Хээр хоноглосон үдэш...
Уул уурхай 7 өдрийн өмнө     45    0

Дараа нь бид Оросын агаарын цэргийн байлдааны онгоцны уран нислэгийн үзүүлбэр үзэхээр Хүй долоон худгийг зорьсон боловч хотын түгжрэл хоцроож орхисон. Нийслэлийн төв хэсэгт, автобус дотроо бүтэн дөрвөн цаг амьдрахдаа улс орны хөгжлийн талаар ярих илүүц санагдсан. Түгжрэх зуур зарим нь унаанаасаа буун дэлгүүр хэсэж нарны шил, малгай худалдан авч аяллын бэлтгэлээ гүйцээж байхад нэг хэсэг нь эмийн сан хайж яваад зоог бариад ирэх жишээтэй. Үнэндээ саун, массажанд ороод ирсэн ч амжихаар гацав. Уг нь хоёр улсын Засгийн газар Халхголын түүхэн ялалтын 80 жилийн ойд өндөр ач холбогдол өгч, төрийн хэмжээнд олон сайхан үйл ажиллагаа зохион байгуулсан боловч зам харилцаа, зай талбайнаас шалтгаалаад нийтийн хүртээл болох нь учир дутагдалтай байгаа анзаарагдсан. Бид хүлгийн жолоогоо домогт Дорнодын зүг мушгилаа. Улаанбаатар-Налайхын шинэ зам тавьж буй учир Төв аймгийн нутгаар тойрч, 50 гаруй км илүү явах хэцүү санагдсангүй. Учир нь бид хаана ч хоноглоход бэлэн, майхан, тогоо шанага, хүнстэйгээ аялсан юм. Хэнтий аймгийн Хар зүрхний хөх нуурын ойролцоох том хайрхны нөмөр бараадан буудаллаж, ил гал дээр хээрийн цай даргиулж, хорхогны чулуу атгангаа энэ тэрийг хөөрөлдөн хөгжиж, дуулан бүжиж хоноход сэтгэл ер бусын хөхиүн.  Оросуудын майхнаас баяан хөгжим эгшиглэж, Орос цэцэрлэгийн багш Алешкович.М.А-ийн хөгжилтэй чанга инээдтэй хоршино. Баатрууд, ахмадууд ширээ тойрон дүнхийж, Эрдэнэт үйлдвэрийн нэгэн үеийн түүхийг, цагийн аясаар нууцлалгүй болсон хөгжилтэй явдлаа ил цагаан ярьж инээлдэнэ. Геологи хайгуулын ангийн өрөмдөгч Энхбат аялалын багийн ахлах тогооч. “Хуруу нэмэрлэхээс илүү хошуу нэмж, амтлагаа хийгчид дэндүү олон байна, холдоцгоо...” гээд туслахуудаа хөөнө. Тэгснээ “Мод авчир, давс тааруул, тогоо угаа” гээд буцаагаад дуудах нь аяллын бас нэгэн тод өнгө. Хэрлэнгийн урсгал, шувуудын ганганаа, хажууханд адуу тургилах нь байгалийн симфони эгшиглэх мэт. 

Эх сурвалж:www.erdenettoday.mn

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг