50 саяын өртөгтэй 500 метрийн шуудуу ногоочдыг айлгаж эхэллээ
Нийгэм, Улс төр 2 сарын өмнө     132    0

Өнгөрөгч амралтын өдөр болох бямба гарагт орсон хүчтэй, ус ихтэй ширүүн бороо Жаргалант сумын Улаантолгой багийн зарим ногоочдын хувьд гамшиг дагуулжээ. Сум хөгжүүлэх сангаас энэ зун Улаантолгой багийн нутагт үерийн усны шуудуу татах ажлыг 50 сая төгрөгөөр хийж гүйэтгэсэн ч хүлээлгэн өгөхөөсөө өмнө асуудал дагуулжээ. Хотын захирагчийн албаны зохион бүтээгчдийн гаргаж өгсөн зураг төслөөр “Ээлт өлгий” компани дээрх ажлыг хийж байгаа аж.

Даланг ийнхүү сэтэлж усыг нь цаад тал руу нь урсгажээ

Бямба гарагт орсон устай ширүүн бороо Жаргалант сумын хойд хэсэг буюу Жаргалант баг орчмоор нэг цаг орчим орсон байна. Харин Улаантолгой багийн нутагт дээрх бороо 20-30 минут л үргэлжилсэн тухай ногоочид ярьж байна. Энэ үеэр шинээр хийгдсэн үерийн шуудуу ачааллаа дийлэхгүй хальж хавь ойрыг усанд автуулах аюул тулгарсан тул иргэд аргагүйн эрхэнд даланг гараар сэтгэлж үерийн усны гольдирлыг өөрчилсөн байна.

Далангийн баруун талаар гарсан үерийн ус 

Үерийн уршгаар зарим ногоочдын ногооны талбай усанд автаж тарьж ургуулсан хүнсний ногоо болох байцаа, лууван нь ялзарч эхэлсэн байна. Тэр бүү хэл чацарганы аж ахуй эрхэлдэг айл өрхийн хашаандаа гаргасан 5 худаг нь үерийн усанд автаж усны нөөц сан нь бохир ус, лаг шавраар дүүрч ашиглах аргагүйд хүрчээ. Хамгийн сонирхолтой нь энэ талаар ногоочид Сумын Засаг дарга Б.Зоригтбаярт утсаар мэдэгдэхэд “Би наад ажлын зураг төсөв, юу хийсэн талаар юу ч мэдэхгүй. Надад ярих юм байхгүй. Миний орлогч Учралтай л ярь” гээд утсаа таслаад алга болжээ.

Үерийн даланд энэ хүрээнд дуусчээ. Хашаан доторх байцаа, төмс, луувангийн 2.5 га газар үерт авсан юм 

Аргагүйдсэн иргэд Засаг даргын орлогч н.Учралд нөхцөл байдлыг танилцуулахад “Ногоогоо даатгуулахгүй яасан юм бэ. Хохирлыг даатгалын зарчмаар л шийднэ” гэсэн хариу өгсөн байна. Жаргалант суманд ногоо хураалтын талаарх тусгай комисс ажилладаг ч үерийн усанд ногоогоо автуулсан иргэдэд өнөөдрийн байдлаар дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу дээрээ тулаад байна. Зарим нэг ногоочин “Хавар ногоо тарих гэж банкнаас зээл авсан. Сард 380 мянган төгрөг тогтмол төлдөг. Одоо зээлээ төлж чадахгүй боллоо. Энэ зун шуудуу хийснээр манай талбай усанд автсан. Өмнө нь манай талбай руу ус орж байгаагүй. Гэтэл энэ зуны шуудууг манай талбайны хойд тал хүртэл татаад орхисон. Үүнээс болж бид хохирч байна, Дарга нар тоохгүй байна. Иргэдээ тоож ч харахгүй байна” хэмээн нүдэндээ доголон нулистай өгүүлж байна Б.Зоригтбаяр дарга аа.  Тэгээд ч сумын Засаг дарга 50 сая төгрөгөөр нутаг дэвсгэр дээр нь хийгдэж байгаа ажлыг мэдэхгүй гээд орлогч руугаа асуудлыг чихэж байгааг Жаргалант сумын иргэд ойлгохгүй байсан шүү. “Орж суусан хүргэн, орлогч дарга хоёрт мэдэл байхгүй” гэдэг үгийг хэн хүнгүй л сайн мэднэ. Эсвэл өнөөгийн сумдын Засаг дарга нар 50 сая болон түүнээс бага өртөгтэй тендэрийн ажилд анхаардаггүй зуу зуун сая төгрөгийн өртөгтэй ажлыг дагаад гүйдэг болсон юм уу.

Иргэд гэртээ орохын тулд үерийн шуудуун дээр өөрсдөө "гүүр" барьжээ

Тарьсан ногоо нь усанд автсан иргэн аргаа барахдаа өөрсдийн төлөөлөл болох аймгийн ИТХ-ын төлөөлөгчиддөө л хэл дуулгахаас хэмээн аргаа барж сууна. Үерийн шуудууны ажлыг гүйцэтгэсэн “Ээлт өлгий” компанийн хувьд “Цаанаас нь зурж өгсөн зургийн дагуу ажлыг хийсэн. Тэр айлын ногооны талбайн ард ирээд зургийн дагуу шуудуу татах ажил дууссан. Гэхдээ сум орон нутгийнхантай ярьж байгаад тэр айлын ногооны талбайн хажуугаар 300 метр газарт цааш нь шуудууг татаж болох боломж бий” гэсэн хариуг ногоочдод өгчээ. Сум орон нутгийн удирдлагын зүгээс энэ ажлын талаар албан ёсоор тодруулах гэсэн боловч “Яг хэдэн метр хэмжээтэйг нь сайн санахгүй байна. 500 билүү, 400 ч билүү. Цаасан дээрээс л харж байж хэлнэ дээ” гэсэн хариулт өгч байв. Жаргалант сумын Улаантолгой багийн иргэдийн хувьд энэ онд үерийн далан, шуудуу татах ажил хамгийн чухал байсан. Ингээд 50 сая төгрөгөөр 500 метр газарт шуудуу татсан ч 20-30 минут үргэлжилсэн нэг удаагийн усан борооны “пян” даахгүй ногоочдын амьдралыг сүйдэлж байхад ажлын захиалагч, ажилд хяналт тавьдаг байгууллага, сумын удирдлага гэж өнөөдөртөө Орхон аймагт алга. Шуудууны хоёр талд жолооч нарт анхааруулах тэмдэг тэмдэглэгээ хийгээгүйн улмаас саяхан хурдтай явсан хоёр ч машин шуудуунд "унаж" хүүхэд багачуул бага зэрэг гэмтэж бэртсэн тохиолдол гарсан тухай оршин суугчид ярьж байлаа. Бүтээн байгуулалт гэж иргэдийг гэртээ орох гарах замгүй болгож дундуур нь шуудуу татдаг болсон юм уу дарга нар аа.     

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)