Ц.Шаравжамц, Ж.Нарантунгалаг нар Эрдэнэт хотын Алдрын багананд мөнхөрлөө
Мэдээ мэдээлэл 15 өдрийн өмнө     96    0

Дэлхийн томоохон хотууд төдийгүй, цэнхэр гараг дээр хамгийн өргөн дэлгэр түгсэн спортын төрлийнхөн өөр өөрийн гэсэн “Алдрын танхим”, “Алдрын багана”-тай байдаг. Тэгвэл Улаанбаатар хот дахь Эрдэнэтийн нутгийн зөвлөлөөс санаачлан Урт цагааны гудамжинд Алдрын баганыг байгууллаа. Улаанбаатар хот дахь Эрдэнэтийн нутгийн Зөвлөлийн тэргүүн, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг  тэргүүтэй нийслэл хотноо амьдарч, ажиллаж буй Эрдэнэтээ гэсэн сэтгэлтэй залуусын хүч хөдөлмөрөө хотын төвд Алдрын танхимтай болсон анхны аймаг нь манайх боллоо. 

Урт цагааны гудамжаар Эрдэнэтчүүд өдөртөө хэдэн удаа ч баруунаас зүүн, зүүнээс баруун тийш  алхаж өнгөрдөг. Тэгвэл тэнд 50 ширхэг багана байдгийг тоолсон хүн хэд байдаг бол. Эдгээр 50 баганы баруун талаасаа эхний хоёрт нь Эрдэнэтээс төрсөн спортын алдартнуудаа мөнхөллөө. Хамгийн эхний багана дээр Монгол улсын гавьяат тамирчин, сагсан бөмбөгч, Эрдэнэтийн унаган хүү Ц.Шаравжамцын гарын алганы мөр, түүний сагсан бөмбөгийн цагараг дээрээс тохож байгаа алдартай мөч, спорт сонирхогч хүүхэд багачуулдаа хандаж хэлсэн үгийг нь байршуулжээ. Ц.Шаравжамц цагтаа Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн зуны баг, мэргэжлийн лигт анх удаа тоглосон Монгол хүн болсон юм. Эдүгээ түүний хоёр хүү аавынхаа араас сагсан бөмбөгч болж холын Америкийн академийнхны анхаарлыг татаад байгаа билээ.  

Харин хоёр дахь багана дээр Монгол улсын гавьяат тамирчин Мэргэжлийн боксын дэлхийн аварга цагтаа “Чингисийн цавчилт” нэрээрээ дэлхийг дэлдийлгэж явсан, Холимог тулааны "One сhampionship", "Legend FC" холбооны дэлхийн аварга асан, Эрдэнэт хотын унаган хүү Ж.Нарантунгалагийн хоёр нударгыг мөнхөлсөн юм. Мөн түүний 2015 онд Дубай хотноо Японы мэргэжлийн боксын нэрт тамирчин   Коши Ойштой хийсэн тулааны үеэрх гайхамшигт “Чингисийн цавчилт” бүхий түүхэн хоромыг харуулсан зургийг байрлууллаа. Ж.Нарантунгалаг нь 2015 оны Дубайд болсон тэрхүү тэмцээнд Японы тамирчныг ялж дэлхийн аварга болж байсан түүхтэй. Ж.Нарантунгалаг мэргэжлийн боксын дэвжээнд 14 удаа ялж, ердөө дөрөв удаа л  ялагджээ.

Алдрын баганын нээлтийн ёслолд Улаанбаатар хот дахь Эрдэнэтийн нутгийн зөвлөлийн тэргүүн Б.Ганхуяг, нутгийн Зөвлөлийн тэргүүлэгчид, спортын хорхойтнууд төдийгүй энэ цагийн Монгол улсын нэрийн хуудас болж яваа гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг, Ц.Шаравжамц нар оролцож нэг хэсэгтээ л Урт цагааны гудамжинд түгжрэл үүсгэсэн юм. Энэ үеэр “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хэлсэн үгэндээ “Энд байгаа 50 багананд Эрдэнэт хотоос төрөн гарсан алдартнуудаа мөнхжүүлнэ. Энэ ажилд хамтран оролцсон эрдэнэтчүүд төдийгүй аймаг, орон нутгийн удирдлагууд, ИТХ-ын төлөөлөгч гээд бүхий л хүмүүст талархлаа илэрхийлье. Эрдэнэтээр овоглодог, Эрдэнэтийн нэрийг мандуулж яваа алдартнуудаа мөнхжүүлэх ажил цаашид ч үргэлжлэх болно” гэсэн юм.

Эрдэнэтийн хүүхэд багачуул сагсан бөмбөг, боксын спортоор түлхүү хичээллэдэг. Ирээдүйд нэртэй, алдартай тамирчин болж Эрдэнэтийн төдийгүй Монголынхоо нэрийг дэлхийд дуурсгах гэсэн гэгээн мөрөөдөлтэй хүүхэд багачуудад гавьяат тамирчин Ц.Шаравжамцын алганы мөр, дэлхийн аварга Ж.Нарантунгалагийн хоёр хүнд нударга урам зориг өгч Эрдэнэтийн хүүхэд багачуулын хүсэл мөрөөдөлд бяцхан гал асаах нь дамжиггүй.    

     

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг