Ард түмний эсэргүүцлийн үр дүнд мал хилээр экспортлохыг зогсоолоо
Мэдээ мэдээлэл 3 сарын өмнө     188    0

Өчигдөр Засгийн газар хуралдаж хэд хэдэн шийдвэр гаргасны нэг нь хилээр амьд мал гаргах бүх шийдвэрүүдийг цуцаллаа. Тодруулбал, өмнөх гурван Засгийн газрын үед хилээр амьд мал гаргах Засгийн газрын тогтоол гарч байжээ. Одоо эдгээр тогтоол хүчингүй болж байна гэсэн үг. 

Хилээр амьд мал гаргах Засгийн газрын тогтоолууд:

2014 оны 282 дугаар тогтоол (Н.Алтанхуяг)

2015 оны 474 дугаар тогтоол (Ч.Сайханбилэг)

2017 оны 142 дугаар тогтоол (Ж.Эрдэнэбат)

2017 оны 284 дүгээр тогтоолыг (Ж.Эрдэнэбатын үүрэг гүйцэтгэгч) цогцоор нь авч үзэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх шийдвэрүүдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж цуцлуулж байгаа нь энэ юм.

Ингэснээр нөөцийн махыг сайн нөөцлөх, мах, гурилын үнийг ирэх жилд барих үүргийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаанд өгсөн байна. Ч.Улаан сайдыг “гомдоосон” энэхүү шийдвэрийг гаргуулахад ард түмний эсэргүүцэл, хэвлэл мэдэээллийнхний үүрэг маш их байлаа.

Учир нь салбарын сайдынх нь эхнэрийнх нь дүү Замын-үүдэд мал хөлөөр нь экспортлох чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх “Бит монголиа” гэх компанитай гэдэг нь ил болсон. Ч.Улаан сайд үүнийг тайлбарлахдаа “Манай эхнэрийн дүү хоёр жилийн өмнөөс мал эрүүлжүүлэх цогцолбор байгуулах ажилд оролцож эхэлсэн юм билээ. Намайг сайд болохоос өмнө. Тэнд ажиллаж байгаа нь үнэн. Энэ цогцолбор байгуулагдаад хоёр жил болсон, бүтээн байгуулалтын ажлаа хийсэн, малаа гаргах боллоо гэж асуудал тавьж буй. Мал гаргахад мэргэжлийн хяналт, гааль гэх мэт холбогдох байгууллагууд тавих ёстой шаардлагаа тавиад явах байх. Мал гаргах асуудлыг аймгууд саналаа үндэслэж, яамтай гэрээ хийнэ. Манай эхнэрийн дүү надтай ямар ч хамааралгүй, бизнесээ хийгээд явж байгаа хүн.” хэмээсэн байдаг. Гэвч энэ нь олон нийтээс ихээхэн шүүмжлэл дагуулсан билээ.

Эх сурвалж: "Medee. mn" 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)