Нийтлэгдсэн: Wed, Sep 26th, 2018

М.Мөнхбаатар: Засгийн газар аж ахуйн асуудалд оролцдог явдал үүгээр дуусаасай гэж бодож байна

“Монголын зэс корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатартай ярилцлаа.

-Эрдэнэтийн 49 хувийн асуудал Дээд шүүхээр хоёр ч орчихов уу?

-Тэглээ, Монгол улсын Дээд шүүхээр шийдвэр гарч байгаа хоёр дахь тохиолдол. Анхных нь Иргэний хэргийн шүүхээр орж шийдвэр нь 2017 оны арванхоёрдугаар сард гарсан юм. “Монголын зэс корпораци” бол Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцааг эзэмшигч мөн гэсэн шийдвэр гарсан. Сая болсон Захиргааны хэргийн дээд шатны шүүхээс “Засгийн газар хуулийн хүрээнд шийдвэр гаргаагүй байна. Засгийн газрын шийдвэртэй холбоотойгоор Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Улсын бүртгэлийн газруудын хийсэн үйлдэл хууль зөрчжээ” гэсэн агуулгатай шийдвэр гаргалаа. Дээд шүүхээр тус тусад нь гаргасан энэ хоёр шийдвэр эцсийнх гэж харж байна. Монгол Улсын Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуульд Дээд шүүхийн шийдвэр гарсан дороо хэрэгжинэ гэсэн заалт бий. Тэгэхээр өнгөрсөн долоо хоногт гарсан шүүхийн шийдвэр тэр дороо хэрэгжиж бидний эрх сэргэлээ гэж харж байна. Улсын бүртгэлийн газар шүүхийн шийдвэрээ гаргаж Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцааг “Монголын зэс корпораци” эзэмшдэг гэсэн үйлдлийг хийнэ гэж хүлээж байна.

-Эрдэнэтийн ТУЗ хуралдалгүй удсан учраас шийдлээ хүлээсэн олон асуудал үүссэн гэж ярьж бичиж байна. Шүүхийн шийдвэр гарсан болохоор ТУЗ хуралдаад шийдвэрээ гаргаад явах нь ээ?

-Өнгөрсөн хугацаанд үйлдвэрт ТУЗ-ийн хурал хэд хэдэн удаа болсон. 2016 онд хэвийн ажилласан байгаа. 2017 оны нэгдүгээр сард хуралдсан. Иргэний хэргийн танхимын дээд шүүхийн шийдвэр гарсаны дагуу Засгийн газар манай эрхийг сэргээсэн дээ. Тэр үйл явдлын дараа нэг хуралдсан юм. Гэвч хэдхэн хоногийн дараа Засгийн газар дахиад шийдвэр гаргачихсан. Ер нь өнгөрсөн хугацаанд үйлдвэрийн үйл ажиллагаа Удирдах зөвлөлийн шийдвэргүйгээр явсаар өнөөг хүрлээ л дээ. Тэгэхээр мэдээж өчнөөн асуудал хуримтлагдсан. Шүүхийн шийдвэр гарсан учраас ойрын хугацаанд асуудлууд шийдэгдэх байх.

-Шүүх хурлын дараа та “ЖАСТ”-тай холбоотой төлбөрийн талаар мэдэгдэл хийсэн. Буруутай этгээдүүд нь төлөх ёстой гээд…?

-“Жаст”-ын асуудлын хувьд байр сууриа илэрхийлэхээс аргагүй. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшиж гэдэг утгаараа. ЖАСТ өрөө төлчихвөл Эрдэнэт үйлдвэрт хамаагүй болчихно. Гэтэл өрөө төлж чадахгүйгээс болоод Английн Арбитрийн шүүхээс “Баталгаа гаргаснаараа Эрдэнэт үйлдвэрийг өрийг нь төл” гэсэн шийдвэр гаргасан. Үйлдвэрийн 49 хувийн хувьцааг эзэмшигчдийн хувьд гээд харахад асуудал маш ойлгомжтой. Хэрвээ Эрдэнэт энэ төлбөрийг хийвэл үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаанд шууд нөлөөлнө. Хэдхэн хүний буруутай үйлдлийг, үйлдвэрийн 6,000 хүний хүч хөдөлмөр нуруун дээр тохно гэдэг дэндүү шударга бус асуудал. Тийм учраас бид энэ асуудлыг сөхөж ярьж байгаа юм.

-Арбитрийн шийдвэрээс болж үйлдвэрт мэдрэгдэж байгаа сөрөг нөлөө гэвэл юуг онцлох вэ?

-Гадаадын харилцагчид маань Эрдэнэт үйлдвэр-рүү мөнгө шилжүүлэх боломжгүйд хүрээд байна. Бүтээгдэхүүнийхээ мөнгийг авч чадахгүй байдалруу орох гээд байна л даа. Үйлдвэрийн удирдлага Их Британи руу явж чадахаа болиод жил гаруй боллоо. Гүйцэтгэх удирдлага очвол шууд бариад хорих шийдвэр гарчихсан. Аравдугаар сарын эхний долоо хоногт Лондонгийн металлын биржийн хамгийн том чуулга уулзалт болдог. Энэ арга хэмжээнд Эрдэнэт үйлдвэрээс очих боломж хумигдсан. Өнгөрсөн жил ч очоогүй.

-Таны онцолсон чуулга уулзалтад оролцохын давуу тал нь юу вэ?

-Ирэх нэг жилийн хугацаанд зэсийн ханш ямар шинэ төлөвтэй байхыг мэдэж, багцаалдаж авдаг гол арга хэмжээ. Тодруулж хэлбэл Эрдэнэт үйлдвэрийнхэн өөрсдөө очиж мэдээлэл авч чадахгүй нөхцөл үүсээд байна.

-“ЖАСТ”-аас гадна арбитртай холбоотой цөөнгүй асуудал Эрдэнэт үйлдвэрт бий байх аа?

-Хэд хэдэн асуудал бий. Ер нь 2009 оноос хойш тав, зургаан арбитрын асуудал гарсан юм билээ. “ЖАСТ”-ын хувьд өөрөө их сонин кейс л дээ.

-Ямар утгаараа сонин кейс гэж?

-“ЖАСТ”-ын асуудлыг дарахын тулд манай асуудлыг улстөржүүлсэн юм шиг он цагийн дараалал харагддаг юм. 2016 оны тавдугаар сард үндсэн төлбөрийн асуудал яригдаад Английн Арбитрийн шийдвэр гарсан юм. Гэхдээ хурал нь болчихоод шийдвэр нь албажих процесс гурваас дөрвөн сар үргэлжилдэг юм билээ. Тавдугаар сард болсон хурлын шийдвэр есдүгээр сарын аравдаар гарсан байдаг. Яг үүний дараагаас манай асуудлыг хурцаар ярьж эхэлсэн. Түүнээс биш үндсэн асуудал маань аж ахуйн нэгжийнх шүү дээ. Хувьцаа эзэмшлийн, аж ахуйн асуудалтай холбоотой маргаанууд Иргэний болон Захиргааны шүүхэд өдөр тутам хэдэн арваараа шийдэгддэг. Манай онцлог юу гэхээр зүгээр л улстөржсөн кейс.

-Та түрүүн Эрдэнэт үйлдвэрт шийдэх ёстой асуудлууд цөөнгүй бий гэж ярьсан. Жишээ нь, цаг алдалгүй шийдэх ямар асуудлууд байна?

-Ер нь маш олон асуудал бий. Жишээ нь, Арбитрийн кейсүүд. Зарим нь шийдэгдсэн сураг дуулдсан. Зарим нь шийдлээ хүлээж байгаа. 35 жилийн хугацаанд ашиглаж дуусах техник эдийн засгийн үндэслэлтэй үйлдвэр гээд харахаар тоног төхөөрөмж нь хуучирсан, байгальд тогтсон хүдрийн биет дэх зэсийн агууламж буурч буй гэх мэт асуудлууд бий. Яг хэдий хэрийн нөөц үлдсэнийг нарийвчилж тогтоох ажил байна. Цаашлаад тогтоосон нөөцөн дээрээ үндэслэж яаж ажиллах төлөвлөгөөгөө гаргах шаардлагатай. Засаглалын хувьд компани маань Монголын хуулийг дагадаг аж ахуйн нэгж болоод хоёр жил болж байна. Гэхдээ олон улсад бүтээгдэхүүнээ гаргадаг компани гэдэг утгаараа олон улсын стандартыг дагадаг байх шаардлагатай. Нэг тонн баяжмал дахь зэсийн агуулгын олон улсын стандарт нь 30-аас дээш хувьтай байдаг. Манайх 23-24 хувьтай. Цаашдаа ийм үзүүлэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлээд байх уу, олон улсын стандартыг дагах уу гэх мэт асуудлуудыг ярих ёстой. Худалдааны маш олон компанитай үйлдвэр маань ажиллаад ирлээ. Тэд эцсийн худалдан авагчдад дамжуулж борлуулж байгаа. Өөрсдөдөө тодорхой хэмжээний ашиг авч үлдэж байна гэсэн үг. Тэгэхээр бид худалдаан дээр ямар бодлого баримтлахыг ТУЗ-ийнхөө хурлаар ярих ёстой. Зарим бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд нь шууд зардаг болох шаардлага бий.

-Олборлолтын өртөг өндөр байсныг 49 хувийнхан орж ирсэнээр бууруулсан гэсэн мэдээлэл цацагдсан санагдаж байна. Тодорхой бөаримт жишээ хэлээч?

-Эрдэнэт үйлдвэрт нэг сонирхолтой статистик байсан. Зэсийн үнэ өсөхөөр бүтээгдэхүүний өртөг өсөөд байдаг үзэгдэл байсан юм. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тэр үзэгдэл тодорхой хэмжээнд зогссон. Үүний эхний шалтгаан нь тендер. Тендерийг ил тод зарладаг болсонтой холбоотойгоор бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд зарцуулж байгаа зардал тодорхой хэмжээнд хумигдсан. Хоёрдугаар шалтгаан гэвэл зарим зардал маань төгрөгөөр гарч байгаа. Тэгэхээр төгрөгөөр гардаг зардал маань өсөхгүй, харьцангуй тогтвортой байгаа юм шиг харагдаж байна. Түүнээс биш үйлдвэр хэтэрхий сайн ажиллаад, технологио шинэчлээд, гайхамшигтай менежмент явуулсан зүйл байхгүй.

-Эрдэнэтийн 49 хувийхны хийхээр төлөвлөсөн ажлууд гэвэл юу байна?

-Геологийн хайгуулаа сайн хийх ёстой. Үүн дээр үндэслэж бодлого гаргадаг. Ажилчидтай холбоотой асуудал дээр сургууль, цэцэрлэг төлөвлөж байна. Өнөөдөр Эрдэнэтэд нэг орос сургууль, ганцхан орос цэцэрлэг байгаа. Орос сургууль, цэцэрлэгт хүүхдээ өгөх гэж нэлээд асуудал болдог. Хойд хөршөөс ес, арван орос багш авчирвал тэнд сурч байгаа хүүхдийн тоог хоёр дахин нэмж болох боломж харагддаг. Энэ бол энгийн шийдэл. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд хийсэнгүй. Орос цэцэрлэгийн тоог нэмэх шаардлага бий. Эрдэнэтийн хувьд Оросын соёл түгсэн газар. Үүнийгээ аль болох хадгалж үлдэх нь Эрдэнэт хотод төдийгүй Монголд хэрэгтэй. Учир нь орос хэл бол НҮБ-ын  таван хэлний нэг, шинжлэх ухааны хэл. Ажилчдын байрны асуудал байна. Нэг гайхмаар зүйл бий. Ажилчдын орон сууц, сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдээгүй хэрнээ бөхийн өргөө барьж байсан. Гэхдээ бөхийн өргөөний төслийг 40-50 хувьтай хэрэгжих үед нь түр зогсоогоод байгаа. Бидний зүгээс эхлээд чухал асуудлаа шийдье гэсэн бодлого барина. Ингэж байж хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэнэ.

-Сүүлийн асуулт. Ер нь Эрдэнэт яагаад улстөржчихөв өө. “ЖАСТ”-аас өөр шалтгаан байна уу?

-Хувийн бодлоо хэлье. Эрдэнэт улстөржсөн нь хоёр шалтгаантай гэж би хардаг. Эхнийх нь ярилцлагын эхэнд дурдсан Стандарт банкны асуудал. Улс төр дэх олон хүний эрх ашиг хөндөгдөж байгаа учраас энэ асуудлыг дарахын тулд манайхыг томруулсан. Энэ бол бодитой ил харагдаж байгаа зүйл. Нөгөө асуудал нь гэвэл 1991 оноос хойш бизнес эрхлэгч, улстөрчдийн шахаа хийдэг газар байж. Бид очоод “Өнөөдрөөс өмнөх асуудлыг сөхөхгүй, үүнээс хойш шахаа гэдэг асуудлаа мартчих. Зах зээлийн үнээр бараа бүтээгдэхүүнээ нийлүүл. Хятадаас 100 төгрөгийн бараа оруулж ирлээ гэхэд тээврийн зардал, гааль, НӨАТ-аа тооцоод, нэмээд арван хувийн ашгаа хар. Энэ бол зах зээлийн зарчим. 100 төгрөгийн барааг 300-гаар зардагийг хүлээн зөвшөөрөхгүй” л гэсэн. Дараа нь тендерүүд зарлагдаад хагас жилийн дотор 15 тэрбум төгрөг хэмнэчихсэн. Үүн дээр багтардаг байж мэдэх л юм.

Эх сурвалж: Өдрийн сонин, 2018/09/24

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • С.Ганцогт: Би Монголын төрийг ойлгохгүй байна, энэ шүүх иргэдийн шүүх үү, АН-ын шүүх үү
  • Б.Ганзориг: Нэгийг нь Төөнөгөөд өгсөн, харин нөгөө нь….
  • “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн шинэ гишүүдийг томилжээ
  • АЙМГИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2019 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА
  • Нөхөн сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулжээ
  • “Эрдэнэс таван толгой” IPO -гоо ч гаргана, иргэдэд ногдол ашиг ч тараана
  • ТОСК-ийн 315 айлын орон сууцны ус, дулаан татах хөрөнгийг шийдээгүй байна
  • “Их хаадын цуваа” цэцэрлэг, сургууль барих гэрээний заалтаа өөрчлүүлж чаджээ
  • Агаарын бохирдлыг бууруулах цахилгаан халаагуурыг туршиж эхэллээ
  • Малын гаралтай түүхий эдийн цэгүүдийг “Таван-Эрдэнэ”-д төвлөрүүлнэ
  • ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ БА 1072 ШИРХЭГ ХУВЬЦАА 1072 хувьцааны талаар эндээс мэдээрэй
  • Жаргалантынхан “Ахмадын баяр”-аа тэмдэглэв
  • Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва Жаргалант сумын зарим өндөр настанд хүндэтгэл үзүүллээ
  • Жаргалант сум “удирдлагагүй болжээ”
  • М.Түмэнжаргал: 500 мянган төгрөг шийдэж чадахгүй юм бол агентлаг гэж байлгаад яадаг юм бэ, чи
  • С.Ганцогт: “Буянт хангай”, Бугатын модны захыг хаана
  • Хэв журам, сахилга хариуцлагыг сайжруулахад 11,6 тэрбум төгрөг шаардлагатай
  • Шанд багийн газрын гүнд 115.2 сая тонн хүдрийн нөөц байна
  • Эрдэмтэд Эрдэнэт үйлдвэрийг ч эх орноо ч хөгжүүлэхээр Эрдэнэтэд чуулж байна
  • М.Мөнхбаатар: Засгийн газар аж ахуйн асуудалд оролцдог явдал үүгээр дуусаасай гэж бодож байна
  • Б.Ганхуяг: Хувьцааны мөнгө дутуу орсон гэх гомдолтой иргэд дансны хуулгыг харах хэрэгтэй
  • “Монгол зэс” заргаа авчээ
  • Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзжээ
  • Үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар давж биелжээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Шүүхийн шийдвэрийн дагуу дахин сонгууль болох нь ээ
  • Төрийн ажил өглөө 08.30 цагт эхэлдэг болно
  • Ж.ЭРДЭНЭБИЛЭГ: 520 тэрбум төгрөгийн татвар төлөөд байна
  • “Эрдэнэс таван толгой” Олон нийтийн зөвлөлтэй болно