Нийтлэгдсэн: Sat, Nov 3rd, 2018

Ц.Батхуяг: Монголчууд нэг толгойтой л болох хэрэгтэй, тэгж байж л цаашаа явна

Манай сонины “Ярилцъя” булангийн зочноор Орхон аймгийн АН -ын хороон дарга Ц.Батхуяг уригдлаа.  Ц.Батхуяг Увс аймгийн Баруунтуруун сумын уугуул. Ашигт малтмалын баяжуулалтын технологич инженер мэргэжилтэй. 2003 онд ОХУ-ын Ехатеринбург хотын Уул уурхайн академид мэргэжил дээшлүүлсэн. 2006 онд Улаанбаатар хотод Удирдлагын академид суралцсан “Удирдахуйн ухааны магистр” 2009 онд АНУ-д улс төрийн менежментээр мэргэжил дээшлүүлсэн байна. Тэрбээр 1992- 2004 онд Эрдэнэт-үйлдвэрийн Баяжуулах фабрикийн НБХ-т тоног төхөөрөмжийн засварчин, механикийн үүрэг гүйцэтгэгч, 2005-2010 онд   хувийн компанид захирал, 2010-2013 онд Эрдэнэт-үйлдвэрийн Спорт цогцолбор, Хангарьд Спорт клубын орлогч дарга, 2013-2017 онд Эрдэнэт-үйлдвэрийн Баяжуулах фабрикийн дарга, орлогч дарга, 2018 оноос Орхон аймгийн АН-ын хороон  даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байна. 2007-2017 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумын АН-ын даргаар ажилласан. 

–  Манай сонины “ярилцъя” булангийн анхны зочин нь та боллоо.  Ярилцах саналыг минь хүлээж авсанд баярлалаа?

 – Та нарыг санал тавьснаас хойш зуны дэлгэр цаг өнгөрч, намрын адаг сар гарчихлаа. Утсаар ярьсаар байгаад Улаанбаатарт бариад авч байна шүү. \инээв\ Ингэхэд та хотод суудаг сурвалжлагч уу?

– Тиймээ би хотод суудаг. Энэ дугаараас эхлэн “Ярилцъя” буланг хөтлөх эрхлэгчийн даалгавар авсан. Юуны өмнө таны улс төрийн ажил албанд тань амжилт хүсье. АН-ын хороон даргаас ардчиллын талаархи үзэл бодлыг тань сонсоё гэж бодлоо?

– Ардчилал гэж юуг хэлээд байгаа юм бэ гэдгээс эхлээд үү.

– Тиймээ. Ингэхэд Ардчиллыг анх эхлүүлж байсан хүмүүс, бидний сонгосон ардчиллаас өөр замаар явчихлаа гэж ярьцгаадаг. Үүнтэй та санал нийлэхүү?

– Өөр замаар явсан байж ч мэднэ. Аливаа юм хоёр талтай. Нэг хэсэг нь тэгж ярьдаг. Би үүнтэй санал нийлдэггүй. Туулах ёстой замаа туулаад л явж байгаа гэж боддог.

–  Тухайн үед ардчиллыг эхлүүлж байсан хүмүүс, яг ийм замаар явна, тийм юманд хүрнэ гэсэн тодорхой чиг  баримжаа байсан юм уу?

–  Хэрэв ЗХУ-д өөрчлөн байгуулалт болоогүй, социализм донслоогүй бол, Монголд ардчилсан хувьсгал болох эсэх нь таамагтай л байсан. Горбачёвын өөрчлөн байгуулалт гарч ирсэн тэр үйл явц нь ардчилсан хувьсгал болоод дэлхий нийт өөрчлөгдөж Монголд ардчилсан хувьсгал өрнөсөн түүхтэй.

–  Ардчиллыг залуучууд эхлүүлсэн тэгээд  бүх нийтээрээ дэмжсэн?

– Тиймээ залуучууд хийсэн, нийтээрээ дэмжсэн.  Ардчиллыг дэмжигчид хуучин социалист нийгмээсээ буруу, зөвөө ялгаж салгаад олоод харчихсан хүмүүс байсан, ерөөсөө шинэ нийгэмрүү орье, дэлхий нийтийн чигт явья гэж ойлгосон хүмүүс, нийт массаараа дэмжээд л ардчилалд орсон. Ардчилалд ороход бүх юм сайхан болчих юм шиг бодоод байсан боловч, ардчилал гэж ийм зүйл байх ёстой, ингэх ёстой гэсэн ойлголт муутай л байсан байх. Одоо яахав ардчилал, анархизм хоёр нь холилдоод ингээд явчихлаа л даа.

– Ингэхэд ардчилсан тогтолцоо маань болоод ч байгаа юм шиг, болохгүй ч байгаа юм шиг, ямар юманд хүргэчих вэ?

– Монголчууд ардчиллыг сонгосны сайн муудаа бишээ. Хүний сайн муу үйлдэлдээ л хамаг асуудал байна. Ардчилсан тогтолцоог үг хэл төдий ашиглан лоозогночдын хийж байгаа үйлдэлд л хамаг учир байна.

– Учир юунд байна гэж?

– Улс орноо биш, ахуйдаа баригдаж жижгэрсэн, амин хувиа боддог хүмүүс төрийн өндөрлөгт  очоод, улс орноор маань тоглоод байна.

– Та дээр хэллээ. Явдаг замаараа л явж байна гэж. Энэ  хугацаа бол хангалттай урт хугацаа биш үү?

