Гар дээрээс авч хэрэглэж байгаа мах, сүүнээс эмийн үлдэгдэл илэрч байна
Нийгэм, Улс төр 5 сарын өмнө     243    0

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2016 оноос малын эмийн үлдэгдлийн шинжилгээг хийж  эхэлжээ.  Шинжилгээний дүнд малчдаас, гар дээрээс авч хэрэглэж, худалдан борлуулж байгаа мах, сүүн бүтээгдэхүүнээс эмийн үлдэгдэл илэрч байгааг мэдээллээ.  Малын эмийн үлдэгдлийн шинжилгээг Орхон аймагт  2016 оноос хийж эхэлжээ. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр мал аж ахуйн болон тариалангийн гаралтай бүтээгдэхүүнд эмийн үлдэгдлийг шинжилж байна. Жил бүрийн судалгаа шинжилгээний дүнд махны үйлдвэрүүдэд антибиотикийн үлдэгдэл илрээгүй.

Харин малчдын гар дээрээс авч борлуулдаг мах, сүүн бүтээгдэхүүнээс илэрч байна гэдгийг Мал эмнэлгийн газрын Мал, амьтны эрүүл мэндийн албаны дарга Л.Уртнаст хэллээ.

Мал амьтны халдварт өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтын ажил 4,5,6-р сард үргэлжилдэг.  Малын урьдчилан сэргийлэх вакцин  7-30 хоногийн дараа малын биеэс гадагшилдаг байна. Эмийн үлдэгдэл зөвшөөрөгдөх хэмжээнээс бага хэмжээтэйгээр зарим бүтээгдэхүүнд илэрсэн. Хэдийгээр бага хэмжээтэй ч өдөр бүр хэрэглэснээр антибиотикийн дасал болох эрсдэлтэй. Намар идэш хийсэн айлын мах эмийн үлдэгдэлтэй байвал өвлийн турш идэх болно гэдгийг тайлбарлаж байна.

Эмийн үлдэгдэлтэй бүтээгдэхүүнийг чанаж болгосон ч тухайн эмийн үлдэгдэл арилдаггүй байна. Антибиотикийн үлдэгдэлтэй бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэснээр антибиотикт дасал болох тухайн эм үйлчлэхгүй болдог. Тиймээс мал амьтны халдварт өвчнөөс сэргийлэх вакцинжуулалт эхэлсэн үед гар дээрээс худалдан авах маханд болгоомжтой хандахыг анхааруулж байна.

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)