Аймгийн АН-ынхан эрх баригчдад, Шаардлага, Мэдэгдэл хүргүүлсэн жагсаал зохион байгуулав
Нийгэм, Улс төр 4 сарын өмнө     185    0

Ардчилсан  намаас улс төрийн тэмцлийн хэлбэрт шилжиж, бүх ард түмний эсэргүүцлийн жагсаалыг  тавдугаар сарын 30-нд орон даяар зохион байгуулав.  АН-ын дарга С.Эрдэнэ  энэ сарын 22-ны өдөр “Ард түмнийг өмгөөлж байгаа улс төрийн хүчин АН-аас өөр алга. Эрх баригчидтай асуудлыг эн тэнцүү ярьж, нийгэмд үүссэн хямрал, ард түмний эрх ашиг зөрчигдөж байгааг таслан зогсоох, түүнээс хамгаалах, УИХ-д хариуцлага тооцох ёстой.

Тиймээс олон түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, улс төрийн тэмцлийн хэлбэрт шилжиж байна” гэдгээ мэдэгдээд байсан юм. Аймгийн АН-ын удирдлага, гишүүн, дэмжигчид пүрэв гарагийн 16.00 цагаас намынхаа цэнхэр байрнаас эхлүүлж хотын төв гудамжаар жагсч улмаар Барилгачдын талбайд зохион байгуулав. Энэ удаад Баян-Өндөр сумын удирдлагаас АН-ынханд Амарын талбайд жагсах, хашхирах, шүгэл үлээх боломжийг нь хязгаарлаж “Хүүхдийн баярын арга хэмжээний бэлтгэлтэй” гэдэг шалтгаанаар зөвшөөрөл олгоогүй байна.

Жагсаалд оролцогчид Барилгачдын талбайд ирсэний дараа жагсаалыг нээж аймгийн АН-ын дарга Ц.Батхуяг үг хэлэхдээ “Өдрөөс өдөрт ард түмний амьдрал доройтож байна. Эрх баригчид сонгуулиар амласан амлалтаа биелүүлэхгүй байна. Амлалтаасаа ухардаг боллоо. Иймээс нэн даруй УИХ, Засгийн газар огцрох ёстой” гэж шаардлаа. Жагсаалын үеэр олон иргэн үг хэлж эрх баригчдыг огцрохыг нэн даруй шаардаж улс төрийн увайгүй үйлдлээ таслан зогсоохыг шаардан шүгэл үлээж байсан юм. Мөн аймгийн ИТХ дахь МАН-ын 30 төлөөлөгч бүгд дарга болсон. Дарга төлөөлөгчид огцор. Биднээс давхар дээлээ тайлахыг хэдэн жилийн өмнө шаардаж байсан эдгээр эрхмүүд өнөөдөр өөрсдөө давхар дээл өмсчихөөд амлалтаасаа, ард түмнээсээ урваж байгааг дуулгалаа. УИХ-ын гишүүн О.Содбилэг, Д.Дамба-Очир нар бензиний үнийн өсөлтөд буруутай, ЖДҮ хөгжихөд саад, тээг болж хувьдаа тэрбум тэрбумаар нь зээл авсан учраас нэн даруй огцрох ёстой гэж шаардаж байсан юм. Жагсаалд оролцогчид төрийн гурван өндөрлөг болон АТГ, Ерөнхий прокурор нарт Мэдэгдэл, Шаардлага хүргүүлж буйгаа энэ үеэр  мэдэгдлээ. 

Ингээд аймгийн АН-аас гаргасан Шаардлагыг  бүрэн эхээр нь хүргэж байна

Шаардлага

Орхон аймгийн АН-аас Монгол улсын нийгэм, эдийн засгийн бодит асуудлаа шийдвэрлэж, эрх баригч намын үндсэн үүргээ биелүүлэхгүй байгаа УИХ тарах, Засгийн газар огцрохыг шаардаж байна. Үүнд.

  1. Иргэдийн аюулгүй, эрүүл орчинд амьдрах нөхцөл алдагдаж, нийгмийн гоц халдварт сүрьеэ өвчний тархалтын талаар дорвитой арга хэмжээ авахгүй байгаа эрүүл мэндийн салбарын удирдах албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэдэггүй Засгийн газрыг огцрохыг шаардаж байна.
  2. Мөнгөний ханшны уналт, махны болон өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг тогтворжуулах төрийн бодлогыг дорвитой хэрэгжүүлэхгүй байгаа Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардаж байна.
  3. УИХ-ын 64 суудалтай МАН-ын гишүүд хуулийг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн өөрчлөх замаар гэмт этгээдүүдийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх нэрийдлээр хуулийн хариуцлагаас мултлах, хүчин, хүн амины хэрэгт нэр холбогдох, авлигын гэмт хэрэгт сэрдэгдэх нь улам бүр даамжирч УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл байх ёс зүйн чадамжаа үндсэндээ алдаад байгаа тул УИХ-ын тарахыг шаардаж байна.
  4. Үндсэн хуулийн суурь үзэл санаа хүний эрхийг дээдлэх, МАН-ын мөрийн хөтөлбөрийн нэгээхэн хэсэг болох татвар нэмэгдүүлэхгүй гэсэн амлалтынхаа эсрэг Татварын багц хуульд хүний эрх, эрх чөлөөг хясан боогдуулах зүйл, заалтуудыг олноор оруулж, Сангийн сайд нь өөртөө шүүх эрх мэдлээс давсан олон боломж гаргасан, бизнес эрхлэгчдийн өмчлөх, чөлөөтэй зорчих эрхэд халдсан, иргэншлийн ололт болсон ХХК-ийн суурь зарчмыг эвдсэн олон заалтыг бусдын нөлөөлөлд автсан байдлаар оруулсаныг асар хайхрамжгүйгээр, хянан үзэлгүйгээр баталсан УИХ тарах ёстой.
  5.  МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь “Шударга ёсыг тогтооно” гэсэн сүржин мэдэгдэж Монгол улсын Засгийн газрын тэргүүн болсон боловч  эрх мэдлээ далимдуулан ЖДҮ-чдийн боломжийг хулгайлсан МАН-ын УИХ, Засгийн газрын гишүүддээ өнөөдрийг хүртэл хариуцлага тооцолгүй, УИХ-ын олонхиор түрүү барьж гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэлгүй авч үлдэн хамгаалж Монгол төрийн хуулийг хүчгүйдүүлж амлалтаасаа ухарсан улс төрийн попролт хийж байна. Иймд төрийн албыг худалдсан, төрийн эрхийг хууль бусаар авсан 60 тэрбум, ЖДҮ, концессын хэргийн эзэдтэй хариуцлага тооцон Засгийн газрыг огцруулж, УИХ-ыг тараан Монгол төрийг цэвэршүүлж, төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлж, төрийн үйл ажиллагааг хэвийн болгохыг шаардаж байна.

                                       Орхон аймгийн Ардчилсан нам

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)