В.Сумъяасүх: Их Залуугийн сургуулийг орон нутгийн төсвөөр гүйцээн барьж байна
Хотын амьдрал 5 жилийн өмнө     42    0
Наадмын дараа намар гэдэг. Өвлийг өнтэй давахын тулд хаа хаанаа бэлтгэлээ сайн базаах нь дулаахан, тохилог сайхан өвөлжихийн эхлэл байдаг. Дээрх сэдвээр болон энэ зуны туршид өрнөсөн бүтээн байгуулалт, сургууль, цэцэрлэгийн засварын явцын талаар аймгийн ЗДТГ-ын дарга В.Сумъяасүхтэй ярилцлаа. -Засаг даргын зөвлөлийн хурлаар өвөлжилтийн бэлтгэлийн мэдээллийг хэлэлцлээ. Одоогоор 70 гаруй хувьтай гэж дүгнэсэн гол үндэслэл юу вэ? Мөн өнөө зуны хувьд барилга, зам засварын нэлээдгүй ажил өрнөлөө. Хэчнээн төгрөгийн ажлыг орон нутгаас санхүүжүүлэв, одоогийн байдлаар явц нь ямар байна вэ? -100 мянган хүн амтай хотын хувьд өвлийн бэлтгэлээ эртхэн ярьж, араас нь хөөцөлдөхгүй бол болохгүй л дээ. Өнөөдрийн аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар холбогдох хүмүүсийн мэдээллийг сонслоо. Хотын хэмжээнд 41 ажил төлөвлөж, одоогоор 70 гаруй хувьтай байгаа нь наймдугаар сард боломжийн үзүүлэлт. Хотын хэмжээнд зургаан микрийн дотор зам засварын ажил, 12 багт гэр хороолол бүхэлд нь лед гэрлийн гэрэлтүүлэг, нийтдээ 100 блок буюу 200 гаруй орцны дээвэр, заадасны ажил зэрэг ажлуудаа бид бүтээн байгуулалтын хүрээнд нэлээд шахуу явуулж байна. Эдгээр ажил бүгд есдүгээр сардаа багтаад дуусах гэж байна. Манай иргэд эдгээр ажлыг яриад байхаар бүтээн байгуулалт гэж ойлгоод байгаа юм. Өнөөдөр Зөвлөлийн хурлаар өвлийн бэлтгэл ажлын хүрээнд хотын бусад бүтээн байгуулалтын талаар тодорхой мэдээлэл сонсож, явцыг нь, үр дүнг нь тодорхойллоо. Ухаандаа үүн дотор есдүгээр сарын 1-нд хичээл эхэлчихнэ, бид том оврын автобус нэвтрүүлчихсэн. Есдүгээр сарын 1-н болоход, сургуулийн хүүхдүүд маань нэмэгдээд, нийтийн тээврийн ачаалал нэмэгдэнэ. Автобусны тоо нь цөөхөн байна, маршрут нь богино байна гэдэг санал гараад байгаа. Иймд бид ахмадуудын хэрэгцээнд явж байсан гурав, дөрвөн автобусыг нийтийн тээврийн үйлчилгээний компанид нь шилжүүлж өгч байна, өнөөдрийн хурлаар. Ингэснээр автобусны тоо нэмэгдэнэ. Хоёрдугаарт, өндөр настан гээд ганцхан чиглэлд явдаг байсан автобусыг бүх чиглэлд явуулах боллоо. Том оврын автобус ахмадууд маань бүх чиглэлд суугаад, үнэ төлбөргүй зорчих нь. Түүнээс гадна Эрдэнэ, Хабитат, Их залуугийн зам есдүгээр сарын 15-н гэхэд ашиглалтанд орох юм. Тэгэхээр тэнд автобусны шинэ маршрут бий болно. Үүнтэй холбогдуулаад дахиад 10-12 автобус Солонгосоос нэмж татаж авахаар компаниудтай яриад, захиалга нь хийгдэж байна. Ингэснээр 30 гаруй автобус нийтийн тээвэрт явснаар маршрутын тоо нэмэгдэх юм. Мөн хичээлийн шинэ жил эхлэхэд, 10 гаруй хоног үлдлээ. Энэ жтл орон нутгийн төсвөөс боловсроллын салбарт нэг тэрбум төгрөг гаргаж, сургуулиудын засвар үйлчилгээ, тордох, сэлбэх ажлуудыг хийж байгаа. Ажил харьцангуй доогуур хувьтай сонсогдож байна. Дөнгөж 40 гаруй хувьтай яваа нь хангалтнүй, иймд надаар ахлуулсан ажлын штаб байгуулагдлаа. Боловсролын байгууллагын засварын ажлыг шахаж шаардах, чанарт нь хяналт тавих, цаг хугацаанд нь оруулах зэрэг ажлыг эрчимжүүлэх юм. Мөн улсын төсвөөр 500 гаруй сая төгрөгийн ажил хийгдэж байгаа. -Энэ хичээлийн жилд “Ирээдүйн одод” сургуулийг цэцэрлэгийн зориулалтаар ашиглахаар болсон. Мөн их залуу баг дахь 15 дугаар сургуулийн барилгын ажил зогсонги байна. Эдгээр сургууль, цэцэрлэгүүд шинэ хичээлийн жилд ашиглалианд орох уу? -Өнгөрсөн жил 1000 хүүхдийг шинээр цэцэрлэгт оруулсан. Өнөө жилийн хувьд зүтгүүлж байгаад хоёр цэцэрлэг ашиглалтанд оруулаад, 500-гаад хүүхэд авах бодолтой байгаа. 280 хүүхдийн “Ирээдүйн одод” цэцэрлэгийн засвар үйлчилгээний ажил хийгдэж байгаа, есдүгээр сарын 1-н гэхэд ашиглалтанд оруулна. Урсгал зардал нь байхгүй байгаа. Материал, тоног төхөөрөмжийг нь орон нутгаас санхүүжүүлсэн. Гэр хороололд “Миний гэр” гэдэг асрамжийн цэцэрлэг олон улсын байгууллагын шугамаар ажиллаж байгаа. Тэр байгууллагатай бид гэрээ хэлцэл хийгээд, шинээр хоёр бүлэг нээхээр боллоо. Ингэснээр ядуу амьдралтай айлын 60-иад хүүхдийг хамруулсныхаа хариуд бид суларч байгаа багийн байрнаас тэдэнд хэрэглүүлэх яриа хийгдсэн. “Мон-2301”-ийн шугамнаас төр татаж өгөөд, тэнд 60 хүүхдийг цэцэрлэгт хамруулахаар болж байна. Харин Их залуугийн 15 дугаар сургуулийг улсын төсвийн хөрөнгөөр барьж байгаа, одоогоор төсвийн царцаалтанд орчихоод, хөрөнгөгүй зогсож байсныг орон нутгийн төсвөөс 300 гаруй сяа төгрөг гаргаж, ажлаа дутуу орхиод явсан компанийг нь дуудаж авчран 650 хүүхдийн сургуулийг дуусгахыг үүрэг болгосон. Өнөөдөр гүйцэтгэгч компани гэрээгээ байгуулаад, ажилдаа орж байна. Сургуулийг есдүгээр сарын 1-нд ашиглалтанд оруулахад хугацаа нь арай шахуу байна. Энэ ондоо багтаагаад 650 хүүхдийн сургуулийг орон нутгийн төсвийн хөрөнгөөр бүрэн ашиглалтанд оруулах гэж байгаа. Уг сургуулийн хүрээнд гурван бүлэгт 90 хүүхдийг цэцэрлэгийн бэлтгэл бүлгээр хичээллүүлж, ирэх хичээлийн жилд нэгдүгээр ангид элсүүлэх цэцэрлэгийн анги нээхээр сургууль дотор зохион байгуулах гэж байгаа. Тэгэхээр гэр хорооллын энэ жил таван настай ирэх жил сургуульд суух 90-100 хүүхэд цэцэрлэгийн ангид явна гэсэн үг. Гэр хороололд халамжийн цэцэрлэгтэй нийлээд 150 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжийг бий болгож байна. Ярилцсан: М.Мөнх
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг