Монголын “ТОП менежер”-үүд Эрдэнэтчүүдийн бахархал
Мэдээ мэдээлэл 3 сарын өмнө     152    0

Монгол улсын Засгийн газар Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран эдийн засаг, бизнесийн хамгийн нэр хүндтэй шагнал болох  “ТОП-100” болон “Bloomberg Tv Mongolia Awards 2018” шагналыг шилдэг биенес эрхлэгчдэд олгосон. Ингэхдээ өнгөрөгч 2018 онд татвар, борлуулалтын орлого, ашиг, хөрөнгө, ажиллагсдын тоо гэсэн 5 үзүүлэлтээр эрэмбэлж Монголын олон зуун мянган аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдээс “ТОП-100”-г нь шалгаруулсан.

“ТОП-100”-гийн манлайд Х.Бадамсүрэн захиралтай “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 17 дахь удаагаа итгэл төгс шалгарсан бол Б.Ганхуяг захиралтай “Эрдэнэс таван толгой” аман хүзүүдсэн. “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс таван толгой” хоёр төрийн өмчит аж ахуйн нэгжүүд. Тэдний удирдлага нь албан ёсны хэллэгээр бол Гүйцэтгэх захирлууд авч бизнесийнхэний ойлголтоор бол тэд Ерөнхий менежерүүд нь. Эрдэнэтчүүд бид нэг талдаа их азтай, одтой хүмүүс. “ТОП-100”-г манлайлсан энэ хоёр том аж ахуйн нэгжийн удирдлага, ТОП менежерүүд нь болох Х.Бадамсүрэн, Б.Ганхуяг нарын ажил амьдрал, үйлс бүтээл нь Эрдэнэт хот, Орхон аймагтай салшгүй холбоотой. Нөгөө талдаа энэ хоёр шилдэг менежерүүд уурхайчдын дундаас төрөн гарсан эрхмүүд.

Х.Бадамсүрэн захирлын хувьд түүнийг монголчууд дэндүү сайн танина, дэлхий ч биднээс дутуугүй түүнийг мэднэ. "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хувьд зэс, молибдений хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог. Өнгөрөгч  2018 оны байдлаар баяжуулалтаа 36 сая 600 мянган тоннд хүргэсэн энэ үйлдвэрийг цаашид ч Монголын эдийн засгийн гол багана болсоор байна гэдгийг Монгол хүн бүр мэддэг. Мөн борлуулалтын орлого нь түүхэндээ анх удаа 2 их наяд төгрөгт хүрч, цэвэр ашгийн төлөвлөгөөг 120 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн. Улс, орон нутгийн төсөвт 655 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь тэднийг ийм амжилтад хөтөлсөн. Нийтдээ 6000 гаруй хүнтэй дэлхийд данстай энэ том үйлдвэрийн хамгийн хүнд бэрх цагт удирдлагын багтайгаа, уурхайчидтайгаа хамт улс төржүүлэлгүй, улс төрийн хуй салхины үе үеийн хүчтэй исгэрэлтэд ажралгүй давж гарсан Х.Бадамсүрэн гэдэг хүний гавьяа үнэндээ их. Уул уурхайн салбарын олон ч мэргэжилтнүүд  түүнийг нэгэн цагт Монголын нэрийн хуудас болж явсан энэ үйлдвэрийн анхны Монгол захирал Ш.Отгонбилэгтэй зүйрлэн  үнэлж байсныг  сонс явлаа. Үнэхээр тэр уурхайчдын дундаас төрсөн Монголын “ТОП менежер” яах аргагүй мөн.

Б.Ганхуяг захирлын хувьд Эрдэнэт хотын унаган хүүхдүүдийн нэг. Энэ цагт Эрдэнэт хотын, Орхон аймгийн нэрийн хуудас болж яваа залуусын манлайлагч. Тэрбээр “Төр хамгийн сайн менежер байж чадна” гэдэг ойлголтыг амьдралд 100 хувь баталж яваа эрхэм. Нэг хэсэг “Төр хамгийн муу менежер учраас бүх өмчийг хувьчлах хэрэгтэй” гэж хэлдэг хэнээрхэгчдэд Б.Ганхуяг  “Үгүй, Монголын төр ч бизнесийн салбарт хамгийн сайн менежмент хийж чаддаг юм шүү” гэдгийг хамт олонтойгоо, уурхайчидтайгаа цуг баталж, нотолж яваа удирдагч. Ямар сайндаа л энэ удаагийн “ТОП-100”-гийн шалгаруулалтын үеэр дэлхий даяар сүлжээтэй, эдийн засаг, бизнесийн толь болсон Bloomberg ийнхүү өөрийн дээд шагнал болох  "Bloomberg awards”-аа Б.Ганхуяг захиралтай “Эрдэнэт таван толгой” ХК-д олгосон нь санамсаргүй зүйл биш. Тус компани 2018 онд1.9 их наяд төгрөгийн борлуулалт хийж, 807 тэрбумын ашигтай ажиллахдаа борлуулалтын төлөвлөгөөг 240 хувиар давуулан биелүүлж, нүүрсний үнийг тогтмол өсгөж чадсан нь голлох нөлөөг үзүүлсэн талаар эдийн засагчид онцолсон байна. Сонирхуулахад, 2017 онд ч энэ хоёр компани эдийн засгийн нэр бүхий таван үзүүлэлтээрээ бусдыгаа тэргүүлж тухайн оныхоо “ТОП-100”-ыг манлайлсан байдаг.

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, шинжлэх ухааны доктор Х.Бадамсүрэн захирал Өмнөговь аймгийн уугуул. Харин Б.Ганхуяг захирлын хувьд Орхон аймаг, Эрдэнэт хотоороо овоглож, дуудуулж явдаг. Хувь заяаны төөргөөр ч тэр үү зургаан мянга гаруй уурхайчинтай, дэлхийд данстай энэ үйлдвэрийн Ерөнхий менежерээр нь Өмнөговийн уугуул Х.Бадамсүрэн захирал ажилладаг бол энэ зуунд Монгол орныг тэжээх үүц болсон өмнийн говийн нэрийг мандуулж байгаа “Эрдэнэс таван толгой”-н захирлыг Эрдэнэтийн Б.Ганхуяг гэдэг гэвэл таньд нэг юм бодогдож байгаа болов уу. Энэ хоёр хүний удирдан яваа уурхайчдын гаргасан амжилтыг товчхон дүгнэхэд “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс таван толгой”-н уурхайчдын бүтээсэн баялаг ДНБ-ийн 10 гаруй хувьтай тэнцэж байна хэмээн зарим эдийн засагчид үнэлсэн нь нэгийг хэлээд байна.

Ямар ч байсан Өмнөговийн уугуул Х.Бадамсүрэн, Эрдэнэт хотын унаган хүүхэд Б.Ганхуяг нар энэ цагийн Монголын уул уурхайн өнгийг тодорхойлж яваа уурхайчид. Тэд Монголын “ТОП” менежрүүд. Тэд Эрдэнэтчүүдийн бахархал юм.       

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг