Д.Бүүвэйбаатар: Нэгийн 12, 13 дугаар байрны халаалт доголдно, Дээр нь ...
Нийгэм, Улс төр 21 өдрийн өмнө     150    1

                 Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Эрдэнэт хотын өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар авч хэлэлцсэн. Гэр хорооллын иргэдийн түлээ, нүүрсний асуудлаас эхлээд байрны оршин суугчдын дулааны хэвийн горим, халаалт зэрэг бүхий л чиглэлээр хийж, хэрэгжүүлж байгаа ажилтай нь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид танилцсан. 

Зарим Тэргүүлэгчдийн хувьд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд энэ өвөл зарим нэг микрийн байрны халаалт, дулаан тодорхой хэмжээнд доголдохыг ч анхааруулсан юм. Хэдийгээр аймаг, орон нутгаас өч төчнөөн төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байрны оршин суугчдын ая тухтай өвөлжих нөхцлийг хангах зорилгоор ажил хийж байгаа ч ирэх өвлийн хувьд хүндрэл учирч болзошгүй зарим байр байгааг “Эрдэнэт ус ДТС” ОНӨҮГ-ын захирал Д.Бүүвэйбаатар анхааруулсан юм. Тэрбээр “Энэ жил багагүй хэмжээний хөрөнгө оруулалтын ажил хийсний үр дүнд орон байрны дулаан гайгүй болж байгаа. Ирэх өвөл нэгдүгээр микрийн 12, 13 дугаар байрны халаалт доголдоно. Яагаад гэвэл энэ жил тэр байрнуудыг засах хөрөнгө мөнгө суугдаагүй учраас засаагүй. Бусдаар нэгдүгээр микр ерөнхийдөө хэвийн болсон. Дээр нь зургадугаар микрийнхэн хүндрэлтэй байгаа. Яагаад гэвэл тус микрийн халаалтын хэрэгсэл нь амархан бөглөрдөг, муу халдаг, талбайгаа бага халаадаг халаагчтай. Үүнийг солих солихгүй асуудал нь тухайн иргэдийн асуудал болсон. Нэмж хэлэхэд манай Орхон аймгийн иргэдийг Дулааны станцын зүгээс өндөр температураар халаасаар байгаад сургачихсан. Үүнээс үүдэн манай айл өрхүүд гадна дулаан алдалттай холбоотой асуудалдаа анхаардаггүй. Бүр муу зан сурчихсан. Үүнийг анхаарах цаг болсон. Ямар ч байсан энэ өвөл нэгдүгээр микрийн миний дээр хэлсэн зарим байр хагас хугас, зургадугаар микр нэг тиймэрхүү өвөлжинө. Бусад байр, хороолол гайгүй өвөлжих болов уу гэж тооцоолж байгаа” хэмээсэн юм.   

Мэргэжлийн байгууллага болох “Эрдэнэт ус ДТС” ОНӨҮГ-ын захирал Д.Бүүвэйбаатарын ярианаас харвал жил бүр хөрөнгө мөнгийг нь суулгаж засварлаад байвал нэг их удалгүй хотоороо дулаан өвөлжих боломж байгаа ажээ. Зарим нэг тохиолдолд  иргэд буюу хэрэглэгчид оршин суугаа байрныхаа халаалтын хэмийг хэд байх ёстой, норм стандарт зэрэг нь ямар байдгийг тэр бүр мэддэггүй. “Эрдэнэтийн дулааны станц”-ынхан аймгийн Засаг даргын шуурхай дээр станцаас гарч байгаа дулаан ийм өндөр байна, буцалт нь тийм байна гэж л мэдээлдэг. Харин оршин суугч буюу хэрэглэгчдэд зориулсан мэдээлэл дутмаг учраас зарим тохиолдолд өрөөнийх нь хэм +20 байхад ч хүйтэн байна хэмээн гомдол гаргадаг тохиолдол байгааг мэргэжилтнүүд сануулж байлаа. Дулаан түгээгч байгууллагын зүгээс энэ өвлийн хувьд гадны орчны температураас шалтгаалан нийлүүлэлтийг горимоо тохируулах тухай ярьж байна. Таны өрөөний хэм өвлийн хүйтэн өдөр +18-ыг зааж байвал дулаан олголт хэвийн хэмжээнд байна гэж үзэх ажээ.  

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (1)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг