Төрийн албан хаагчдыг БНСУ-д туршлага судлуулна
Нийгэм, Улс төр 5 сарын өмнө     158    0

“Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн”-гийн тэргүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнэ нь БНСУ-ын “Төвлөрлийг сааруулах нутгийн өөрөө удирдах бодлого судалгааны хүрээлэн”-ийн тэргүүн ВО ЖУН ГУК нар “Найрамдалт хамтын ажиллагааны санамж бичиг”–т гарын үсэг зурлаа. Ингэснээр Хамтын ажиллагааны хүрээнд Орхон аймгийн төрийн албан хаагчид БНСУ-д туршлага судлах арав хоногийн хөтөлбөрт хамрагдах боломж бий болж байна. Санамж бичигт гарын үсэг зурснаар Эрдэнэтийн төрийн албан хаагчид БНСУ-д тухайн салбарынхаа чиглэлээр 10 хоног туршлага судлах боломж бүрдэж байгаа юм.

Эрдэнэтчүүдийн эртний танил “ББ” буюу Бат-Өлзийн Бат-Эрдэнэ  өнгөрөгч дөрөвдүгээр сард БНСУ-ын “Төвлөрлийг сааруулах нутгийн өөрөө удирдах бодлого судалгааны хүрээлэн”-ийн удирдлагуудтай албан ёсны уулзалт хийсэн байна. Уулзалтаар БНСУ болон төрийн албан хаагчдыг харилцан туршлага судлуулах, БНСУ-ын хөгжлийн шилдэг бодлоготой танилцах, холбогдох сургалтуудад хамруулах, Монгол улсад БНСУ-ын хөрөнгө оруулалтаар морин тойруулга, фермийн аж ахуй байгуулах, Сөүлийн Их сургуульд солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж оюутан суралцуулах чиглэлэр санал солилцжээ. Мөн БНСУ-Монгол улсын хамтарсан “Олон улсын соёл солилцооны төв”-ийг байгуулах тухай ярилцаж харилцан хамтран ажиллахаар болсон Тэгвэл  эдгээр ажлын анхных нь болох хоёр  талт “Найрамдалт хамтын ажиллагааны санамж бичиг”-т Эрдэнэт хотноо ийнхүү гарын үсэг зурсан байна.

Санамж бичиг эхнээсээ ажил хэрэг болж эхний ээлжинд аймгийн нийт төрийн албан хаагчид дундаас 10 хүнийг шалгаруулж БНСУ-д туршлага судлах 10 хоногийн хөтөлбөрт хамруулахаар болжээ. Сонгон шалгаруулалтыг төрийн албан хаагчид дунд явуулахдаа эссэ бичих, илтгэл тавих гэсэн хоёр шатлалтайгаар явуулах юм байна. Шалгаруулалтыг энэ сарын 15-аас 30-ны хооронд зохион байгуулах гэнэ.

“Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн”-гийн тэргүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнэ “2020 онд төрийн хоёр албан хаагчийг 6 сарын хугацаатай БНСУ-ын  сонгогдсон хотын захиргаан дээр туршлага солилцуулах болно. Үргэлжлүүлээд Сөүл хотын их дээд сургуулиуд болон эмнэлэгтэй хамтын ажиллагааг эхлүүлж байна. БНСУ-ын Сөүл хотын захиргаанаас 50 га газрын хэмжээнд аялал жуулчлалын бүс байгуулахаар болж үүндээ 100 хувь хөрөнгө оруулахаар болсон. Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэнгээс энэ сарын сүүлчээр аймгийн гэр хорооллын хэмжээнд байгаа хөгжлийн бэрхшээлтэй том хүн, хүүхдэд зориулсан 30 тэргэнцэрийг мөн суурин 10 орчим иргэнд даралтны аппарат хандивлахаар болсон” гэлээ.

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)