Уушгины хавдрын оношилгоог 60 хувийн хөнгөлөлттэй хийлгэх боломж бүрдлээ
Хотын амьдрал 4 сарын өмнө     181    0

           Өнгөрсөн долоо хоногт манай аймагт айлчилсан БНСУ-ын Инчеон хотын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга тэргүүтэй төлөөлөгчид Засаг дарга Д.Батлуттай уулзах үеэрээ эрдэнэтчүүдэд нэгэн гэнэтийн бэлэг барьсан юм.

Тус хотын захиргаа, эрүүл мэндийн байгууллагын зүгээс нь Эрдэнэт хот, Орхон аймгийн харьяат иргэнийг уушгины хавдрын чиглэлээр Инчеон хотод очиж оношлогоонд орох бол 60 хувийн хөнгөлөт үзүүлэх болсон тухай орон нутгийн удирдлагад дуулгажээ. Инчеон хотын өндөр зэрэглэлийн эмнэлгүүдийн хувьд уушгины өвчний чиглэлээр илүү мэргэшсэн, уушгины хавдрыг анагаах, оношлох үзүүлэлтээрээ улсдаа тэргүүлдэг байна.

Ингэснээр манай аймгийн ямар ч иргэн уушгины хавдрын эрт илрүүлэлтийн үзлэгт оношлогооонд хамрагдахын тулд БНСУ-ын Инчеон хотын томоохон эмнэлгүүдийг зорих бол аймгийн ЗДТГ-аас Д.Батлут даргын гарыг үсэгтэй тодорхойлолттой бол  төлбөрийн хувьд 60 хувийн хөнгөлөлт үзүүлэхээ ийнхүү амлаж байна. Инчеон хотын эмч нар  манай аймагт ажиллах үеэрээ  БОЭТ-д ажиллаж эрүүл мэндийн үзлэг хийжээ. Нийтдээ 60 гаруй хүнд үзлэг, шинжилгээ хийснээс зүрхний төрөлхийн гажигтай нэг хүүхдэд үнэ төлбөргүй хагалгаа хийж өгөхөөр болсон байна.  Засаг дарга Д.Батлут “ Аймгийн хэмжээнд хэрэгжиж байгаа Эмч дэд хөтөлбөр, Эрүүл Эрдэнэт хүн хөтөлбөрийн хүрээнд бид олон ажил хийж байна.  Хийж, хэрэгжүүлж байгаа ажлаа гадныханд зөв ойлгуулж сурталчилж чадвал тэд ч биднийг дэмжиж хамтран ажиллах боломж нээлттэй байгаа гэдгийг Солонгосчуудын айлчлал харууллаа. Эрдэнэтийн эмч нарын төлөө, эрдэнэтчүүдийн төлөө гаргаж буй Солонгосын эмч, мэргэжилтнүүдийн сайхан сэтгэлд талархаж байна. Боломжгүй зүйл гэж хаана ч байхгүй. Боломж, гарц хэзээд байдаг” хэмээн хариу талархал илэрхийлсэн юм.   

Ц.Ариун

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)