С.Батжаргал: Явж явж гол буруутан нь “Эрдэнэт ус”-ынхан өөрсдөө шүү
Хотын амьдрал 21 өдрийн өмнө     223    0

Жилийн жилд л “Байрны дулаан муу байна, халаалт ирэхгүй байна. Жижиг өрөөний паар огт халахгүй байна” гэдэг дуудлага мэргэжлийн байгууллагад гэлтгүй аймгийн Иргэдийг хүлээн авах төвийн 70353511 тоот утсанд хэдэн арваараа байнга ирдэг. Ямар сайндаа л аймгийн Засаг даргын зүгээс шуурхай бүр дээр  “халаалт муу байна” гэдэг гомдлыг тусад нь ялгаж ирээд үүрэг даалгавар өгч 7 хоногийн дараа түүнийгээ шалгадаг. Манай аймгийн Засаг даргын 7 хоног бүрийн шуурхайн гол ярианы сэдэв энэ л байдаг.  

Нэг нь халаалтын талаар гомдол ярина, нөгөө нь гомдлыг нь хэрхэн барагдуулсантай нь танилцсанаар нэгэн өвлийг дуу шуутайхан өнгөрөөдөг нь нууц биш. Юм мэддэг хүнд бол ичмээр л дамшиг даа гэдэгчлэн аймгийн Засаг даргын шуурхай хуралдаан бүр дээр ийм нэг халуухан сэдэв байнга өрнөнө. Өнгөрсөн хавар Д.Батлут даргын зүгээс мэргэжлийн байгууллагуудад хандан “Энэ өвөл халаалт нь доголдсон айл өрхийн судалгааг нарийн гарга. Дахин нэгбүрчлэн айл өрхөөр явж үзэж нөхцөл байдалтай танилц, Шалтгааныг нь тодруул, ямар болсныг нь шалга” хэмээсэн үүрэг өгсөн. Тэр бүү хэл өөрийн дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч С.Батжаргалд “Биечлэн анхаарал тавих” үүрэг өгсөн.

Энэ дагуу С.Батжаргал дарга хянаж шалгаад тодорхой хэмжээнд шалтгааныг нь тодруулжээ. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан дээр “Эрдэнэт ус ДТС”-ний ерөнхий инженер н.Содномдорж “Өнгөрсөн хугацаанд өргөтгөл хийсэн 57 айл өрхтэй нэгбүрчлэн уулзсан. Тэдний 24 нь өргөтгөлөө буцаах, дулаан холбосон асуудлаа буцааж шийдэхээр болсон” хэмээн мэдээлсэн. Үүний хариуд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал “Аймгийн хөрөнгө оруулалтаар иргэдийнхээ төлөө багагүй ажил хийж байгаа. Өнөө жил нэгдүгээр микрийн шугам сүлжээг сольж байгаа. Нөгөө талдаа бас асуудал байна. Тэр нь юу вэ гэвэл айл өрхийн босоо шугаман дээр асуудал байна. Энэ босоо шугам их хүндрэл учруулж байна. Хоёрдугаар хүндрэл нь манай иргэдийн дур зоргоороо барьсан, саяны Содномдоржийн яриад байгаа өргөтгөл. Манай иргэд дулаан, халуун ус очиж байгаа шугамыг нь тас татаж хаяад л сунгасан, өргөтгөсөн тагт руугаа гаргачихдаг. Нэгэнт өвөлжилтийн бэлтгэл ажлын тухай ярьж байна, Ерөнхий инженер нь ярьж байгаа учраас хэлэх нь зөв байх. Тэрхүү очиж байгаа шугамыг нь тасдаад байгаа эзэд нь явж явж Эрдэнэт усынхан өөрсдөө байгаа юм. Би үүнийг судалсан. Иргэд тагтаа өргөтгөдөг. Дулаан татах ажлыг нь Эрдэнэт ус-ын сангийн ажилтнууд өөрсдөө л хийдэг. Үүнийгээ л больчихооч гэж хэлмээр байна” хэмээсэн юм.

Өнгөрсөн хавар “Эрдэнэт ус ДТС”-ний сантехникийн ажилтнууд нэгдүгээр микрийн нэгэн байрны хоёр давхраас өргөтгөлийн шугам татна гэж  доош нь нэвт өрөмдсөн тохиолдол гарсан. Доор нь нэг давхар бий гэдгийг халамцсан нөхдүүд мартаад халтуурандаа улайраад хоёр давхраас байрны хонгил руу нэвт өрөмдөж байсан нь С.Батжаргал даргын “Явж явж  гол буруутан нь Эрдэнэт ус”-ынхан өөрсдөө шүү гэдгийг илтгээд байгаа юм.  

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг