Аймгийн ЗДТГ-т Хууль, эрх зүйн хэлтэс гэж байдаг уу
Мэдээ мэдээлэл 2 сарын өмнө     193    1

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит XI хуралдааны үеэр Тэргүүлэгч Д.Мөнхбат энэ үгийг нэлээн бухимдангуй хэлсэн юм.

Тэрбээр “Тэргүүлэгчийнхээ хувьд би асуултандаа хариулт авмаар байна. Энэ оны тавдугаар сарын 8-нд хуралдсан Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан дээр би гурван асуулт асуусан. Одоог хүртэл хариулт өгөөгүй. Гурван асуултад хариулт авах гэж 110 хонож байна. ЗДТГ-ынхан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчийн асуусан асуултад 100 гаруй хоног хариулт өгөхгүй явааг юу гэж ойлгох вэ. Тухайн үеийн хуралдаан дээр таньд тодруулаад бичгээр хариу өгнө гэж хэлээд алга болсон. Дэнжийн 3 байрны ус, дулааны асуудал, Дэнж багт барьсан ухаалаг худаг, Богатырь компанитай холбоотой асуудал өнөөг хүртэл шийдэгдээгүй. 2016 онд барьж байгуулсан Дэнжийн худгууд өнөөдөр хүртэл ашиглалтад оруулаагүй. Насосны хүчин чадал нь хүрэхгүй байгаа гэж л дуулддаг болохоос албан ёсны тайлбар хийдэггүй. Үнэндээ бид 3-4 жил тэр компанийн хийх ёстой ажлыг хийлгэж чадахгүй байна. Болдоггүй юм бол хууль хяналтын байгууллагаар нь асуудлыг шийдүүлмээр байна. Аймгийн ЗДТГ-т Хууль, эрх зүйн хэлтэс гэж байна уу. Байдаг бол эднийхэн яагаад ажлаа хийхгүй байгаа юм бэ. Үүний цаана иргэд хохирч байгаа гэдгийг ойлгож байна уу. Би тэндээс сонгогдсон төлөөлөгчийнхөө хувьд иргэдийнхээ эрх ашгийн төлөө асууж байгаа. Гэтэл аймгийн ИТХ-ын төлөөлөгч асууж байхад хариулт өгөхгүй, худлаа яриад байгаа юу гэж ойлгох вэ, Хурлын дарга аа” хэмээсэн юм.

Ганц энэ удаад Д.Мөнхбат тэргүүлэгч бухимдахдаа ийнхүү хашхираад байгаа юм биш. Аймгийн Засаг даргын зүгээс Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Ганзоригт шуурхай дээр “Иргэдийн хохироож байгаа, ажлаа хийхгүй байгаа компаниудыг хуулийн байгууллагаар асуудлыг нь шийдүүлэх санал оруулж ир. Хууль, хяналтын байгууллагад өг” гэж удаа дараа асуудал тавьдаг. Гэтэл Хууль, эрх зүйн хэлтсээс ийм асуудлыг ингэж хийлээ, тэгэж шийдлээ гэсэн мэдээлэл гарах нь бараг үгүй. “Их хаадын цуваа” компанитай шинээр гэрээ байгуулсан гэж байгаа ч тэр нь өнөө хэр олон нийтэд ил болоогүй. Тендэр авчихаад ажлаа хагас дутуу хийгээд алга болсон, сураггүй болдог аж ахуйн нэгжийн араас Эрдэнэтчүүдийн өмнөөс, хуулийн нэрийн өмнөөс асуудал ярих ёстой газар нь аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс. Гэтэл дарга нь албаны машинаа унаад баруун зүүнгүй давхисаар байтал  ажил алдагдаж, төр хүчгүйдэж байна.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Дэнж багийн гурван байрны оршин суугчдын асуудал, ус түгээх ухаалаг нэртэй худагнууд ажилд орохгүй 4 дэх намартайгаа золгож байгаа энэ цагт үнэхээр аймгийн Хууль, эрх зүйн хэлтсийн ажил иргэдэд гэлтгүй аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд ч үгүйлэгдэж байна.     

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (1)