Нийтлэгдсэн: Thu, May 31st, 2018

Н.Үүрцайх: Би энд англи хэл сурахаас гадна амьдралд хэрэгтэй олон чадварыг сурсан

Vv-1

Англи хэлийг орчинд нь сурвал илүү давуу талтай гэдэг. Тэгвэл англи хэлийг Их Британи улсад сурч байгаа Н.Үүрцайхтай ярилцаж өөрийнх нь туршлагаас сонирхлоо. 

Сайн байна уу. Өөрийгөө манай уншигчдад дэлгэрэнгүй танилцуулаач?
– Сайн, Сайн байна уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Н.Үүрцайх гэдэг, одоо 25 настай. МУИС-ийг Эдийн засагч мэргэжлээр төгсөөд Улаанбаатар хотын банкинд хоёр жил ажиллан, өдгөө Их Британид суралцаж байна.

Английн ямар сургуульд суралцаж байгаа болон сургуулиа хэрхэн сонгож холбогдсон талаар яриагаа эхэлье.
– Би яг одоо Английн Лондон хотод хэлний бэлтгэлд суралцаж байна. Сургуулийн хувьд анх Их Британид суралцахаар судлаад фасэбүүкээр “АНГЛИД СУРАЛЦАЦГААЯ-АЧЕМ” гэсэн хуудсыг олж уншаад Англи руу оюутан, залуусыг хэлний бэлтгэлд суралцуулна гэсэн постын дагуу АЧЕМ байгууллагад хандан мэдээлэл авч байсан. Намайг зуучилж суралцуулсан байгууллага маань миний одоо суралцаж буй сургуультай албан ёсны гэрээтэй ажилладаг юм байна лээ. Тэгээд одоогийн суралцаж буй сургуулийн талаараа мэдээлэл аваад тэгээд ер нь сургуулийн урилга авах, элчинд виз мэдүүлэх гээд л бүх ажлыг маань энэхүү байгууллага маань хариуцаад зааж зөвлөөд энд ирсэн дээ.

Сургуулийн орчин болох багш нарынхаа заах арга барилын талаар сонирхуулаач?
– Сургууль маань маш их таалагдсан. Хэлний сургууль гэхээр хүмүүс монголын хэлний курс, сургалт шиг

ойлгодог. Гэтэл үгүй юм, тийм биш. Сургалт, олон улсаас элсэлт авдаг сургууль хоёр хоорондоо ялгаатай байдаг. Сурагч, багш нараас нь авахуулаад бүх юм нь цэгцтэй. Мөн Азиуд, Европууд, Латин америкууд гээд л маш олон орны, олон оюутан байдаг. Багш нарын хувьд маш нээлттэй чөлөөтэй, яг л найз шиг минь байдаг ба хичээлээ маш хөгжилтэй бөгөөд сонирхолтой байдлаар заадаг ч багш нар байна. Эсвэл “Чи энэ өрөөнд хоёр минут ч хоцорч орж ирж болохгүй, хоцорсон л бол битгий орж ирээрэй” гэдэг багш нар ч байна. Нэг үгийг тайлбарлахдаа өөрөө бараг л бүх биеэрээ хувирч үзүүлээд тэр үгийг ойлгуулдаг багш нар ч байна. Гэх мэт багш нарын тухайд маш мундаг, бас заах арга барил нь надад их таалагддаг.

За тэгээд сургуулийн ажилчид байна. Тэд нар нь хүүхдүүддээ яг хэрэгтэй мэдээллийг нь өгдөг, ямар асуудал үүсч байна, яаж шийдэж өгөх үү гэх мэт маш сайн тусалж чаддаг. “Би нэг ингэмээр байна аа, ингэх гэсэн юм” гэвэл “өө за, чи одоо ингээрэй тэгээрэй” гээд л бүх зүйлийг нь хэлж өгдөг. Хүний төлөө, суралцагчийнхаа төлөө гэсэн нь мэдрэгдээд байдаг. Гэхдээ би нэг алдаа гаргасан нь хичээлээ бага цагаар сонгосон байсан. Угтаа бол хичээлээ арай их цагаар сонгох байсан юм байна лээ. Тэгээд дахиад төлбөрөө эндээсээ хийгээд цагаа нэмье гэж бодсон л доо. Гэхдээ анхнаасаа төлбөрөө хийгээд ирсэн бол би чинь мөнгийг нь өгчихсөн юм чинь суух хэрэгтэй гээд л суух байсан байх хэхэ /инээв/

Vv-2

Хэр олон найзтай болсон бэ?
– Энд ирээд орон орны буюу Турк, Бразил, Итали, Франц, Испани, Kолумб гээд олон найзтай болсон. Тэдгээр охид маш хөгжилтэй, нөхөрсөг байдаг ба цагийн хамтдаа өнгөрөөхөд ч зугаатайгаас гадна хэлээ сайжруулахад ч улам дөхөм болдог.

Өөр АНУ, Австрали зэрэг бусад улсуудаас ер нь яагаад Их Британи /Англи/ улсыг сонгосон бэ?
– Англи хэлний үндсэн язгуур, гарал үүсэл нь Англиас гаралтай тиймээс энд суръя гэж бодсон. Мөн дээрээс нь Англи улсын түүх соёл, ёс заншил нь үнэхээр таалагддаг бас аав ээжийн маань хувьд ч энэ улс руу охиноо явуулах нь илүү сэтгэл амар тайван гэж бодсоных болов уу. Мөн хэлний бэлтгэлээр сурахаар судалж байгаа хүмүүст виз мэдүүлэхэд бусад улсуудаас илүү хялбар санагдсан.

Англи улсад амьдрахад өртөг өндөртэй гэдэг. Өөрийн тань хувьд Англид амьдарч сурч байх хугацаандаа санхүүгийн хүндрэлд орж байв уу?
– 
Хэрвээ чи үнэхээр болгоё гээд зорьвол энд болохгүй зүйл гэж байгүй. Хүн хичээвэл болдог доо. Жишээ нь би нэг удаа утсаа эвдлээд аав ээжээсээ шинэ утасны мөнгө авсныг эс тооцвол энд ирсэнээсээ хойш гэрээсээ ганц ч мөнгө аваагүй. Харин ч би гэр рүүгээ, аав ээжрүүгээ бэлэг явуулсан шүү. /инээв/ Бусад орнуудтай харьцуулахад өртөг өндөртэй ч чи бүх юмаа зохицуулж чадвал хаана ч өөрийгөө санаа зовох зүйлгүйгээр аваад явчихна. Энд хөдөлмөрлөж чадсан хүний хөдөлмөрийг маш сайн үнэлж чаддаг газар. Тэр нь үнэхээр сайхан.

Англид очоод хэр удаж байгаа болон Лондонд буугаад төрсөн анхны сэтгэгдэл?
– 
Одоо ирээд 8 сар болж байна. 2017 оны 9-р сарын эхээр ирсэн ба энэ 6-р сарын сүүлээр эх орондоо очно. Анх энд ирээд би зүгээр WOW л гэж бодсон. Онгоцноос буугаад ирсэн чинь энд “Американ Айрлайн”-ы маш том онгоц байсан. Тэрийг хараад л пөөх гэж уулга алдаад л цаашаа онгоцны буудлыг нь хараад л  дахин WOW л бодсон доо. Тэр үнэхээр гоё мэдрэмж байсан шүү.

Нэг жилийн хугацаанд англи хэлний ямар түвшинтэй төгсөх вэ?
– Би анх pre-intermediate түвшнөөс эхэлсэн бол одоо advanced түвшинтэй болсон. Анх ирснээ бодвол маш сайжирсан. Зөвхөн яриа ч гэлтгүй бүх чадвар маань маш сайжирч буйг анзаарч байна. Гэхдээ энэ бол бүр хангалттай бол биш ч надад дахиад сурах зүйл зөндөө бий. Өөрөөр хэлбэл ирж байсантайгаа өөрийгөө харьцуулахад маш сайжирсан шүү.