– Урт хугацаа биш шүү дээ. Хүнээр бол 29 нас гэдэг чинь дөнгөж төлөвшиж байгаа нас. Монголын ардчилал олон саад бэрхшээл, даваа гүвээг давж нэлээд адармаатай замыг тууллаа. Энэ хугацаанд  оносон, алдсан бүхнээ эргэж нэг цэгнээд,  урагшаа явах хэрэгтэй л гэж боддог.

– Засгийн эрхийг ээлжлэн барьсан улс төрийн хоёр хүчин болох АН, МАН хоёр хөрөнгө хуваах тал дээр ашиг сонирхол нь  нэгдчихсэн. Тиймээс МАНАН бүлэглэл үүссэн гэдэг. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

– Манай Монгол улс чинь өргөн уудам газар нутагтай, цөөхөн хүн амтай, газар дороо асар их баялагтай ийм ард түмэн. Төрийн эрхэнд гарсан цөөхөн хүмүүс энэ баялгаар тоглож байна л даа. Төрийн толгойд сэтгэлгүй шуналтай хүмүүс гарчихаар, улс орноо гэхээсээ,  мөнгөн дээр эрх ашгаа нэгтгэчихдэг юм байна.  Наанаа улс орон минь гэж ярьдаг боловч цаад сэтгэлийн мухарт нь мөнгө л бодогдоод байгаа юм. Ийм мөнгөний шуналтай хүмүүс төрийн толгойд гарчихаар үгсэн хуйвалдаж, өнөөдрийн энэ МАНАН бүлэглэл гэдэг нэр томъёо гарч ирсэн. Түүнээс биш бүх намын гишүүд нь нийтээрээ дэмжээд нэгдээд явсан зүйл байхгүй юм.

– Тэгээд  нэг нам нь гарч ирээд нөгөөхийнхөө хийсэн ажлыг үгүйсгээд л явчих юм. Ингэхэд намгүйгээр төр оршин тогтнож болох уу?

– Гол нь МАН, АН-руу бурууг түлхээд гарчихна, тэгэхээр Монгол их сайхан хөгжчих юм шиг юм сүүлийн үед их ярих болж. Би үүнтэй санал нийлэхгүй. Дэлхийн ямар ч улс орон ардчиллын замаар замная гэж байгаа бол, намгүйгээр төрийг удирдах боломж байхгүй. Сонгууль хийхгүйгээр төрөө удирдах боломж байхгүй. Намгүй явна гэвэл, хаант засаглалтай, эсвэл мафийн бүлэглэлтэй улс болно гэсэн үг.

– Ер нь шинэ тогтолцоот нийгмийн түүхээ эргээд харахад одоогийн эрх барьж буй МАН засгийн эрхийг 20 гаруй жил барьсан байх юм. Үлдсэн 10 хүрэхгүй жилийг АН барьжээ. 1996-2000 он бол АН-ын хувьд зөв эргүүлээд явах боломж байсан. Яагаад ийм байдалд хүрчихэв гэдэг дээр та дүгнэлт хийдэг л байх?

– Энэ хугацаан дахь үйл явцын өрнөлийг ард түмэн мартаагүй. Зургаахан настай АН-тай, ардчилсан хүчний холбоо эвслүүд нэгдэж сонгуульд орсон, засгийн газраа хамтран байгуулсан. Төрийн ажил албаны туршлагагүй, дээр нь эвсэж орсон холбоо эвслүүд хоорондоо учир зүйгээ ололцоход бэрхшээлтэй байсан энэ үед гаднаас хооронд нь яс хаях, хагалан бутаргах, хувааж талцуулах гээд  чулуу шидэх олон ажлыг ах нам хийж эхэлснээр өнөөдрийн эмгэнэлт байдлын суурь нөхцөл тавигдсан. Энэ гашуун түүхийг давтаж болохгүй юм шүү гэж боддог юм.     2012-2016 онд ХУ нам буюу одоогийн МАН-ынхантай хамтарч барьсан байдаг. Бараг дангаараа засаг бариагүй гэж хэлж болно.

– Ингэхэд ардчиллын хамгийн том алдаа юу байсан гэж та үздэг вэ?

– Би боддог юм. 1990 оноос хойш хийсэн нэг алдаатай юм бол хуучин байсан коммунист нам буюу МАХН-ыг татан буулгаад шинэ гараанаас эхлэх ёстой байсан. Монголын ардчиллын  хамгийн том алдаа нь энэ. Тэгээд ч социализмын үеийн хуучин суурь бааз дээр байсан коммунист нам, ардчиллыг байгуулж чадах уу? Өнгөрсөн 29 жилийн хугацаанд  20 гаруй жилийг нь энэ нам барьж байна шдээ. Тэгэхээр комунистууд ардчилсан нийгмийг хэзээ ч  бий болгож чадахгүй л байхгүй юу.

– 2012-2016 онд Ардчиллынхан хэрхэн ажилласан гэж та боддог вэ?

– Богино хугацаанд маш их бүтээн байгуулалтыг хийсэн. Хотын өнгө үзэмж ямар хэмжээнд байлаа. Энэ дөрвөн жилийн хугацаанд огцом өөрчлөгдсөн.  Зам харгуй нь ямар хэмжээнд байлаа. Бүх аймгууд сайжруулсан замаар холбогдсон. Орон сууцны хорооллын  дундах зам, автомашины зогсоол, явган хүний зам, хотын гэрэлтүүүлэг, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээ, хүүхдийн цэцэрлэг, сургууль, орон сууц, гэр хорооллын зам гээд маш их зүйл хийсэн.  Энэ бүхнийг шийдэж болдог юмаа гэдгийг АН зоригтой хийж чадсан. Энэ хийсэн бүхнээ иргэд олон түмэнд суртчилж ойлгуулж чадаагүй юм. Эдийн засаг ч сайнгүй л байсан.

– МАН, АН-ын хувьд үзэл баримтлалын ялгаа гэж байна уу?

– АН бол хүний эрхийг дээдэлдэг, хувийн өмчийг дэмждэг барууны үзэл баримтлалтай ийм нам. Сүүлийн үед үзэл баримтлалаа өөрчилж байгаа. Монгол ахуй, уламжлал дээр суурилсан ийм үзэл баримтлалыг гаргах гээд нам дотроо хэлэлцүүлээд,  судлаач, эрдэмтэн мэргэдийнхээ үгийг суулгаад санаа бодлыг сонсоод явж байна. Нэг ёсондоо ардчилсан нам шинэчлэгдэх гэж үзэж байна.  Сайнтай муутай юм байгаа. Муугаа шахаж гаргаад, сайн сайхан зүйлээ баталгаажуулаад явна.

– Ер нь намуудын нэр хүнд олны дунд сайнгүй байна. Тохиролцооноос үүдэлтэй нийгэм, эдийн засаг, сэтгэлзүйн байдлын хямралтай улсад эрх баригч намын нэр хүнд дээшлэнэ гэж байхгүй. Ийм дэвсгэр дээр танай намын дээд удирдлага АН-нь “Ард түмний нам боллоо” гэж тунхагласан нь нийгэмд хөөрхөн дуулиан тарилаа. Ард түмний нам гэж хэлсэн энэ тунхаглал, МАН-аас ялгарах юм байгаа юм уу?

– Ардчилсан нам ард түмний нам боллоо гэж олон нийтэд зарлаад  тунхагласан юм байхгүй шүү дээ. Би тийм юм сонсоогүй. Наадах чинь хэтрүүлэг байна, бас өөр утгаар асууж байгаа болов уу гэж бодож байна. Тэгэхээр ардчилсан нам бол ард түмний нам юмаа гэж цээжээ дэлдэж орилоогүй л байхгүй юу. Гэхдээ АН үндэсний хэмжээний улс төрийн том хүчин. Ардчилсан нам шинэчлэгдэх гэж үзэж байгаа. Энэ 29 жилийн хугацаанд Ардчилсан нам ямар замаар яваад байна вэ? Одоогийн нийгмийн байгаа байдал, энэ төрийн байгаа байдал дээр дүгнэлт хийж байна л даа.  Суурь дэвсгэрээ ч нэлээд сайн базаасан. Одоо бид цаашид яах ёстой юм бэ гэж ардчилсан нам ярилцаж,  бодлогын нам болох зорилт тавьж байна. Бодлогын нам гэж юу юм гэхээр одоо байгаа нь ийм байна. Цаашид бид энийг ингэж өөрчлөх боломжтой гэсэн гарцыг л олж шийдэлд хүрэх нөхцөл боломжийг буй болгоно гэсэн үг.

– Жишээ хэлэхгүй юу?

– Ганцхан эрүүл мэндийн салбарыг аваад үзье. Эмнэлгийн үйлчилгээг цаашид яаж өөрчлөх ёстой юм бэ. Одоо байгаа бодит байдал нь ямар байна. Эмч, ажилчдын  цалин мөнгө нь ямар байна. Эмнэлгийн ажилчдын нийгмийн асуудал нь ямар байна вэ.  Өвчтөнүүд, иргэд эмнэлгээс хүссэн үйлчилгээгээ  авч чадаж байна уу. Энэ дээр дүгнэлт хийгээд, цаашид бид энийг ингэж өрчилнөө, ингэж засж залруулах юмаа гэсэн л бодлого барьж ажиллана.  Энэ мэтчилэн гол салбар салбар дээр бодлогын зөвлөлүүд ажиллаж байгаа.

– Аль ч нам сонгууль болохоор ард түмний нэрийг барьж элдэв янзын амлалт өгч гарч ирдэг. Ард түмнийг сонгуульд нэг л удаа ашигладаг. Ингэхэд ард түмэн гэдэг чинь хэн юм бэ?

-Ард түмэн гэж хэн юм бэ гэжүү?

– Тиймээ.

–  Ард түмэн бол, улс төрийг хөдөлгөгч хүчин шүү дээ.

– Танай нам ард түмнийхээ төлөө ямар болдлого зорилго дэвшүүлж байна вэ?

–  АН бол  улс орноо өөд нь татъя, бодлогоо шинэчлэе, хүмүүсээ боломжийн нөхцөлд сайхан амьдруулъя гэж зорьж байгаа л нам. Тэгэхээр энэ хугацаанд төлөвшөөд л явж байна. Хүнээр бол 29 нас хүрч байна. Энэ насанд алдаж оноод л зөндөө л юм болдог шдээ. Ардчиллын зам бол төгс хэзээ ч байдаггүй адармаатай зам.

– Адармаатай зам гэнээ. Ардчилал тэгэхээр юу болох юм?

– Төгс байдаггүй, байж болдоггүй юмыг л ардчилал гээд байгаа шүү дээ. Учир нь ардчилал нь зөвхөн үйл явц байдаг. Монголд ардчиллын наанатай, цаанатай үйл явц л өрнөж байна.

