Хувийн эмнэлгүүд ханиадтай хүүхдийг хөнгөлөлттэй үнээр үзэж байна
Хотын амьдрал 1 жилийн өмнө     116    0
  2019 оны 1 дүгээр сарын 09-ий өдрийн мэдээгээр улсын хэмжээнд тархвар судлалын 52 дахь 7 хоногийн байдлаар амбулаториор 139,812 хүн үйлчлүүлсний 9163 нь буюу нийт үзлэгийн 6,6 хувийг томуу, томуу төст өвчин/ТТӨ/ эзлэж байна. Орхон аймгийн хэмжээнд тархвар судлалын 1 дэх долоо хоногт томуугийн харуулдан тандалтын 10 нэгжээс ирүүлсэн мэдээгээр 6156 хүн үйлчлүүлсний 340 нь буюу 5,5 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж өнгөрсөн 7 хоногоос 2,6 хувиар өссөн байна. БОЭТ-ийн хүүхдийн тасагт 142 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.  Томуу, томуу төст өвчин ихэссэнтэй холбогдуулан өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдрүүдэд 08:00-20:00 цаг, амралтын өдрүүдэд 10:00-16:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байна. Манай аймагт хувийн хэвшлийн 4 хүүхдийн эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг. Амар, Бүжинлхам, Оюу чагнуур, Нахиа эмнэлгүүд ажлын өдрүүдэд 09:00-20:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цаг хүртэл цайны цаггүй уртасгасан цагаар ажиллахаар болсон. Түүнчлэн хувийн хэвшлийн хүүхдийн эмнэлгүүдэд томуу, томуу төст өвчний шалтгаанаар хандаж байгаа хүүхдүүдэд хөнгөлөлттэй үнээр буюу анхны үзлэгийг 10,000 төгрөгөөр үзэж байна.