Vv-3

 Төрөлх хэл дээрээ англи хэлийг сурахаас илүүтэй өөр шиг тань орчинд нь сурах нь хэр давуу талтай гэж бодож байна вэ?
– Энд бол алхам тутамд чинь буюу англиар заавал ярих шаардлагатай болно. Тийм учраас  хүн чинь нэг зүйлийг байнга давтаад, орчин, хүрээлэлд нь байгаад ирэхээр ярих л хэрэгтэй болдог юм байна. Монголдоо мэдээж сайн сурсан зөндөө хүүхдүүд байдаг ч англи хэлний сургалтанд сураад хамгийн сайн сурдаг зүйл нь юу вэ гэхээр дүрэм юм байна. Учир нь  монгол хэлээрээ тайлбарлуулаад багшаараа заалгадаг болохоор тэр байх. Энд зөвхөн дүрэм гэлтгүй яриа, сонсгол, бичих гээд бүх чадваруудаа (skill) маш сайн хөгжүүлж чаддаг. Энэ талаараа маш том давуу талтай.

Англид очоод анх бэрхшээлтэй зүйл тулгарч байв уу? Тэр талаараа хуваалцаач.
– Одоо ингээд бодохоор надад Англи улс маш сайн зохисон юм шиг санагдаад байгаа шдээ. /инээв/ Надад “Би юу хийчих вэ ч юм уу, яах гэж ирэв ээ” гэх сөрөг бодол, шантрал хэзээ ч байгаагүй. Бүх зүйл минь маш гоё эхэлсэн. Гэхдээ мэдээж агаар, ус, орчин, идэх хоол, унтах цаг хүртэл солигдсоноос болоод ходоод бага зэрэг өвдсөн. Түүнийг эс тооцвол өөр бэрхшээл хүндрэл, хэцүү юм огт тулгараагүй.

Англи хүмүүс, амьдрах орчин соёл хэр таалагдаж байна вэ?
– Энд амьдрах орчин нөхцөл нь маш гоё. Хүмүүс нь их тайван, эелдэг, орчин нь маш цэвэрхэн. Нэг давуу тал нь бүх зүйл нь яг цагтаа буюу автобус одоо 2 минутын дараа ирнэ л гэсэн бол яг ирдэг. Хоцроод л хүмүүс нь давхар стрессдээд байх зүйл энд юу ч байхгүй. Хэрвээ хэн нэгэнтэй уулзалт товлосон байсан ч боломжгүй болчихвол бүр 7 хоногийн өмнө хэлнэ. Цаг агаарын хувьд хүмүүс дандаа бороо ордог, нартай чийглэг гээд л байдаг. Аз болоход надад маш гоё тохилог байр олдсон. Мөн надад тэр бороо, нар, цаг агаар бол тийм том асуудал шиг санагддаггүй, харин ч таалагддаг.

Англичуудыг шар үс, цэнхэр нүдтэй, маш их зантай хүмүүс байдаг гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Гэтэл яг үнэндээ би ирснээсээ хойш тийм хүнтэй ганц ч тааралдаагүй. Хүн хүнтэй гоё инээгээд харьцахад хүн болгон л гоё харьцдаг. Надад бол энд сурч, амьдрах нь үнэхээр төгс л санагдсан. Мэдээж бас энэ улсын түүх соёл, хоолны соёлоос эхлүүлээд, кофе цайны соёл, үйлчилгээний соёл гээд л сурах юм маш ихтэй. Би чинь ирэхээсээ өмнө үйлчилгээний салбарт ажиллаж байсан. Банк бол бас л үйлчилгээний соёлдоо их анхаардаг салбар шүү дээ. Гэтэл энд бол тэр үйлчилгээний соёл нь үнэхээр сайхан, бүр төгс. Гэх мэт зүйлсээс анзаараад бидэнд эх орондоо хийх зүйл их байна даа гэж бодогдсон доо.

Vv-6

Vv-4

Сая байр гэлээ, сурахаар явж буй хүүхдүүд амьдрах байраа яаж олдог вэ, эсвэл сонгоод өгдөг үү.
– Эхлээд сургуулиа, суралцах хотоо сонгосны дараа байгууллага маань надад байрны сонголт өгсөн. Тэр нь дотуур байр, зочин айл, гадуур байр түрээслэх гэх мэт. Би чинь Лондонд ямар ч таньж мэдэх хүнгүй байсан хүн шүү дээ. Тэгээд агентлагийн менежер эгчийн зөвлөсөнөөр эхний нэг сар зочин айлд байрлахаар сонгоод явсан. Ер нь тэр маш зөв сонголт байсан. Би энд ирээд Сибир эмэгтэйн гэрт байсан. Гэхдээ тэр нь сибир гаралтай ч Англид маш олон жил амьдарсан эмэгтэй байсан. Тэр байрны бүх юм нь маш тохилог, амьдарахад тухтай гоё айл байсан. Тэгээд л өөрөө хоолоо хийж идсэн бол дараа нь юмаа цэвэрлээд тавьчихна, 7 хоногтоо 1 удаа өрөөг чинь цэвэрлээд өгчихнө. Хэрвээ хүсэх юм бол цагаан хэрэглэл авч хэрэглэж болно. Өөрийнхийгөө авчирсан бол тэрийгээ хэрэглэж ч болно. Тэгээд угаагаад өгчихнө. Тэнд бол ямар ч асуудал байгаагүй. Сургууль руугаа автобусаар 40 минут, метрогоор үсрээл 30 минут явах зайтай тийм газар байсан. Тэндээ нэг сар амьдраад дараа нь монгол айлд өрөө түрээсэлсэн дээ.

Удахгүй төгсөөд эх орондоо ирэх гэж байгаа юм байна. Энэ хугацаанд англи хэлнээс гадна бие даан амьдрах чадвар, хувь хүний хөгжил, хандлагын хувьд юу сурч ойлгож авсан бэ? Англи явахаас өмнөх Үүрцайх, одоогийн Үүрцайх хоёрын хооронд ялгаа бий юу?
– 
Маш их ялгаа бий. Би их зүйлийг ойлгож авсан.

Найман сар гээд сонсохоор маш бага хугацаа юм шиг хэр нь маш их зүйлийг сурч мэдэж авсан зөв алхам байсан. Би ээж аав хоёртоо маш их баярладаг. Одоо бол намайг ийм гоё газар руу явуулж, ийм сайхан зүйл үзүүлж харуулж, таниулж мэдүүлж байгаа та хоёртоо охин нь маш их баярлалаа, хайртай шүү гэж дандаа хэлдэг. Хүмүүс “open your mind” буюу аливааг харах өнцөгөө өөрчилсөн гэж ярьдаг шүү дээ. Би яг л тэгж чадсан. Vv-5Би мөнгөөр худалдаж авахгүй зөндөө олон зүйлийг энд сурчээ. Жишээ нь хүнтэй харьцах, өөртөө итгэлтэй байх, бие дааж амьдрах, 24 цагийг яаж зөв хуваарилж ажлуудаа амжуулах, хэзээд нь амраад, хэзээд нь хичээлээ хийгээд, хэзээд нь ажлаа хийгээд, хэзээд нь цагийг зугаатай өнгөрөөх вэ зэрэг хүний амьдралын дадалд хэрэгтэй олон чадварыг энд ирээд сурсан. Наад зах нь хүн рүү хараад сайхан инээж сурсан. Өмнө нь бас.., монголчууд бид ер нь омголон хүмүүс шүү дээ. Тиймээс хүн ер нь хэн нэгэнтэй хэзээ ч муухай харьцаж болохгүй гэдгийг ойлгохоос гадна цагаа маш сайн баримтлах хэрэгтэй гээд л амьдралд хэрэгтэй наад захын зүйлүүдийг сурсан. Тэгээд өөрөө бие даан олсон мөнгөө зөв зүйлд зарцуулж сурсан гээд ярьвал аав ээжтэйгээ хүндлэх, амьдралд хандах хандлага гэх мэтээс авахуулаад би энд ирээд ухаарсан сурсан зүйл маш их байна. Өмнө нь ямар ч тэнэг байсан юм дээ гэж хааяа боддог шүү. (инээв) Ер нь Англид суралцаж байгаа минь маш зөв алхам, зөв шийдвэр байсан. Энд бол бие биедээ урам өгдөг, өнөөдөр би буруу юм хийсэн ч “Зүгээрээ, битгий яар аажим аажимаар чи сурна, битгий санаа зов чи чадна” гэх зэргээр нэг нь нөгөөгөө дэмжиж урам өгдөг. Манай Монголчууд чинь дотроо бодоод л байдаг, сайн байсан ч хэлэхгүй маш хатуу. Тэгэхэд энд бол жоохон юм зөв хийнгүүт урамшуулаад, дэмжээд өгдөг. Тэгэхээр хүн чинь улам л их хичээхийг бодож байгаа юм чинь. Гэх мэтчилэн сайхан зүйлс зөндөө байна.

Чиний цаашдын зорилго юу вэ, англи хэл сурсанаа юунд ашиглах вэ?
– Хэлтэй бол хөлтэй гэдэг дээ. Тэгэхээр хаана ч очсон наад захын хүнтэй англиар чөлөөтэй харьцаад өөрийгөө зөв илэрхийлээд, тэр хүнээ мөн ойлгох боломжтой болсон. Миний зорилго бол цаашдаа магистрт суралцах байсан. Тэгээд тэр зорилгынхоо хамгийн эхний алхмыг хийгээд явж байна.

Өмнө нь англи хэлний мэдлэг хангалтгүйгээсээ болоод алдаж байсан боломж байдаг уу?
– Хэрэв би өмнө нь англи хэлтэй байсан бол арай илүү өндөр албан тушаалтай байх байсан байх. Гэхдээ би өөрийгөө яг одоо тэр карьераа эхлүүлэх гээд л бага багаар урагшилж байгаа гэж боддог. Оройтолгүй алхамаа хийсэн болов уу. Тэгээд миний хувьд азтай ч гэх юм уу зөв цаг үе дээрээ, зөв хүмүүсийг олж, зөв шийдвэр гаргасандаа баярладаг.

Англи хэлийг Англи улсад сурах сонирхолтой олон хүүхэд залуус байгаа байх. Яг одоо тэнд суралцаж байгаа хүний хувьд чи тэдэнд юу зөвлөх вэ?
– Өөрийн хүсэл зорилгыг тодорхойлчихсон бол мөн дээр нь гэр бүлийнхэн чинь чамайг дэмжээд гадаадад орчинд нь сургая гэж байгаа бол зоригтой бай, мөн өөртөө бас зорилгодоо үнэнч байгаарай. Тэгээд үнэхээр над шиг зорилго тавиад “сурна, чадна” гэж байгаа бол Англи улсыг зориод ирээрэй гэж урьж байна. Ингэснээрээ зөвхөн англи хэлийг сураад зогсохгүй амьдралыг үзэх үзэл чинь маш их өөрчлөгдөх болно. Угаасаа чи ганц алхаад л англиар ярих зайлшгүй шаардлага гарах учраас хэлийг бол сурна. Хүн тэгээд л бага багаар ярьсаар л сурдаг. Хэзээ ч бүү ич. “Би үүнийг мэдэхгүй, ингээд хэлчихвэл буруудах болов уу” гэж хэзээ ч бүү бод. Хамаагүй яриад л бай, хүн ярьсаар байгаад л сайжирна. Ер нь тэгээд аливаа юмыг байнга хийгээд, түүгээрээ хүрээлэгдээд ирэхээр  бага багаар сайжраад сурдаг юм байна. Манайхан бас Англид суралцахыг их сонирхдог юм шиг санагдсан. Гэхдээ тэдэнд хангалттай зөв мэдээлэл дутмаг байдаг байх. Намайг энд ирсэний дараа найзууд хүрээллийхэн маань яаж явсан, яаж сургуультай холбогдов гэх мэтчилэн их олон асуулт ирж байсан. Миний хувьд тэр хүмүүст өөрийн анх хандсан газраа л заагаад өгчихдөг юм. Энд чам шиг хүсэл, зорилго, мөрөөдлөөрөө ирсэн оюутан, залуус зөндөө бий. 333

Эх сурвалж: Yolo.mn

 

 

 

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • 768.1 сая төгрөгийг хэн хаацайлаад байна вэ
  • Баяжуулах үйлдвэрийнхэн Чийрэгжүүлэлтийн төвтэй боллоо
  • Дарга нар дандаа л урилгаар заларсаар байх уу
  • Сургуулийн сурагчид 4 долоо хоног амарна
  • Их хотын өдөрт эрүүл мэндийн байгууллагууд нэгджээ
  • “Хар санаа хайр сэтгэл” үзэгчдэд үнэгүй хүрнэ
  • Айргийн гозгорын олдвор Сяньбын үеийн түүхийг дэлхийд сурталчилна
  • Эрдэнэт хотын өдрөөр худалдааны төвүүд 50 хувь хүртэл хямдрал зарлана
  • Иргэдийн эзэмшил газар төмөр замын трасст оржээ
  • Усны хяналтын хоёр тоолуур суурилуулжээ
  • Цэцэрлэг, сургуулийн зориулалтаар 7.4 га газар эзэмшүүлжээ
  • Байцааны зоорийг цагдаад шалгаж байна
  • Ц.Алтаншагайд баярлалаа
  • Хөнгөн хэлбэрээр “хундага тулгасан” үед замын цагдаа дуудах шаардлагагүй
  • Засаг дарга Д.Батлутын ажлыг “Хангалттай” хэмээн үнэлжээ
  • Хоёр ба гурван дугуйт тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг хоригложээ
  • Эрдэнэтчүүдийг 750 сая төгрөгөөр торгохыг ИТХ-ын төлөөлөгчдөд үүрэг болгожээ
  • СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ирэх сарын 1-нд шилжих шөнө гамшигт үзэгдэл бий болох эрсдэлтэй байна
  • Байгаль хамгаалах ажилд иргэдийн саналыг тусгаж байна
  • Халаалт доголдолтой боллоо, хаана асуудал байна вэ дарга нар аа
  • Д.Бүүвэйбаатар: Цэвэрлэх байгууламж барих зардлыг Эрдэнэт үйлдвэр гаргах ёстой
  • Цахим мэдээллийн сангийн 370 сая төгрөгийн эргэн тойронд
  • Ногоон био жорлонг 32 сая төгрөгөөр барьжээ
  • Д.Батлут: Зам, барилгаас илүү иргэдээ эрүүл саруул, ажилтай орлоготой болгох нь миний үүрэг
  • 2019 оноос ЭМД-аараа фитнесст хамрагдах боломжтой
  • Доош нь чангаасан 7 ажлын эргэн тойронд
  • Д.Батбилэг: Аминдэмжүүлэх гэдэг монгол үг байдаг юм уу
  • Үндсэн чиглэлийн биелэлт урьдчилсан байдлаар 93.1 хувьтай гарчээ
  • 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн хүүхэд хувьцаа эзэмшихгүй
  • Дулааны хэмийг нэмэгдүүлэх хүсэлт хүргүүлэхээр болжээ