Иргэдээ дарамталсаар л байх уу, цагдаагийнхаан
Нийгэм, Улс төр 5 жилийн өмнө     35    0
“Намайг Эрдэнэбат гэдэг, чамайг харна аа”. Ингэж хэлээд иргэнийхээ өөдөөс чичилж байгаа төрийн цагдааг хараад айх, гайхах зэрэгцсэний үүднээс үүнийг тэрлэлээ. Жаргалант сумын ойн баяр наадам өргөн дэлгэр, сайхан болж байна. Жилдээ ганцхан удаа тохиодог төр ёсныхоо баяр наадмыг жаргалантчууд ёслол хүндэтгэлтэй тэмдэглэж байгаа энэ цаг үед Орхон аймгийн Цагдаагийн газрын цагдаа н.Эрдэнэбат дээрх үгийг хэлээд чанга дуугарч байгааг хараад үнэхээр цочирдсоноо нуух юун. Сумын иргэдийг аюулгүй амарт тайван наадамлуулахаар манай цагдаагийнхан ажиллаж байгаа ч иргэдтэйгээ харьцаж байгаа харьцаа нь цаг үеэсээ хоцроод байгааг эргэж харах цаг болжээ. “Хаан даатгал” компанийн Орхон салбарынхан хурдан морь унаач хүүхдийн эрүүл мэнд амь, насыг хамгалахаар даатгалд хамруулах үйлчилгээг тэнд үзүүлж байв. Цагдаагийнхан ч иргэдийнхээ амар амгалан байдлын төлөө ажиллаж байгаа. Гэтэл их насны морьдын уралдааны үеэр даатгалын байгууллагынхан морь дагасан байна. “Хаан даатгал”-ынхан аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, аймгийн Морин спорт уяачдын холбооныхонтой хамтран ажиллаж унаач хүүхдүүдийг даатгалд хамруулж, ажил үүргийнхээ хүрээнд морь дагасан бололтой. Гэтэл морь барианы газарт “Хаан даатгал“-ынханыг ирэхэд цагдаагийнхан давхин ирж жолоочид нь эр бяраа гаргаж байна аа. Жолооч ч “Та эхлээд өөрийнхөө бичиг баримтыг үзүүлж болох уу” хэмээхэд цагдаа н.Эрдэнэбат машинаасаа цагдаагийн үнэмлэхээ авч ирээд / цагдаа хувцастайгаа байсан/ “миний бичиг баримтыг үзнэ гэл үү, энэ байна. Намайг Эрдэнэбат гэдэг чамайг харна аа” гээд хашхирах юм. Бүр энэ үгийг гурав , дөрвөн удаа давтлаа. Өнөөх жолооч ч “Та намайг айлгаж, дарамтлах гээд байгаа юм уу” гэхэд Эрдэнэбат цагдаа “Үгүй, гэхдээ намайг Эрдэнэбат гэдэг, чамайг харна аа” гэж сүрдүүлж байгаад жолоочийн жолооны үнэмлэх, автомашины гэрчилгээг нь хурааж аваад одлоо. Өнгөрсөн онд Цагдаагийн байгууллагын тухай хуульд өөрчлөлт орж энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас их ч хэлж ярьсан. Өөрөөр хэлбэл, дээрх хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгсэнээр цагдаагийн байгууллага төрийн үйлчилгээний байгууллага болсон гэж иргэд ойлгож байгаа. Гэтэл манай зарим нэг цагдаа хуулиа сайн судлаагүй юу аль эсвэл “Хаан даатгал”-ын жолоочийг хараад үнэхээр уур нь хүрсэн үү “намайг Эрдэнэбат гэдэг, чамайг харна аа” гээд хашхирч байгааг наадамчид хараад их л гайхсан. Би ч тэдний нэг нь. Энэ талаар “Хаан даатгал”-ын ажилтнаас тодруулахад “Их насны морьдын уралдаанд хоёр хүүхэд унаж гэмтсэн. Бид даатгалын хуулийн дагуу газар дээр нь ажиллах үүрэгтэй. Тэнд ажилласан. Хоёр хүүхдийн нэг нь гайгүй. Нөгөө нь эрүү нь дотогшоогоо чихэгдсэнийг бид эмнэлэгт хүргэж өгсөн. Ажлаа хийгээд иртэл энэ цагдаа орилж хашхирсан. Би та замын цагдаа мөн үү гэж асуусан. Гэтэл намайг занасан үйлдэл үзүүлсэнийг миний машинд байсан гурван хүн, наадамчин олон та бүхэн харсан шүү дээ. Цагдаагийнхан ажлаа хийж байгааг ойлгож байна. Бид ч бас унаач хүүхдийн амь насыг хамгаалахаар даатгалын үйлчилгээ үзүүлж байна. Үг хэлээ ололцоод явах боломж байсан. Гэтэл Эрдэнэбат гэдэг цагдаа намайг заналхийлсэн. Намайг Эрдэнэбат гэдэг, чамайг харна аа гээд байгааг наадамчид харсан. Би энэ хүний талаар гомдлоо зохих газарт нь гаргана” гэлээ. Хөндлөнгөөс харсан наадамчдын хувьд хэл амаа ололцох боломж байхад манай цагдаагийн зарим нэг ажилтан үг хэл, үйлдлээрээ иргэдийнхээ эсрэг, зарим тохиолдолд илэрхий заналхийлээд байгаа нь “цагдаа төрийн үйлчилгээг төрийн нэрийн өмнөөс иргэдэд үзүүлнэ” үндсэн үүргээ умартаад өнөөх л иргэдээ айлгадаг, сүрдүүлдэг, дарамталдаг байдлаасаа хэзээ салах вэ. “Хаан даатгал”-ын ажилтны хувь заяа хэрхсэн талаар бид эргэн хүргэх болно.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг