Эмч нар дөрвөн настай хүүхдэд үйлчилгээ үзүүлэхээс татгалзжээ
Мэдээ, мэдээлэл 2 жилийн өмнө     117    0
Аймгийн БОЭТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эмч, сувилагч  нар дөрвөн настай хүүхдэд тусламж үзүүлэхээс татгалзсан тохиолдол гарчээ. Зургаадугаар сарын 27-ны өглөө 07.50 цагт дөрвөн настай хүүхэд халуураад бие нь тавгүйтсэн тул ар гэр нь БОЭТ-ийн Яаралтай тусламжийн тасагт хандсан байна. Гэтэл тус тасгийн сувилагч “Манайх хүн хүлээж авахгүй, наад хүүхдээ өрхийн эмнэлэгт нь үзүүл” хэмээн хөөж туусан байна. Халуурч, уйлагнасан хүүхдээ тэвэрсэн эцэг, эх “Өрхийн эмнэлэгтээ очсон боловч онгойх цаг нь болоогүй учраас энд ирлээ, хүүхдийг минь үзээд өгөөч” хэмээн гуйсан ч эмч, сувилагч нар “ээлж солигдож байгаа” гэх шалтгаанаар дөрвөн настай хүүхдийг хүлээж аваагүй аж. Хүүхдээ тэвэрсэн эцэг эх аргагүйн эрхэнд өөрийн харьяаны “Мэнд сэцэн” өрхийн эмнэлэгт хандсан боловч  тэдний эмч  “Миний харьяаны, миний үзэх хүүхэд биш байна, үзэхгүй[sgmb id="1"]” гээд хүлээн авахаас татгалзсан байна. Хүүгийн харьяаны өрхийн эмнэлгийн эмч нь амралтаа авсан тул ийнхүү бяцхан хүүд хандах газар олдохгүй байгаа тухай гомдлоо 70353511 тоот утсанд илгээжээ. Хүүгийн ар гэрийн гомдлыг Эрүүл мэндийн газрынхан шалгаж үзээд “Мэнд сэцэн” өрхийн эмнэлгийн эмчид  “Сануулах” арга хэмжээ авлаа хэмээн газрын дарга нь аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн дээр танилцуулав. Манай аймгийн БОЭТ-ийн эмч нар харилцааны ёс зүйгүй, “ээлж солигдож байна” хэмээн шалтаглаж дөрвөн настай хүүхдэд үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж байгаа үйлдэл нь эмчийн ёс зүйн талаасаа хатуухан хариуцлага тооцох ёстой  байж болох ч удирдлага нь тэдэнд ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. Эмч, сувилагч нарын талаар гаргаж байгаа иргэдийн гомдол тэр бүр тасардаггүй, хариуцлага зөрчсөн албан тушаалтанд хариуцлага тооцох механизм манай аймагт алга байна.