Т.ДАВААЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэр социологичтой болсон нь маш том дэвшил
Уул уурхай 2 сарын өмнө     103    0

Монголын уул уурхайн салбарт үйл ажиллагаа, үр ашиг, нийгмийн салбарын олон талт ажлаараа өнгөлж яваа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ салбартаа анхдагч болохуйц шинэ ажлын байр бий болгосон нь социологич юм. Нийгмийн сэтгэлзүйг тандан судалж, судалгаанд суурилсан оновчтой шийдэл гаргахад нөлөөлөх энэ мэргэжлийн хүн уул уурхайн үйлдвэрлэлд зайлшгүй хэрэгтэй хэмээн үзсэн нь биеллээ оллоо. Мэргэжлийнхээ хүрээнд ямар шинэлэг ажлууд хийж байгаа талаар Нийгмийн харилцааны хэлтсийн социологич Т.Даваажаргалтай ярилцлаа.  - Социологичийн ажил, мэргэжил ямар онцлогтой талаар яриагаа эхэлье?
   
- Хүмүүст төдийлөн танил бус энэ мэргэжлийг Монгол Улсад шинэ залуу шинжлэх ухаан гэж үздэг. Сүүлийн үед нэлээд хөгжиж байна. Улсын хэмжээнд боловсон хүчин бэлтгэдэг суурь бааз нь цөөн. Энгийнээр социологич хүнийг нийгэм судлаач, судалгаа шинжилгээ хийдэг талаас нь сурвалжлагч гэж ойлгож болно. Энэ мэргэжил нь аливаа зүйлсийн шалтаг шалтгааныг шинжлэх ухааны үндэслэлтэй олж, тогтоон судалгааны дүнд гарч буй мэдээллийг тоон мэдээлэл болгон анализ хийж, дүгнэлт гаргахад чиглэдэг.

   - Өөрийн ажлын туршлага, боловсролын талаар?
  - Би 2005 онд “Идэр” дээд сургуулийг социологич мэргэжлээр төгсөж, 2007 онд удирдлагын социологийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. 2005-2008 онд Булган аймагт мэргэжлээрээ ажиллаж байгаад 2008-2015 онд Булган сумын Засаг даргын Тамгын газарт ажилласан. Улсад 14 дэх жилдээ ажиллаж байна. 

   - Ажилдаа хэр дадаж байна вэ? Уул уурхайн компанид социологич ажиллуулахын давуу талыг хэрхэн харж байна?
    - Дийлэнх хүмүүс социологичийг эрдэм шинжилгээний  хүрээлэнд ажилладаг гэж ойлгодог. Би ажилд орсныхоо дараа ижил төстэй компаниудыг судалж үзэхэд “Эрдэнэс-Тавантолгой” ХК болон “Оюу толгой” ХХК-д социологич ажилладаг тухай одоогоор дуулсангүй. Тэгэхээр Эрдэнэт үйлдвэр анхдагч нь юм болов уу. Үйлдвэрийн газар алс хэтийн үр дүн, ач холбогдлыг нь тооцож социологич ажиллуулах шийдвэр гаргасан байх. Энэ шийдвэрийг нь маш том дэвшил гэдгийг онцлон хэлмээр байна. Үйлдвэрийн газар нь судалгаанд суурилсан ТӨҮГ болох том зорилтын хүрээнд, ялангуяа нийгмийн хариуцлага, нийгмийн бодлого, харилцааны чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагаагаа судалгаа, шинжилгээний дүн, ажилчдын эрэлт хэрэгцээ, хандлагыг тодруулах зэрэгт тулгуурлаж шийдвэр гаргах нь социологичийг хариуцлагатай ажиллахыг, үйлдвэрийн газрын хувьд үр дүнтэй ажил хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой. 
  
   - Шинэ ажилтны хувьд ажлаа юунаас эхлэв?
  - Уурхайчдын хороолол бол маш том бүтээн байгуулалтын ажил. Энэхүү төслийн ажил эхэлж буйтай холбогдуулан “Уурхайчин 1” хороололд захиалга өгөхөөр хүсэлт гаргасан ажилтнуудаас тус цогц шийдэлд байвал зохих нийгмийн эрэлт, хэрэгцээг тодруулах зорилгоор эхний судалгааг авсан.

   - Судалгааны арга нь ямар байдаг вэ?
  - Социологийн шинжлэх ухаан нь судалгааны арга, төрлийн хувьд ихээхэн баялаг. Судлаач хүн тухайн үеийн нөхцөл байдалд тохируулан судалгааныхаа аргаа сонгодог. Тухайн судлах зүйл, субъектээсээ хамаараад ярилцлага, фокус бүлгийн арга, анкет гээд аль аргыг хэрэглэхээ сонгодог. Баримт бичиг судлах нь хүртэл социологийн судалгааны нэг аргад тооцогддог. Ажилтнуудын дунд явуулсан энэ удаагийн судалгаанд асуулга, анкетын аргыг ашигласан.

   - Ойрын үед ямар ажил дээр төвлөрөн ажиллаж байна вэ?
  - Эрдэнэт үйлдвэрийн нийт ажилтны мэдээлэл хүний нөөцийн бүртгэлдээ байдаг ч Нийгмийн харилцааны хэлтсийн зорилго, үйл ажиллагаатай нийцүүлж гаргах шаардлагатай мэдээлэл бас бий. Тиймээс нийт ажилчдаас энэхүү мэдээллийг авах зорилгоор суурь судалгаагаа бэлтгэн, асуулга боловсруулж байна. Мөн ажилчдад халуун хоолоор үйлчилдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, ажилчдын сэтгэл ханамжийн талаар ирэх долоо хоногт судалгаа, шинжилгээ хийхээр төлөвлөсөн.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)