Баатар хот ЧОЙБАЛСАН
Уул уурхай 1 сарын өмнө     65    0

Маргааш нь бид үдшийн гялаан хүүшлэх цагаар баатар хот Чойбалсанд ирлээ. Дайны үед Японы Кавантуны арми энэ хотын дээгүүр тагнуулын нислэг хийхдээ 20 гаруй онгоцоор агаараас довтлон 120 гаруй бөмбөг хаяснаар олон хүний амь нас эрсдэж, байшин барилга сүйдсэн юм. 

Түүнээс хойш албан газар, айл өрхийн байшингуудыг хар бараанаар будаж өнгөлөн далдлалт хийснээр учрах хохирлыг хөнгөвчилсөн түүхтэй. Дайсны танк орж ирэхээс хамгаалан найман метр өргөн, дөрвөн метр гүн, 100 км урт шороон жалга бүхий саад төвөө тойруулан байгуулж байсан баатар хотын ард иргэд өнөөдөр өнгөтэй, жавхаатай, сэтгэл түвшин амьдарч байна. Хот нь холоос гэрэлтэй, дорно аястай. Баруунаас ирэхэд Халхын голын ялалтын “морьтой хөшөө” угтана. Энд мөнхийн гал саяхан болтол бадамлаж байсан. Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн “...Халхын голын баатруудын зоригт залуу нас, золбоо хийморийг ассан галын бадрах дөлөнд онголон оршооё” гэж хэлсэн нь одоо ч санаанд илхэн. Холгүйхэн Дорнод аймагт амьдардаг буриад, халх, үзэмчин, барга ястны үндэсний хувцастай өнөр бүл цайны дээжээ наран зүг өргөн буй цогцолбор хөшөө үзэгдэх нь дайны дараах энх жаргалан амьдралыг бэлгэднэ. Хотын хуучин төвд бөмбөг унаж буй дүрслэл бүхий хөшөө байрлах нь зүй ёсных. Цаашлаад билгүүн номч Цэндийн Дамдинсүрэн судраа бариад төв номын сангийнхаа өмнө, Бөртэ хатан цэцэрлэгт хүрээлэнгээ чимэн, дорнын их яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн шүлгэн хөшөөний дэргэд залуус болзож харагдана. Халхын голын ялалтын 80 жилийн ойд зориулан Дорнодчууд Хэрлэн голын эрэг дээр “Найрамдал” парк байгуулсан нь хараа булаам. Гэрэлт гудамж, гүүр, явган хүний зам, урлагийн тайз, нутгийн нэр алдартай зураач, хуурч, яруу найрагчдын бүтээл, дүрслэл цогцоороо. Энэ парк БНХАУ-ын Хөлөнбуйр хотын хоёр сая юанийн хөрөнгө санхүүжилтээр босжээ. Ер нь Чойбалсан хот зүүн бүсийн тулгуур төв болохын учир ОХУ-ын Өвөр байгалийн хязгаар, Агын тойрог, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр хот, Хянган, Шилийн гол аймагтай нийгэм эдийн засаг, соёл, боловсрол гээд бүхий л салбарт сайн хөршийн харилцаатай явж ирсэн. Хөршүүд нь Читийн, Агын, Хянганы гэхчлэн өөрсдийн нэрийн гудамж, талбайг хөрөнгөөрөө барьж байгуулдаг нь хотын өнгө үзэмжид нөлөөлөөд зогсохгүй, найрамдалт харилцааг бэхжүүлдэг. 

Эх сурвалж:www.erdenettoday.mn

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)