​М.Амарбаяр: Тавантолгойн IPO-г гацаах зорилготой байх, бид хуулийн байгууллагад хандана
Уул уурхай 4 сарын өмнө     174    0

Бид “Эрдэнэс-Тавантолгой” компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяртай ярилцлаа. 

-“Эрдэнэс-Тавантолгой” компанийн хэт өндөр зардалтай, ганцхан жишээ гэхэд 2019 оны төсөвтөө 7 тэрбумаар жип авахаар төсөвлөсөн гэхчлэн шүүмжлэлийг Л.Наранбаатар ярилцлагадаа хэлсэн. Өмнө нь ч энэ тухай нэлээд ярьж шүүмжилж байсан. Танайх ч тайлбар өгч байсан санагдаж байна.

“Эрдэнэс-Тавантолгой” компани олон улсад IPO босгохоор ажиллаж байгаа энэ завгүй өдрүүдэд  компани руу болон удирдлагын баг руу дайрсан  дайралтуудыг иргэн Л.Наранбаатар гэж хүн идэвхитэй хийж байгаа. Тавьж байгаа шаардлагууд, ярьж байгаа зүйлс дотор нь  зөв зүйтэй зүйлс байгаа л байх. Тэр тусмаа олон нийтэд таалагдах, худлаа байсан ч ийм л байгаа даа гэж хардан бодох, улмаар дэмжмээр санагдах зүйлс ч байгаа байх. 2019 оны төсөвтэй холбоотой тайлбарыг бид өгсөн. Манай компанийн ТУЗ-д хаяглан ирүүлсэн “10 асуулт” гэх албан бичгийн хариугаар дамжуулан тэрхүү өндөр, үрэлгэн гээд байгаа зардал бүрийн талаар дэлгэрэнгүй тайлбар өгч байсан. Өнөөдөр танай сайтын ярилцлагад дурдагдсан 7 тэрбумаар жийп машин авах гэж байна гэсэн зүйлийг жишээ болгон хэлье. Тийм зүйл байхгүй. Машин техник, тоног төхөөрөмжийн зардалд 7 биш, 79 тэрбум төгрөг төсөвлөсөн байсан. Үүний 76 тэрбум нь уурхайд өндөр хүчин чадлын тусгай зориулалтын техник авах зардал байсан ч хассан. Жийп гээд байгаа нь уурхайд TLC76,TLC78,TLC79-тэй дүйцэхүйц ганц хоёр машин авах зардал, мөн оффист   Соната, Старекс, Приустэй дүйцэхүйц автомашинууд авах зардалд нийтдээ 2 тэрбум төгрөг төсөвлөсөн байсан, мөн хасагдсан. Гайхуулаад байх зүйл биш байх, гэхдээ компанийн хэмжээнд захиргаа, аж ахуй, бүх юмандаа явдаг ганцхан микро автобустай, энэ автобус нь уурхай руу томилолтын хүмүүс аваад явчихаар унаагүй болчихдог ийм л байдалтай байгаа юм.  “Эрдэнэс- Тавантолгой” ХК 2016 он хүртэл ашиггүй ажиллаж ирсэн. Тийм болохоор машин техник, тоног төхөөрөмж, компьютер, тавилга хэрэгсэл гээд бүх зүйлийн хувьд маш хангалтгүй, дутуу дулимаг хэвээр байгаа. Товчхондоо зарим хүмүүсийн хардаад, шүүмжлээд байгаа шиг тансаг хэрэглээ байтугай наад захын ажлын хэрэгцээний зүйлсээ ч бүрэн хангаж амжаагүй л байдалтай байгаа компани.  2018 онд бид 807 тэрбумын цэвэр ашигтай ажилласан. Ийм ашигтай ажиллаж байгаа компани өөрсдийн зайлшгүй хэрэгцээт зүйлсээ хууль журмын дагуу төсөвтөө суулгаад, худалдан  авч болохгүй гэж үү?  Энэ бүхнийг хэлж тайлбарлаж өгөөд байхад дайраад байгаагийн цаана “Эрдэнэс-Тавантолгой” компанийг хөгжүүлэхгүй байх, аль болох ашиггүй ажилладаг, чадваргүй, сул дорой компани байлгах сонирхолтой хувь хүн, хэсэг бүлэг хүмүүс байна л гэж хардахад хүргэж байгаа юм. Удирдлагын зардал их байна, 2015 оныхоос хэд дахин өссөн байна, ийм хэмжээтэй байхад болно гэхчлэн Л.Наранбаатар шүүмжилдэг. 2015 оноос чинь хойш компанийн үйл ажиллагаа хамаагүй томорчихоод байна. Зөвхөн олборлолт, борлуулалт гэхэд  хэд дахин нэмэгдчихээд байна. Дээрээс нь олон улсын хөрөнгийн зах зээлд IPO гаргах, олон жил зогсонги байсан төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэн ажиллахтай холбоотойгоор өмнөх жилээс орон тоо нэмэгдсэн. Гэхдээ энэ нь нэгдүгээрт зайлшгүй шаардлагатай орон тоо нэмэгдсэний дээр  олон улсын жишиг нормативтай харьцуулахад орон тоо илүү гарах биш харин дутуу байгаа. Үнэхээр инженер, эдийн засагч хүн юм бол олборлож буй нүүрсний хэмжээ, ажлын гүйцэтгэл дээр үндэслээд олон улсын ижил түвшний уурхайнуудтай харьцуулаад хэдэн хүн ажиллах ёстой вэ гэсэн дундаж тооцооллыг гаргаад ирэх ёстой. Олборлож буй нүүрсний хэмжээ, ажлын гүйцэтгэлийг ажиллах хүчиндээ харьцуулж гаргасан жишиг үзүүлэлт байдаг юм билээ. Энэ үзүүлэлтээр тооцоход манай нэг хүнд оногдож буй ачаалал Хятадын ижил түвшний компаниудаас нэлээд өндөр байгаа. Монголдоо  Энержи ресурс ХХК-тай харьцуулахад хүртэл манай ачаалал илүү байгааг саяхан манай дэд захирал Цогтбаяр хэвлэлийнхэнд ярилцлага өгөхдөө тайлбарласан. Зөвхөн манай компанийн биш олборлогч компаниудынхаа ажиллагсдын тоог нэмээд тооцоход л орон тооны хувьд “Энержи ресурс” компаниас бага байгаа юм. Яагаад “Энержи ресурс”-тэй харьцуулж тайлбарлаад байгаа юм бэ гэвэл хувийн компани илүү орон тоотой ажиллахгүй, хамгийн бага зардлаар ажиллаж байгаа ш дээ.

-Эрдэнэс-Тавантолгой компанид улстөрчдийн шахааны хүмүүс дүүрсэн гэж ярьдаг. Үүнтэй холбоотойгоор компанийн үйл ажиллагааны зардал өсөж байна. Тухайлбал, байрны түрээс, шинэ оффис барих зэрэгт их хэмжээний мөнгө зарцуулах гэж байна гэдэг. Энэ асуудалд тайлбар өгөхгүй юу?

-Монгол Улсын иргэн хүн чадвар мэдлэг нь тэнцээд, хууль журмын дагуу гэрээ байгуулаад ажиллаж хөдөлмөрлөх эрхтэй. “Эрдэнэс-Тавантолгой” ХК харин ч урьд өмнөхөөсөө нээлттэй болсон. Шинээр  гарсан ажлын байр бүртээ сонгон шалгаруулалт зарлаж, хууль журмын дагуу шалгаруулж авдаг. Тэр хүн өмнө нь хаана ажиллаж байсан нь бус өмнөх ажлаа сайн хийж байна уу үгүй гэдэг нь илүү чухал гэж бодож байна.  Тэгээд ч гүйцэтгэх удирдлагын баг сайн ажиллаж байгаа, саяхан ТӨБЗГ, ТУЗ гүйцэтгэх захирлын ажлын тайланг хэлэлцээд “Сайн” гэж үнэлсэн. Захирлаасаа эхлээд  удирдлагын баг нь хэл ус ч үгүй гэсэн юм харагдана лээ. Бүүр харлуулах, доромжлох гээд эвээ олохгүй, юм олдохгүй ядаж байгаа юм болов уу даа.  Дотоод, гадаадад өндөр боловсрол эзэмшсэн, нэг байтугай хэл устай  залуус манай удирдлагын  багт олон бий. Гүйцэтгэх захирлын хувьд ч гаднын олон зочид, харилцагчтай уулздаг. Тэр хүмүүстэй орчуулагчгүй, шууд англиар яриад харилцаад явдаг гээд хэлчихвэл өөр илүү тайлбар хэрэггүй байх.   “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ажилтан гээд 240 хүний нэр ус, цалингийн жагсаалтыг хэвлэлүүдэд үзүүлээд явж байна гэж сонссон. Хэчнээн төрийн өмчит компани байлаа гээд компанид нь төдийгүй тэнд ажиллагсдад ч нууц юм байх ёсгүй гэсэн үг биш шүү дээ. Хувь хүний нууц ч гэж бий. Гэтэл уулын ажлын төлөвлөгөө, нэг метр куб уулын цул олборлох зардал, оператор компанитай хийсэн гэрээний үнийн дүн гэх мэт зүйлсийг нэхээд, энэ хуулиар мэдээлэх боломжгүй гэхээр жагсаал тэмцэл гээд явж байгаа  шүү, тэр хүмүүс. Түрүүн төсвийн зардал дээр оффисын тухай хэлэх гээд мартаад өнгөрсөн байна. Уул уухай ийм том компани өөрийн байргүй, жилдээ хэдэн зуун сая төгрөг түрээсэнд төлөөд яваад байх уу, эсвэл хэдэн жилийн түрээсээрээ өөрийн гэсэн байртай болох уу гэдэг бодох зүйл шүү. Ойролцоогоор өнгөрсөн хугацаанд 6 тэрбум гаруй төгрөг түрээсийн зардалд төлсөн. Ингэж өндөр зардал гаргаж байхаар нэг удаад 20 тэрбум төгрөг гаргаад оффис худалдаа авчихъя гээд ТУЗ шийдээд төсөвт суулгасан. Бас л бөөн шүүмжлэлийн бай болсон. Гэхдээ энэ зардал мөн төсвөөс хасагдсан байгаа. Шүүмжлээд байсан хүмүүс тайван байж болно. Оффис авч байхаар Централ тауэрт оффис түрээслэ гэж хэлж байна лээ. Централ тауэр, Шангрила гэх мэт үнэтэй оффист ажилладаг бол сайхан л байна.  Гэхдээ одоо метр квадрат нь 10 мянга, 30 мянган төгрөгийн хамгийн хямд оффисуудыг түрээсэлж байхад ингэж дайрч давшилж байгаа улс тийм үнэтэй газар түрээслээд суучихвал жинхэнээсээ  “шонд өлгө” гэх байлгүй дээ.

"Эрдэнэс-Тавантолгой" компанийн удирдлагууд хөрсний сийрэгжилтийн коэффициент нэрээр 56 тэрбум төгрөгийг луйвардан, хувааж идсэн гэдэгт тайлбар өгөхгүй юу?

 -Үндэсний аудитын газраас 2018 онд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 2013-2017 оны үйл ажиллагаанд гүйцэтгэлийн аудит хийсэн. Харин аудитын явцад уулын ажлын болон геологи хайгуулын зарим нарийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг тодруулж, тайлбар авахаар компанид ирүүлсэн төсөл, асуултыг эцсийн дүгнэлт мэтээр олон нийтэд ойлгуулах зорилгоор 56.2 тэрбум төгрөгийн хууль зөрчсөн асуудал гаргасан гээд гүтгээд байгаа. Аудитын багт ажиллаж, маркшейдерийн ажлын тооцоо дүгнэлтийг хийсэн хүн нь дөнгөж сургуулиа төгссөн, уурхайд ажиллаж үзээгүй, маркшейдер биш уулын инженер мэргэжилтэй залуу юм билээ. Тэгээд туршлага дутсан уу тооцоо хийхдээ ийм зөрүү гараад байна аа, тайлбар ирүүлнэ үү гэсэн байдлаар манайд хандсан. Манай хариуцсан хэлтэс, мэргэжилтнүүд хариу тайлбарлаад явуулснаар зөрчилгүй гэсэн дүгнэлт гарсан. Эцсийн дүгнэлтийг нь үз ээ, буруу зүйл яриад байна шүү гээд байхад дахин давтан ярьж, бүр амны уншлага болгочихоод байгаа. Тиймээс бид аргагүйн эрхэнд гүтгэсэн гэсэн үндэслэлээр хуулийн байгууллагуудад хандсан. Шалгуулж, гүтгэснийг тогтоолгоно. Дараа нь компанийн болон ажиллагсдын нэр хүндэд халдсан хэргээр иргэний журмаар шүүхэд хандах бодолтой байна. Компани олон улсын хөрөнгийн зах дээл дээр гарахаар бэлтгэж буй энэ үед ийм гүтгэлэг, дайралт өдөр алгасахгүй, цаг минут тутам шахуу хийж байгаа нь дээр хэлсэнчлэн санаатай зорилготой үйлдэл гэж үзэхэд хүргэж байгаа. Тиймээс энэ үйлдлийн цаана улс үндэстний эрх ашиг ч хохирч буй гэдэг үндэслэлээр тагнуулын байгууллагаар ч шалгуулахад болохгүй зүйлгүй гэж үзэж байгаагаа мэдэгдье.

Цаасан дээр хөрс хуулж, 56 тэрбумыг идсэн байна гээд байгаа талаар мэргэжлийн маркшейдерүүд, манай ажилтан тайлбар хийж, зөв ойлголтыг өгсөн. Тэр тайлбарыг сонссон хэн ч ойлгохоор асуудал юм. Олон улсад болон Монголд ил уурхайн үйл ажиллагаа эрхэлж байгаа бүхий л компани, уурхайнууд хөрс овоолгын сийрэгжилтийн коэффициентийг албан ёсны зөвшөөрөл бүхий хөндлөнгийн маркшейдэрийн байгууллагаар хэмжилт хийлгэдэг. Тухайн хэмжилтэд үндсэн овоолго, уурхай, овоолго хүртэлх зам талбайн зассан хөрс, технологийн замын дэвсэлтийн шороо, аюулгүй ажиллагааг хангах зориулалтын далан, бусад инженерингийн ажилд ашигласан хөрс зэргийг тооцож явдаг юм билээ.  “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьд дээр дурдсан хугацаанд буюу 2017 онд “Инженер маркшейдэр” ХХК-ийн хийсэн маркшейдерийн хэмжилт, техникийн үнэлгээний дүгнэлтээр бүхий л хуулсан хөрсийг дахин тооцож, ямар нэгэн зөрүүгүй болохыг баталгаажуулж, хэмжилт, техникийн үнэлгээгээр хөрсний овоолгууд дээрх сийрэгжилтийн дундаж коэффициент 1.2 м3 гэж гарсан. Захиалагч буюу “Эрдэнэс-Тавантолгой” ХК, гүйцэтгэгч буюу олборлогч компани, тэгээд эцсийн шат хөндлөнгийн маркшейдрийн компани хэмжилт судалгаа хийж тогтоодог, нэг ёсондоо гурван шатны хяналттай явдаг болохоор булхай луйвар орох боломжгүй гэдгийг мэргэжилтнүүд тайлбарлаад байгаа. Инженер хүн байтугай энгийн хүн ч ойлгохоор тайлбарлаад байхад өнөөхөө давтан ярьсаар л байгаа нь нэг бол энэ хүн инженерийн сургуульд огт сураагүй, сурсан байлаа ч ном журмаар нь төгсөөгүй байх, эсвэл үнэхээр IPO-г гацаах ч юм уу өөр зорилготой байх.

-Ногдол ашиг хуваарилах асуудалд тодорхой тайлбар өгөхгүй байна. Ногдол ашиг өгөхгүй гэсэн шийдвэр гарсан гэж ойлгож байна?

-Компани 2018 онд 807.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Ямар ч компанийн эцсийн зорилго бол ашигтай ажиллах, энэ ч үүргээ манай компани 2017, 2018 онд амжилттай давуулан биелүүлсэн. Компани ашигтай ажилласан тохиолдолд ногдол ашиг хуваарилах эсхүл шаардлагатай төсөл, хөтөлбөр санхүүжүүлж, орлогоо нэмэгдүүлэх гэсэн шийдвэрийг гаргадаг. Энэ хүрээнд компанийн гүйцэтгэх удирдлагын зүгээс ногдол ашиг олгох санхүүгийн суурь нөхцөл боломж бүрдсэнийг нийтэд мэдээлж, холбогдох тооцоо, саналыг ТУЗ болон хувьцаа эзэмшигчдэд хүргүүлсэн. Ногдол ашиг олгох эцсийн шийдвэрийг гаргах бүрэн эрх компанийн хуулийн дагуу ТУЗ-д хадгалагдаж байдгийн хувьд ТУЗ-өөс томоохон дэд бүтцийн төсөл, хөтөлбөрүүдээ буюу төмөр замын төслөө санхүүжүүлэх тухай шийдвэрийг гаргаж, Хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулсан. Нийгэмд ногдол ашиг хуваарилахтай холбоотой олон талын байр суурь бүхий маргаанууд явж байсныг санаж байгаа байх. Хоёрын хооронд бага мөнгийг бэлнээр тараагаад хэрэггүй, хөрөнгө оруулалтдаа зарцуулах учиртай гэсэн хэсэг байхад бага ч хамаагүй авах ёстой гэсэн хэсэг ч байсан. Аль ч тохиолдолд иргэд, хувьцаа эзэмшигчид хохирох ёсгүй, хөрөнгө оруулалт хийгдсэнээр дараа дараагийн жилд ногдох ашиг нь нэмэгдэж байх ёстой гэдэг дээр компанийн гүйцэтгэх удирдлагын хувьд одоо ч хатуу байр суурьтай хэвээр байгаа. Үнэндээ бол Монголын иргэн бүр нь хувьцааг нь эзэмшдэг компаниас ногдол ашиг олгох, эсэх асуудал анх удаа тохиолдож байгаа үзэгдэл. Олон талаас нь, сайтар  ярилцаж шийдэх зүйл байгааг үгүйсгэхгүй.

-Л.Наранбаатар “Гложекс” компаниараа дамжуулан “Эрдэнэс-Тавантолгой”-н компаниас зарласан 352 сая төгрөг бүхий үнийн дүнтэй тендерийг авч, компанийг шантаажлаад байгаа юм уу?

-Л.Наранбаатарын эзэмшдэг Гложекс консалтинг ХХК 2018 онд манай компаниас зарласан баяжуулах үйлдвэрийн тендерт оролцсон юм билээ. Гэрээ байгуулагдаагүй, тендер зогссон, шүүхэд маргаан үүссэн зүйл бол байгаа. Энэ хууль журмын дагуу шийдэгдэх асуудал. Манай хуулийн хэлтэс хариуцаад ажиллаж байгаа. Үүнээс болоод юм уу тэр хүн компанийг шантаажилсан зүйл шууд мэдрэгдсэн юм бол  байхгүй. Анх энэ асуудлыг болон Гложекс  компани “Эрдэнэс-Тавантолгой”-гоос 20 мянган ам доллар авсан асуудлыг өөр иргэний хөдөлгөөнүүд, төрийн бус байгууллагууд гаргаж тавьсан. Тэрнээс өмнө ч сошиалаар мэр сэр гарч байсан. Манай компанийн зүгээс үүнийг хэвлэлээр гаргасан зүйл байхгүйг хариуцлагатай хэлье. Тэгж хардаад байгаа юм уу гэж ойлгогдсон.  Тэр баримтуудыг яаж олж авсныг, бас эдийн засагч  Л.Наранбаатар ч манай компанитай холбоотой баримтуудыг яаж олж авсныг бид мэдэхгүй байгаа. Тиймээс компанийн, хувь хүний, харилцагч байгууллагуудын нууцад халдсан энэхүү баримтуудыг хэрхэн олж авсныг шалгуулахаар хуулийн байгууллагад хүсэлт гаргахаар бэлтгэж байна. Энэ асуудал гарсны дараа би  хариуцсан хэлтсээсээ мэдээллийг нь гаргуулж авсан. Гложекс консалтинг компани, түүнийг төлөөлж ерөнхий захирал Л.Наранбаатар гэрээ хийж, 20 мянган ам доллар манайхаас авсан, харин  гэрээний тайлангаа одоо хүртэл өгөөгүй байгаа. Тайлангаа өг, гэрээгээ дүгнэ гэсэн шаардлагыг манай компаниас удаа дараа хүргүүлсэн, тайлангаа өгөхийн оронд хариуцаж байсан нягтлангаа хүртэл халаад явуулсан байна билээ.

www.erdenestt.mn/

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)