– Тэгэхээр улс төрийн гол хоёр хүчний хувьд том ялгаа байна л даа. МАН бол итгэл үнэмшлийнхээ төлөө тууштай явж байсан хүмүүсээ хэзээ ч хаядаггүй. Харин ардчилсан нам сонгууль болсны дараа эргэж хардаггүй мартчихдаг гэдэг үнэн үү?

– Ардчилсан нам бол бүтээгч нам, бүтээн байгуулалтыг хийж байна. Ингэж байж бид монгол хүн  сайхан амьдрах нөхцөл бололцоог бий болгоё гэсэн томхон юманд зоригтой орчихож байна. МАН бол өнөөдөр бүтээдэг юм байхгүй. Хүнтэйгээ ажилладаг нам, энэ нь хүмүүсээ бүгдийг нь ядуу байлгах бодлоготой, бүгдэнд нь таван цаас өгөөд л хуураад байдаг ийм нам. Энэ хоёрын хооронд ялгаа байгаа биз. Эцсийн эцэст сонгуульд саналыг тэр бүтээн байгуулалт өгдөггүй юм байна. Хүн өгдөг байхгүй юу. Тэгээд тэр коммунистуудын энэ  арга мэхэнд   манай өнөөдрийн нийгэмд байгаа ядуу зүдүү амьдралтай хүмүүс, дээрээс нь ухамсар дорой хүмүүс тэрэнд нь их хууртаж байна л даа. Гол ялгаа нь энэ. Тэгэхээр Ардчилсан нам бол зоригтой юмыг эхэлж чаддаг, сайн муу юм нь шилэн нам гэдэг шиг ил харагдаж байдаг. Хэрүүл зодоон нь ч ил харагдаж байдаг. Энийг ард түмэн буюу нийт сонгогчид маань ойлгох юм бол, тэр ардын намын таван цаасанд хууртахгүйгээр, ардчилсан намаа дор хаяж хоёр удаа дараалаад сонгочихвол Монгол улс сэп гээд л босоод ирнэ.

 –  Ардчилсан хүчинд зүтгэж байгаа хүмүүс, хөрөнгө мөнгө, эрх ямба, албан тушаал нэхдэггүй. Гагцхүү тэд, ардчиллын үнэт зүйлийг хамгаалж чадаж байна уу гэдгийг үе үе нэхдэг. Харин энэ тал дээр хэн ч хариу өгдөггүй?

–  Гол нь байна ш дээ хүмүүсийг ядуу байлгаад юу ч хийхгүй, таван цаас өгөөд, сонгуулиар арван цаас өгөөд хуурчихдаг ийм юманд байлгаад Монгол улс урагшаа алахахгүй ингээд байх нь зөв юм уу,эсвэл тэр юмыг нь хойш нь тавьж байгаад томхон томхон бүтээн байгуулалт хийгээд, амьдрах нөхцөл орчинг нь сайжруулаад урагшаа нэг алхаад авах нь зөв юмуу гэдэг ялгааг хүмүүст ойлгуулах л хэрэгтэй. АН, МАН шиг хүмүүсийг хуураад байж чадна. Тэгээд яах юм бэ. Тэгэж болохгүй ээ, тэгвэл монгол улс бүгдээрээ хохироод л ингээд яваад байна. Ер нь 2012-2016 онд АН засаг барьж байх үед Сангийн сайд нь дандаа МАН-ын буюу ХУ намын хүмүүс байсан. Тэгээд та боддоо. Тиймээс би  АН-д буруу өгөөд байгааг хүлээн зөвшөөрөхгүй гээд байгаагийн учир энэ.  АН бол өөрийн энэ адармаатай замын туулдаг юмаа туулаад урагшлаж байгаа. Алдаа бол байсан уу гэвэл байсан.

– Ардчилалын үнэт зүйл алдагдаагүй гэж та үзэж байна уу?

– Ардчиллын үнэт зүйлс алдагдаагүй гэж би боддог. Ард олон сайн сайхан, эрүүл нийгмийн хүсч байгаа. Амьдрал ядуу хүмүүс мөнгөнд худалдагдана. Худалдаж авах, тархи угаах ажлыг нөгөө нам мэргэжлийн түвшинд сайн хийж байгаа. Та түрүүн хэлсэн дээ, Засгийн эрхийг авахаар хүнээ мартчихдаг гэж, яг ингэж гомдогсод зөндөө байгаа юмаа. Нийгэм даяараа ингээд бодоод эхэлэхээрээ буруу болчихдог. АН бол ил тод нам, ард түмнээ хуураагүй нам гэдгийг ойлгоод, алсын бодолтой хүмүүс олон болох юм бол богино хугацаанд бид босох боломжтой. Түүнээс бид ард түмнийг таван цаасаар хуураад л коммунист намын аргаар ажиллаад байж болохгүй биз дээ.

– Танай нам бодлогоо шинэчилж,  эрдэмтэн судлаачдынхаа үгийг сонсож тусгаж байгаа гэсэн. Яг ямар санааг нь  өөрийн мөрийн  хөтөлбөртөө нь авч тусгасан юм бэ?

– Шинэчлэлийн бодлогын гол агуулга бол аль нэг гадны измээс татгалзаж, гадны юмыг хуулахаа больё гэж байгаа юм. Монгол хөрсөн дээр нийцсэн Монгол төрийн бодлого гэж байх ёстой.Тийм учраас үүнийг боловсруулж ажиллахын тулд “Бодлогын нам” боллоо гэж хэлээд байгаа юм.  Монгол заншил, уламжлал дээр суурилсан бодлого хэрэгтэй юм байнаа. Нийт масс ч үүнийг  ойлгож мэдэрч эхэлсэн байна. Манай намын үзэл баримталын шинэчлэл ч энэ чиглэл рүү явж байгаа.

