж байгаа. Шихэн хотын хөрөнгөөр баригдах залууст зориулсан хороолол энэ төлөвлөлттэй уялдана.
-Аймгийн зүгээс газрын асуудлыг нь шийдээд өгчээ. Бидний өмнөх туршлагаас харвал “Баян-Өндөр эко хороолол”, “Евро эко” хороолол гээд томоохон бүтээн байгуулалт хийгдлээ. Энэ бүхэнд нэг талаас барилга барьж иргэдийг орон сууцжуулж байгаа нь сайн талтай. Нөгөөтэйгүүр тэр хорооллын нийгмийн асуудал болох цэцэрлэг, сургууль нь орхигддог. Зарим иргэдийн хувьд шинэ байранд орсноосоо эс юм болдог нь нууц биш. Дээрх хоёр газарт сургууль бүү хэл цэцэрлэг ч баригдаагүй. Шихэн хотынхон орон сууцны хороолол барихдаа нийгмийн асуудлыг нь хэрхэн шийдэх вэ?
-Цэнгэлдэх хүрээлэнгийн ойр орчмын төлөвлөлт дотор сургууль, цэцэрлэг нь багтаж байгаа. Төлөвлөлтөөр бол тэнд 2000 орчим айл өрх бүхий орон сууцны хороолол үүсэхээр тооцсон. Энэ хүрээндээ цэцэрлэг, сургуулиар тогтохгүй нийгмийн салбарын объектын зургийг ч багтааж байна. Өнөөдрийн байдлаар Шихэн хотынхонтой нийгмийн хариуцлагын хүрээнд цэцэрлэг байх ёстой гэсэн асуудлыг ярьж байна. “Баян-Өндөр эко хороолол”, “Их хаадын цуваа” компанийн хувьд эхнээсээ буруу явсан. Тухайлбал, Монгол Улсын стандартад байхгүй 680 хүүхдийн цэцэрлэг байгуулахаар оруулж ирсэн. Чехийн хөрөнгө оруулагчид “Их хаадын цуваа”-гийнхан гэрээний үүргээ маш их зөрчиж байгаа. Аймгаас С.Батжаргал орлогчоор ахлуулсан Ажлын хэсэг гарч дээрх нэр бүхий хоёр хороолол дээр ажиллаж байна. Бидний хувьд энэ компанитай нэлээн хатуухан ярихгүй бол сул газар дээр маань баахан барилга барьж түүнийгээ зах зээлд зарж орлого олохоос өөр ажил хийхгүй байгаа. Барилгынхаа дэд бүтэц, инженерийн шугам сүлжээг нь улсын хөрөнгөөр шийдүүлсэн атлаа нийгмийн хариуцлага ярихлаар хүлээж авдаггүй. Ерөөсөө барилга барьж зардаг ашгийн төлөө газар болсон. Энэ асуудал дээр бид онцгой анхаарч цаашид найр тавиад байхгүйгээр хуулийн хүрээнд асуудлыг шийднэ. “Баян-Өндөр эко” хорооллын хувьд та санаж байгаа байх, аймгийн ИТХ дээр төлөвлөлтийг нь батлахдаа хороолол дотор 140 хүүхдийн цэцэрлэг барихаар оруулсан. Хорооллын дотор цэцэрлэгтэй макет үзүүлээд байсан. Өнөөдөр бодит байдал дээр “Монгол дайван” компанийнхан цэцэрлэг барих нь бүү хэл барьж буй хорооллынхоо санхүүжилтийг хийх чадваргүй болсон. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээс барилгын бүх сууриудыг Төрийн банкинд 2-3 тэрбум төгрөгийн барьцаанд тавьсан байгаа. Эндээс харвал барилгын суурь энэ тэр бүү хэл уг хороолол “Монгол дайван” компанийн өмч хөрөнгө эсэх нь ч эргэлзээтэй болсон. Энэ хороолол дээр аймгийн ЗДТГ-аас Ажлын хэсэг гарч судалж байна.
-Ажлын хэсгийн дүгнэлт гарах цаг хугацаа нь болсон хэдий ч энэ талаар нийтэд мэдээлээгүй. Ажлын хэсэг шалгаж, ярьж байгаа гэхээс өөр тодорхой мэдээлэл хийхгүй л байна?
-Ажлын хэсгийн ажил удаашралтай байгааг хүлээн зөвшөөрнө. Аймгийн Засаг даргаас Ажлын хэсгүүдийг дүгнэлтээ танилцуулахыг үүрэг болгосон Тун удахгүй дүгнэлтээ гаргана. Нөгөө талаасаа цаг үе, нийгэм маань биднээс ажлаа түргэвчлэхийг шаардаж байна. Ямар ч байсан ойрын хугацаанд Монгол Улсын хууль дүрмэнд нийцүүлээд шийдвэрээ гаргаад төр төмөр нүүрээ харуулах бол харуулаад, дэмжихээр бол дэмсэн шиг дэмжих цаг болсон. Цаг өнгөрөх тусам хүлээлт үүсгэсэн балгас болсон хороолол л байна.
-Ямар ч сайхан нэртэй хороолол барьсан төрөөс, аймаг орон нутгаас дэд бүтцэд нь зориулж нэлээн хэдэн тэрбум төгрөг гаргадаг. Тэр их хэмжээний мөнгө бол татвар төлөгчдийн халааснаас гардаг. Эхлээд 200 айл бүхий хороолол байна гэснээ өнөөдөр 167 байшин бүхий хороололд аймаг орон нутгаас 3-4 тэрбум төгрөгийн зардал гаргасан, зөвхөн дэд бүтцэд нь зориулж. Уг нь энэ 4 тэрбумаар нэг сургууль, 2-3 цэцэрлэг барьсан бол дээр. Шихэн хотын хөрөнгө оруулалтаар босох хороололд бас л дэд бүтцэд нь зориулж тэрбум тэрбумаар нь хөрөнгө гаргах уу, аймгийн зүгээс?
-Инженерийн шугам, сүлжээгүй газарт шууд барилга барина гэхэд үнэхээр хэцүү. Орон нутгийн зүгээс залуусын хороолол барих тэр газарт инженерийн шугам сүлжээг нь татаж өгнө. Аймаг, орон нутгийн зүгээс энэ ажилд үүрэг хүлээж оролцох зайлшгүй шаардлага байгаа. Цэнгэлдэх хүрээлэн орчимд цэвэр, бохир усны шугамаа яаж оруулах вэ гэдгээ судалж байгаа, ажлын бэлтгэл хангагдаж байна. Төрийн зүгээс тодорхой чиглэлд үүрэг хүлээж оролцохгүй бол иргэддээ амлаад байсан нэг метр квадратын үнэ болох 1.1 сая төгрөг чинь нэмэгдэх гээд байгаа. Цэнгэлдэх хүрээлэн орчмын газар дэд бүтцэд хамрагдахад хүндрэл багатай байх болов уу. Тэгээд ч Шихэн хотын хөрөнгө оруулалтаар хийгдэх энэ ажил маань олон улсын гэрээ, контрактын дагуу явах учраас бүх зүйлийг нарийн төлөвлөсөн. Хөрөнгө оруулагч тал байшин бариад орхих биш ашиглалтад орсоны дараа юуг нь хариуцах вэ, орон нутаг ямар үүрэг хүлээх вэ гэдгийг гэрээн дээр нарийн тусгаж байгаа.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Манай дарга нар нийтийг хамарсан аянд “Үгүй” гэж хэлсэн үү
  • Олон улсын бизнес форум орон нутгийнханд хаалттай болж байна
  • Олон улсад ”Эрдэнэт үйлдвэр”-ийн шүүхийн шийдвэрийн тухай шуурч байна
  • Орхон аймагт зуд нүүрлэснийг мэргэжлийн байгууллагаас тогтоожээ
  • Эрдэнэтчүүдийн “Эрдэнэт хотын өдөр”-ийн эргэн тойронд
  • Засаг даргын “Батламж” энэ өдрийн “Гэнэтийн бэлэг” болов
  • Ихрүүдэд Эрдэнэтчүүд хүндэтгэл үзүүлэв
  • Эрдэнэтчүүдийн өдөр тохиож байна
  • Хотын захирагчийн нэрэмжит цомын төлөөх барилдаан болов
  • 1975 оны эцсээр Эрдэнэт 15.7 мянган хүн амтай байжээ
  • МАНЗ-г 1974 оны наймдугаар сарын 30-нд байгуулжээ
  • “Эрдэнэт хотын өдөр”-ийн өмнө Эрдэнэтийн түүхээс тольдвол
  • Арав гаруй хүүхэд эцэг, эхээсээ төөрчээ
  • Хотын гудамжинд шөнө болдоггүй
  • “Шилэн данс”хөтөлдөггүй нэг ч төрийн байгууллага байхгүй
  • “Эрдэнэт хотын өдөр”-ийн Баярын хөтөлбөр
  • “Гурван бүдүүн”, “Сүнс” хамтлагийнхан оролцсон гала тоглолт болно
  • Цагдаагийнхан “Хайрла, хамгаал” үндэсний аянд нэгдлээ
  • “Эрдэнэт үйлдвэр” ТУЗ-гүй боллоо
  • Ардчиллын партизануудад хүндэтгэл үзүүлжээ
  • ИРГЭД МӨНГӨНДӨӨ, ОРОН НУТАГТАА ЭЗЭН БОЛМООР БАЙНА
  • А.Түвшинжаргал: Цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд залуусын хороолол байгуулна
  • Шуурхай дээр дарга нарт зориулсан бизнес аяллыг санал болгов
  • Зуд болоогүй, сарын дараа зуд болсон эсэхийг шийдэх гэнэ
  • П.Пүрэвлхагва: Бага ангийн багшийг сэлгэн ажиллуулахад тийм их хөрөнгө шаардахгүй
  • С.Ганцогт: Баян-Өндөрчүүдээсээ уучлалт гуйж байна, сум мөнгөгүй учраас ирэх зунаас хаалгаа барихаар боллоо
  • Р.Улаанхүү: Ирээдүйн Ерөнхийлөгч эндээс төрнө гэж итгэдэг
  • Аймгууд амжилтаасаа ухарч байгааг Форумынхан илчлэв
  • Залуу гэр бүлд зориулсан хороолол барина
  • Аймгийн удирдлагууд өөрсдөө хяналт тавьж байна