Л.Оюун-Эрдэнэ: Нийт 111 сая ам.долларын асуудалд 49 хувьтай хамаарал бүхий 5-6 компани байна
Онцлох мэдээ 7 сарын өмнө     61    0
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-д онцгой дэглэм тогтоосонтой холбоотойгоор ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад хариуллаа. -Албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлж өрөөг нь битүүмжиллээ. Тэдний эрх мэдлийг Засгийн газарт шилжүүлж байна гэж ойлгож болох уу? -“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулж буй байдлыг зогсоох болон бүтэц, бүрэлдэхүүнд нь өөрчлөлт хийхийн тулд онцгой дэглэм тогтоож байна. Учир нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ ажиллах боломжгүй байгаа. Үүнээс болж Стандарт банкны өрийн асуудлыг шийдвэрлэхэд бэрхшээл учирч байна. Мөн Эрдэнэт үйлдвэр бизнес төлөвлөгөөгөө хэвийн явуулж чадахгүй, мөнгө захиран зарцуулж, орон тооныхоо асуудлыг шийдвэрлэж чадахгүй байна. Энэ нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, төсөв, санхүүтэй холбоотой чухал асуудал учир өнөөдөр Засгийн газрын шийдвэр гарч онцгой дэглэм тогтоолоо.Засгийн газар бол УИХ-ын шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Монгол Улсын Их хурлаас 23 дугаар тогтоол гарсан. Тогтоолд “Засгийн газар хэлцэл хийх байдлаар маргаантай асуудлыг шийдвэрлэ“ гэсэн үүрэг, чиглэл өгсөн. Хэлцэл хийж маргаан таслах гэхээр, холбогдох хууль хяналтын хүрээнд гүйцэтгэх ажиллагаа явуулахаас өөр аргагүй болсон. Учир нь Худалдаа хөгжлийн банк хэдэн төгрөг зарцуулсан, хэд нь төрөөс гарсан, ямар санхүүгийн эх үүсвэрээр тус үйлдвэрийн 49 хувийг нь худалдаж авсан, тухайн үед яагаад УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр Засгийн газар давуу эрх эдэлсэн гээд асуудал үүсч байгаа. Үүнийг ил тод болгохын тулд судалгаа хийж байна. Санхүүгийн схемтэй холбоотой асуудал байна. Өмнө нь УИХ-аас ажлын хэсэг гарч ажилласан. Ажлын хэсэгт байгаа нууцын зэрэглэлд орохгүй буюу Засгийн газар, Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-д байгаа материалаас харахад санхүү нь таван эх үүсвэрээс гарсан байгаа нь баримтаар тогтоогдсон. Гэвч тогтоогдоогүй олон зүйл байна. Мөрдөн шалгах, мөнгө угаахтай холбоотой олон асуудал байна. Жишээ нь, Эрдэнэт үйлдвэрт ноогдол ашгаа авсан буюу нийт 111 сая долларын асуудал 49 хувьтай хамаарал бүхий 5-6 компани байна. Мөнгөний эх үүсвэрээс нь харахад нийлүүлэлтийн гэрээ, сонгон шалгаруулалтдаа давуу эрх олгосон, гэрээ хийчихээд ажлаа гүйцэтгээгүй тохиолдол байна. Эдгээрийг шалгахын тулд өрөөнүүдийг битүүмжилсэн -Онцгой дэглэм тогтоож байгаа нь үйлдвэрийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх вэ? - Үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаанд огт нөлөөлөхгүй. Онцгой дэглэм тогтоох асуудлыг өмнө Засгийн газар хэрэгжүүлж байсан. Эрдэнэт үйлдвэрийн хувьд 6 сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож байна. Хэрэв энэ хугацаанд асуудал шийдэгдэхгүй бол УИХ-аас сунгаж болно. -Бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор дээрх албан тушаалтнуудын оронд хүн томилох уу? -Юуны өмнө бүтцийн өөрчлөлтөөр орон тоо нь цомхон боллоо. Зургаан сарын хугацаанд дээрх орон тоон дээр хүн ажиллахгүй. Харин нэгдүгээр гарын үсэг шилжинэ. Үүнийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар /ТӨБЗГ/, Ажлын хэсэгтэй ярилцаж байж шийдвэрлэнэ. Нэмж нэг ч хүнийг томилохгүй. Мөн Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ хуралдахгүй.  Бид энэ хугацаанд 11 асуудлыг яаралтай шийдвэрлэнэ. Цаг алдаж болохгүй учир ийм шийдвэр гаргалаа. Мөн Стандарт банкны өр, гарын үсэг хуурамчаар үйлдсэн гэх олон асуудал байгаа. Буруутай этгээд нь хууль, хяналтын байгууллагын шалгалтаар тогтоогдвол дээрх өрийг нөхөн төлүүлэх асуудал ч яригдана.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)