-Эрдэмтдийнхээ саналыг авч байна уу?

– Авч байгаа, байнга уулзаж ярилцаж, хэлэлцэж  санаа бодлыг авч байна. Ингээд шинээр боловсрогдсон энэхүү үзэл баримтлалын шинэчлэл намын их хурлаар батлагддаг.

– Америк бол нээлттэй байхыг уриалдаг. Гэхдээ төрийн бодлогоо хэзээ ч дэлгэдэггүй. Аа харин манайд бол эсрэгээрээ. Улс төр, бизнесийн бодлого нь далд явагддаг, төрийн бодлого нь ил бэлтгэгдсэн байдаг гэж боддог. Энэ утгаараа Монгол төрийн бодлого гэж байна уу?

– Муу сайн ч тусгаар тогтносон энэ улсад төрийн  бодлого гэж байна л даа. Гол нь энэ бодлого нь зөв байна уу, буруу байна уу гэдэг дээр л яригдахаас биш. Бодлогогүй улс байвал гадны хараат улс болно. Эсвэл улсаа тараагаад дуусна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр зэрэг тодорхой хэмжээний бодлого манайд байж л таараа. Геополитикийн хувьд хоёр том их гүрний дунд оршиж байгаа улсад бодлого байгаа л даа. Энэ бодлого дээр гарч ирж байгаа төрийн тэргүүн байдаг юм уу, төр толгойлж байгаа хүмүүс бодож байгаа ш дээ. Эрдэмтэн мэргэдийнхээ үгийг сонсож байгаа. Тэгж байж төрийнхөө бодлогыг тодорхойлж байгаа. Тиймээс манай улс огт бодлогогүй гэж хэлэхгүй.  Гол нь төрийн толгойд гарч байгаа хүмүүсээ зөв бодолтой Монгол хүмүүсээ  л гаргах ёстой гэж би боддог. Тэгж байж энэ улс оршин тогтноно гэж бодож байна.

–  Олон нийтийн сүлжээнд янз бүрийн өдөөн хатгасан месежүүд явах болжээ. Саяхан Хятадын харьяат болох уу гэсэн мессеж байсан уншсан уу?

– Тийм тандалт явж байсан. Энийг чинь харийн цустай хүмүүсийн л хийж байгаа ажил ш дээ. Мэдээж харийн цус хольцтой хүмүүс чинь цусанд нь байгаа юм чинь, энэ улсыг ийш нь зүглүүлчихье тийш нь хандуулчихья гэсэн бодол байгааг үгүйсгэхгүй. Одоо Монголчууд яг өөрсдөө дан ганцаараа Монгол төрийн бодлого ийм байх ёстой гэдэг юмыг л авч үлдэх ёстой л доо. Нэг зүйлийг хэлэхэд, хятад монгол хоёр хэзээ ч цус холилдож болохгүй гэдгийг өвөг дээдэс маань мэддэг байж. Тиймээс гурван удаа хятад хүнтэй ураг барилдахыг хориглосон хууль гаргаж байжээ.

– Монгол төрийн бодлого ийм байх ёстой гэсэн онол номлол байна уу та бүхэнд?

– Онол, практик хоёр чинь их зөрдөг ш дээ. Амьдрал дээр соц, комунизм гээд л баахан онол ярьсаар байсан ч онол нь нөгөө талдаа шал хөндлөн давхисаар байгаад л нурж унасан биз дээ. Тэгэхээр одоо ийм онол байх ёстой, тийм онолоор явах ёстой гэвэл Монгол уламжлал, ёс заншил, эцэг өвгөдийн бодлогыг л судалж мэдэж түүн дээр үндэслэсэн бодлого л монголчуудыг аварна гэж ойлгож байна.

– Гадны системээр бид цаашаа явахгүй нь тодорхой боллоо гэж үү?

– Тиймээ. “Нэг бол өөрийн системтэй бол, нөгөө бол бусдын системээр боолчлуул”  гэж Барууны нэрт сэтгэгч, өрнийн утга зохиолын хамгийн нууцлаг ёгт бүтээл гэгддэг алдарт Хубилай найраглалыг зохиогч Самуэл Колерижийн хэлсэн үг бий.

– Системийн хямралд орлоо гээд дээр доргүй л яриад байна. Эсвэл нам төвт тогтолцооноос болоод байна уу?

–  Сая Ерөнхийлөгч хэллээ л дээ “системийн хямралд орлоо “гэж. Манай төрийн гурван өндөрлөг Ерөнхийлөгч, Их хурлын дарга, Ерөнхий сайд гээд энэ гурвын эрх мэдлийн эрэмбийг нь тогтоож өгөх ёстой байхгүй юу. Тэгтэл энэ гурвын эрх мэдэл тодорхой бус байна. Тэрэндээ л болоод байна.

– Төрийн гурван өндөрлөг гэж бид нэрлээд заншчихаж. Тэгээд энэ гурвыг аюулгүй зөвлөлийн гишүүн гэж байна. Тэр нь гурван гишүүнтэй. Тэр зөвлөлийг төрийн байгууллага гээд нэрлэчихэж байна. Тэгвэл доор нь байгаа аппарат орно. Гэтэл төрийн ямар байгууллага юм. Улс төрийнх үү, захиргааных уу? Гуравхан хүн л улс орны амьдралыг шийдвэрлээд байгаа юм шиг ойлгогдоод байна л даа?

– За би хуульч биш, би эрдэмтэн судлаачдын ярьж хэлсэн зүйлээс хэлье. Гэтэл дээрх гурван хүн маань шийдвэр гаргана гээд хуулчилчихсан. Төрийн байгууллага болох ҮАБЗ-ийн шийдвэр нь Зөвлөмж гэсэн нэршилтэй юм билээ. Тэгвэл зөвлөмжийн эрхзүйн түвшний, хууль зүйн эрэмбийн чадвар, чадамж нь хэр юм, ямар статустай юм гэдгийг л хуульчлах ёстой болов уу.

– Хар ухаанаар аваад үзвэл зөвлөмжийг биелүүлж ч болно, хэрэгжүүлэхгүй байж ч болно гэсэн юм хараагдаад байна тийм үү?

– Яг үнэн.  Үүнийг л хуульчлах ёстой гэж би боддог.  Тэгэхгүй бол манай бүтэц нь болохоор олон толгойтой могой  шиг л болчихоод байна. Олон толгойтой болохоор тал тал тийшээ явна биз дээ. Миний ойлголтоор системийн гажиг гэдэг нь энэ. Намдаа байгаа юм биш байх аа. Нам нь яах ёстой юм гэхээр, улс төрийн намуудын хуулийг өөрчлөх ёстой. Өөрчлөхдөө чадвартай, сэтгэлтэй боловсон хүчнийг хүн болгож гаргаж ирэх ийм механизмийг хийж өгөх ёстой байх. Сэтгэлтэй, чадвартай боловсон хүчин. Намыг байхгүй болгоно гэдэг миний ой санаанд ерөөсөө буухгүй байгаа юм.

– Ер нь ингэхэд намууд нэгдээд Монголын үндэсний дэвшлийн хөтөлбөр хамтраад боловсуулбал ямар вэ?

– Хэн ч дураараа бодож сэтгэх эрхтэй. Болох уу үгүй юу гэж асууж байгаа бол миний хувьд боломж муутай гэж би бодож байна. Нэгдсэн хөтөлбөр гээд байгаа нь төрийн бодлогыг яриад байна уу та.

– Тэгж ойлгож болно

– Хар хайрцагны бодлого гэж яриад байгаа тийм юмыг уу?

– Бас тэгж ойлгож болно.

– Тэр чинь угаасаа байх ёстой биз дээ.

– Төр гэдэг ер нь таны төсөөлдөг хэмжээнд байж чадаж байна уу?

– Жүгнээгийн Шишмишиг \хуульч, дипломатч, олон улсын эдийн засагч\ гуай “ Төрийг улс төр судлал, философи, хууль эрхзүйн үүднээс тодорхойлж, тайлбарлаж байна”. Улс гэж нэг ойлголт. Төр, нийгэм гэж тусдаа ухагдахууд юм байна. Энэ гурвыг ялгаж салган тодорхойлж байна. Улс төрийн болон эрхзүйн түвшинд улс төр хоёрыг бид нэг гэж ойлгоод байгаа юм байна. Эсвэл нэгийг нь нөгөөгөөр нь орлуулж ойлгоод байдаг гэнэ. Ойлгохоос гадна тайлбарлаж байна. Монтевидео-гийн олон улсын конвенциор “Улс” гэдэг юу юм бэ, ямар элементтэй байдаг юм гээд тодорхойлчихсон юм байна.

– Тухайлбал юу гэж тодорхойлсон байна?

– Улс гэдэг газар нутагтай, тэнд оршин амьдардаг иргэдтэй, засаглал явуулдаг төртэй байх ёстой. Улс гэдэг ойлголтын хүрээн дотор төр гэдэг гараад ирж байгаа биз. Тэр иргэд нь, ард түмэн нь тэр төрөө байгуулах нь. Төр маань хууль тогтоодог, түүнээ хэрэгжүүлдэг, түүнийг зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлэгдэг  ийм гурван засаглалын тогтолцоог бий болгожээ.

– Ингэхэд улс төрийн намууд яваандаа нэгдэх болов уу?

– Угаасаа нэг гарт зангидагадах ёстой ш дээ.  Монголчууд нэг толгойтой л болох хэрэгтэй тэгж байж л цаашаа явна.

– Орхон аймаг бол Монгол улсын гурав дахь том хот. Энэ утгаараа АН-ын хувьд, Орхон аймгийн АН-ын хороо бол стратегийн чухал байрлал гэдэг нь тодорхой. Одоо таны өмнө том шалгуур тулгарч байна. Юу гэхээр Дээд шүүхээс аймгийн ИТХ-ын сонгуулийг дахин явуулах шийдвэр гаргасан. ШШБГ-ч энэ талаар зохих бичгийг ирүүлсэн байна лээ. Тэгэхээр сонгууль болно гэсэн үг. Дахин сонгууль болох уу?

– Уг нь эрх зүйт ардчилсан төртэй улсын иргэд хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй, бүгд тэнгэрийн доор төрж хуулийн доор амьдрана гээд байгаа биз дээ. Гэтэл одоогийн төр барьж байгаа МАН-ын нөхдүүд шүүхийн дээр гараад суучихлаа. Шүүхийн шийдвэрийг биелүүлдэггүй, хүлээн зөвшөөрдөггүй тийм байдал руу орж байна. Тэгэхээр зэрэг бид сонгож авсан ардчиллын тогтолцооноосоо ухарч буй хэлбэр. Шүүхийн шийдвэрийг энэ биш ээ гээд өөрийнхөөрөө тайлбарладаг, эрх мэдэлтэй том дарга л болчихдог юм бол хууль хамаагүй болчихдог замбараагүй утгагүй юм болоод байна л даа. Энэ ингээд үргэлжлээд байх юм бол Монгол улс замбараагүй байдалд орно. Улам л бүрхэг юм харагдаад байна.

– Та бүхэн дахин  сонгууль явагдвал танай нам орох уу л гэж асуугаад байна л даа?

– Орох нь тодорхой. Бид бүхэн бол тэр шүүхийн шийдвэрийг биелүүлээч ээ  гэж шаардаж байгаа. Тэд болохооор шүүхийн шийдвэр бидэнд хамаагүй гээд байгаа.

– Тэгээд ямар үр дүнтэй байна?

– Шүүхийн шийдвэр биелэгдэхгүй л байна л даа. Системийн гажиг гэдгийн нэг үзэгдэл нь чинь л энэ болоод байна л даа. Үүнийг үндсээр нь хариуцлагатай болгохгүй бол болохгүй нээ.

– Энэ юунаас болоод ийм хууль дүрэмгүй улс болчихоод байнаа?

– Бүгд мөнгөний барьцаанд орчихож. Тэд бүгдээрээ тэр  60 тэрбумын схемийн барьцаанд орчихсон нөхдүүд байхгүй юу! Албан тушаалд очихдоо бүгд мөнгөө өгөөд төлбөрөө төлөөд оччихсон, тэгээд чи миний мөнгийг авчихаад надад шаардлага тавих эрхгүй шүү гэсэн гинжин хэлхээнд ороод, аалзны тор шиг холбогдчихсон. Тийм учраас хуулиа биелүүлээ гээд шаардаж чадахгүй болчихоод байна. Монгол төрийн албан тушаалыг мөнгөөр худалдаж авдаг энэ үйлдэл маш их нүгэл бөгөөд том гэмт хэрэг юм. Та хуулийн хүн мэдэж л байгаа. Нэг тэрбум хийсэн бол гурван тэрбум болгох гэж л ажиллаж байгаа ш тээ. Маш том гэмт хэрэг байхгүй юу. Энийг томоор харах юм бол гаднаас хийгдсэн сценарь гэж би хардаж байгаа. Тэгэхээр зэрэг энэ улс төрд чадвартай, сэтгэлтэй ийм хүмүүсийг л гаргаж ирэх хэрэгтэй. Хятад хүн бэлээрээ, Монгол хүн билгээрээ гэдэг. Монгол хүн хэзээнээсээ шуналтай байгаагүй гэдэг. Одоо энэ мөнгөний төлөө чичрээд байгаа хүмүүс чинь монгол цустай хүмүүс биш гэж байгаа шүү.

– Бид хоёр их л улс төр ярилаа. Ингэхэд Батхуяг гэдэг хүнийг мэдэх нэг нь мэдэх байх, мэдэхгүй нэг нь мэдэхгүй. Өөрийнхөө тухай, эцэг эхийнхээ тухай намтар түүхээс товчхон танилцуулаач?

– Миний аав Очирын Цогтсайхан гэж хүн байлаа. Увс аймгийн Цагаанхайрхан сумын уугуул. ХААДС-ийг эдийн засагч мэргэжлээр төгссөн хүн. Баруунтурууны САА-д ерөнхий эдийн засагч, САА-н орлогч дарга, Зүүнхангай сумын намын хорооны дарга зэрэг албыг хашиж байгаад 1988 онд Эрдэнэт хотын Улаан толгойн САА-н орлогч даргаар томилогдож ирснээр манайх Эрдэнэтийн суугуул айл болсон доо.

– Та бол гурван үеийн намтраа бичиж пионер, эвлэлийн тангараг өргөж явсан хуучин соц нийгмийн хольцтой хүүхэд. Эцэг, өвгөдийнхөө намтрыг  мэднэ биз?

– Мэдэлгүй яахав. Баруунтуруунд намайг  8-р анги төгссөн жил манайх Эрдэнэтэд ирж байсан юм. Би чинь нагац өвөө, эмээгийн гар дээр өссөн хүн шүү дээ. Аавын маань аав Очир гэж хүн байлаа. 1916 онд төрсөн гэдэг. Таван жил Ховдын хороонд цэргийн алба хааж, багийн дарга, хоршоонд агент, тууварчин гээд туг ч барьж тугал  ч  хариулж явж. Наймаа, панз хийдэг, хүүхдүүдээ ихэнхийг нь их, дээд сургууль төгсгөсөн  дөө. Аав маань намын хүн болохоор тэр панз, наймаа  үсэргэдгийг нь нэлээд шүүмжилдэг байж билээ.Өвөө маань өндөр насалсан, 80 хол гарч байж уулсаа дэрлэсэн дээ.

– Жам юм даа. Ээжийнхээ тухай, нагац өвөө, эмээ тань хэн гэдэг хүмүүс байв?

– Миний ээжийг С.Цээзмаа гэдэг. Зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн алдарт эх.  Багшийн дээд сургууль төгсөөд, насаараа монгол хэл, уран зохиолын багш хийсэн. Баруунтуруун, Зүүнхангай суманд багш, Улаан толгойн САА-д боловсон хүчин, Эрдэнэтийн 5-р 10 жилд багшаар ажиллаж байгаад гавъяаныхаа амралтанд суусан. Манай нагац өвөө Сундуй гэж хүн байлаа. 1904 онд төрсөн гэдэг. Бага залуудаа Өндөрхангайн хийдэд шавилан сууж байж. Номтой лам нарын нэг байсан байгаа юм. Төвд хэлний хөрвүүлэгч, хожмоо Гандан хийдэд ч сууж байсан, Судар бичгийн хүрээлэнд ч ажиллаж байсан юм билээ. Төвд хэлнээс орчуулсан судар, бичгүүд олон бий гэж ярьдагсан. Номын л хүн байсан. Их хэлмэгдүүлэлтийн үед нутагтаа очиж, буурал эмээтэй ханилсан гэдэг. Эмээг 17 настай байхад нь гэргийгээ болгосон байгаа юм. Одоо эмээ маань 100 насыг дөхсөн буурай, үр хүүхдүүдээ тойруулан жаргаж сууна.

– Яасан сайхан юм бэ. “Зуу насалж, зургаадай таяг тулаарай” гэсэн ерөөлөөр нэгэн зууныг элээж яваа хүн байна даа. Эмээгийн алдарыг хэн гэдэг вэ?

– Миний эмээ Н. Даваажав гэж буурай бий. Энэ хоёр хөгшины гар дээр өссөн хүн дээ би.

– Танайх хэдэн хүүхэдтэй вэ?

– Манайх гурван хүүхэдтэй, эхнэр маань Эрдэнэт үйлдвэрт ажилладаг.

– За таны цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье. Та  бүхний үйлс бүтэх болтугай.

– Ерөөлөөр болог ээ. Танай сонины хамт олонд ч ажлын амжилт хүсье.

– Баярлалаа.

ЗУРВАС: Ц.Батхуягийн эцэг өвгөд, ижий, аавын аль аль тал нь зөв мөртэй аж төрж явжээ. Хөгшдийн дэргэд хүн болсон хүн муу явна гэж үгүй. Хуучны хөгшид ярьдаг даа: “Эднийхэн удмаараа хэвтээ тэмээ үргээмгүй, жингийн нуруу шиг тэгшхэн хүмүүс дээ” гэж. Ц.Батхуяг ийм л айлын гэр бүлд төрж, буянтай буурлуудын ачлал, сургаалиар өсөж хүмүүжиж хүн болжээ. Ийм хүн Хүмүн заяатай байлгүй яахав.

Эх сурвалж: “Таны амьдрал” сонин

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • М.Түмэнжаргал: Халаалттай холбоотой дуудлага сүүлдээ улстөржиж байна
  • “Эрдэнэс таван толгой”-н Б.Ганхуяг Эрдэнэтэд “Сайн мэдээтэй” ирлээ
  • “Эрдэнэс таван толгой” Эрдэнэт хотод “Мэдээллийн төв”-өө нээв
  • Саналыг тодорхой шалтгааны улмаас дараагийн хуралдаан хүртэл хойшлуулжээ
  • Сүмийн уулзвар гэрлэн дохиотой болжээ
  • С.Батжаргал: Хаягдлын аж ахуй ирээдүйд хаана байх вэ гэдгийг ч тооцох ёстой
  • Д.Батмөнх: Суурьшлын бүсийн хязгаарыг орон нутаг эргэн харах хэрэгтэй байна
  • “Мэдээлэл шуурхай удирдлагын төв”-ийг ирэх онд байгуулна
  • “Цахим орчинг зөв болгоё” аянд аймгийн Засаг дарга нэгдлээ
  • Аймгийн ИТХ-ын ээлжит XII хуралдаан энэ сарын 30-нд болно
  • Цагаан сарын гарын бэлэг тэтгэврийн нэмэгдэл байх нь ээ
  • “ЖЭМР”-ийн хийсэн цагаан тоосны судалгаа тун удахгүй ил болно
  • Өнөөдөр чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр
  • Найман иргэнийг ямар шалгуураар сонгосон юм бэ Зоригтбаяр дарга аа?
  • 807.1 сая тонн элснээс дэгдэж байгаа цагаан тоосыг “Дэд хөтөлбөр”өөр дарна
  • Хангалын голын ус бохирдсон гэдгийг шинжилгээгээр нотолжээ
  • “Цагаан тоос” дэд хөтөлбөрийг дагасан Жаргалантаас хийсэн сурвалжилга
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ХVI хуралдаан болов
  • Ходоодны хорт хавдраар нас барах тохиолдол сүүлийн гурван жилд буурчээ
  • Эрдэнэт үйлдвэр, орон нутгийн үйлдвэрлэгчдийн уулзалт боллоо
  • Монгол урчуудын бүтээсэн гурван давхар байшинтай дүйцэх Монгол гэрийг “Гиннес”-т бүртгэжээ
  • Эрдэнэтийг цогц үйлдвэрлэлийн хот болгох үйлсэд залуус нэгдлээ
  • “Нутгийн удирдлагын байгууллагуудын бүтээмж”-ийн талаар Эрдэнэтэд чууллаа
  • С.Ганцогт: Та нар өөрсдөө өндөг шиг өөгүй, энхийн цагаан тагтаа юм уу…
  • Арваннэгдүгээр сарын Төвийн нутгийн цаг агаарын төлөв
  • Сурагчид ирэх сарын 25-наас 2019 оны хоёрдугаар сарын 1-нийг дуустал амарна
  • 315 айлын түрээсний орон сууцны журмыг ТУЗ нь гаргахаар болжээ
  • Ц.Батхуяг: Монголчууд нэг толгойтой л болох хэрэгтэй, тэгж байж л цаашаа явна
  • Инженерийн энтэй засварчин
  • Тусгай зөвшөөрөл сунгахад цас мөс цэвэрлэсэн байдал нөлөөлнө