Эрчүүд нь гутлаа өнгөлж, эмэгтэйчүүд нь өндөр туфль өмсөхгүй
Хотын амьдрал 6 жилийн өмнө     133    0
Аймгийн ЗДТГ-ын дарга В.Сумъяасүхийн санаачлагаар тус байгууллагад мөрдөх “Албан хаагчийн үйлчилгээнд тавих шаардлага” стандарт боловсруулан мөрдөж эхэлжээ. Төрийн албан хаагчдын соёлгүй, бүдүүлэг харилцаа, хүнд суртлыг багагсгаж, иргэдэд хурдан шуурхай, зөв боловсон үйлчлэхэд энэхүү стандарт ач тустай аж. Албан хаагч иргэдийг инээмсэглэн угтаж, “Та сайн байна уу” гэж мэндлэхээс эхэлнэ. Мөн “Уучлаарай та, түр хүлээнэ үү, уучлаарай энэ миний, бидний буруугаас боллоо” гэж алдаагаа засаж, шаардлагатай арга хэмжээг нэн даруй авах ёстой. Эрэгтэй албан хаагч хууз сахал тавихгүй, бараан өнгийн костюм өмсөж, зангиа зүүнэ. Гутлаа байнга тосолж, өнгөлсөн байна. Эмэгтэйчүүд олон тооны бөгж, ээмэг, зүүлт, бугуйвч, үсний хавчаар зэргийг хэрэглэхийг хориглоно. Мөн тод өнгөтэй хувцас, хэт өндөр өсгийтэй туфль өмсөхгүй. Үүнээс гадна утсаар хэрхэн харилцах вэ гэдгийг нарийн заасан. Албан хаагч утсаар харилцахдаа албан тушаал, нэрээ заавал хэлнэ. Үйлчлүүлэгчийн хүссэн мэдээллийг өгөх боломжгүй бол хэзээ, хэрхэн мэдээлэхийг харилцагчид ойлгомжтойгоор хэлнэ гэх мэт банк санхүү, томоохон үйлчилгээний компаниудын ажилтнууд шиг соёлтой боловсон харилцах үүргийг аймгийн ЗДТГ-ын ажилтнууд хүлээж байна. Үүнээс гадна харилцааны нарийн соёлыг төрийн албан хаагчид эзэмжих ёстой гэнэ. Тухайлбал, үйлчлүүлэгчийн дэргэд бохь зажлахгүй, чанга дуугаар ярилцах, инээлдэх, шивнэлдэх, бүдүүлэг үг хэллэг хэлэх, хоорондоо нэр хочоороо дуудалцах, маргалдах, хувийн яриа дэлгэх, албаны бус үйлдэл гаргахыг хоригложээ. Халаасандаа гараа хийх, элгээ тэврэх, нуруугаа үүрэх, ойлгомжгүй нэр томъёо хэт их хэрэглэхгүй. Үйлчлүүлэгчтэй харилцахдаа харцаа өөр тийш хандуулан ярих, хүлээлгэх, тавьсан асуултанд хариулахаас үндэслэлгүйгээр татгалзах, үйлчлүүлэгчийг ялгаварлан харьцахыг хатуу хориглоно. Ажлын байран дээр үйлчлүүлэгчийн дэргэд зохиолын ном, сонин унших, хөгжим тавих, гар утас, компьютерт тоглоом тоглох, ажлын байран дээр хүүхэд байлгах, компьютер тоглуулах, эд бараа авчирж, зарж борлуулахгүй байх. Албан хаагчид ажлын байран дээр хоорондоо “ах аа”, “эгч ээ”, найз аа” гэсэн дотночилсон үг хэллэгээр харьцах, бусдын ажил төрлийг амжуулах гэж албан тасалгаагаар дагуулж зуучлах, албаны утсаар нэг хүнтэй хэт удаан ярих, хувийн уулзалт хийхгүй байх зэргийг хориглож, өдөр тутмын ажил албандаа мөрдөхийг үүрэгджээ.