О.Ариунгэрэлт, М.Мөнхбаяр нар шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдох нь
Хотын амьдрал 29 өдрийн өмнө     254    29

  Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргаар ажиллаж байсан  О.Ариунгэрэлт, аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан М.Мөнхбаяр, Улсын  бүртгэлийн газрын даргаар ажиллаж байсан  Г.Отгонбаяр, Жаргалант сумын цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан  н.Ганцолмон нарыг эргүүлэн ажилд нь томилох тухай Шүүхийн шийдвэр хоёр жилийн өмнө гарсан ажээ.  

Хамгийн сүүлд  энэхүү есдүгээр сарын 7-нд Улсын дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх тухай болон Төрийн албаны зөвлөлийн “Нэр бүхий хүмүүсийг ажилд нь эргүүлэн томилох тухай” албан бичиг ирсэн ч өнөөдрийн байдлаар шүүхийн шийдвэр биелэгдээгүй байгаа. Төрийн албаны зөвлөлийн албан бичигт “нэр бүхий хүмүүсийг есдүгээр сарын 11-ний дотор ажилд нь томилж хариуг ирүүлэх”-ийг сануулсан байдаг. Гэтэл аймагт Төрийн албаны зөвлөлийг төлөөлдөг аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү БНХАУ-ын Манжуур хотод албан томилолттой, Засгийн газарт ажилтай гэдэг нэрээр өнөөг хүртэл Төрийн албаны зөвлөлийн хариуг ирүүлээгүй байгаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Орхон аймагт ирж иргэдтэй уулзах үеэр хууль бусаар ажил, албан тушаалаасаа халагдаад байгаа М.Мөнхбаяр тэргүүтэй иргэд түүнд хандаж “Монгол улсын Дээд Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж нэр бүхий иргэдийг эргүүлэн ажилд нь томилох асуудлыг өөрийн биеэр шийдэж өгнө үү” хэмээн хандсан юм.

Иргэдтэй хийж буй уулзалтад оролцсон Ерөнхий сайд болон сайд, УИХ-ын гишүүд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга нар “Төрийн ямар ч шатанд болон иргэн, хуулийн этгээд Дээд шүүхийн шийдвэрийг биелүүлэх хуулийн заалттай. Энэхүү хуулийн заалтыг хэрэгжүүлж М.Мөнхбаяр, О.Ариунгэрэлт, Г.Отгонбаяр, н.Ганцолмон нарыг эргүүлэн ажилд нь томилохоос өөр ямар ч гарц, арга зам байхгүй. Шүүхийн шийдвэрийг бүх шатанд биелүүлэх ёстой. Ажилд нь эргүүлэн томилох учиртай” гэсэн хариуг өгсөн юм.

Ерөнхий сайдаас нэгэнт ийм хариулт өгсөн учраас Д.Соёлчхүү дарга Улсын дээд шүүхийн шийдвэрийг биелүүлэх, Төрийн албаны зөвлөлийн албан бичигт биелүүлсэн тухайгаа хариулт өгөхөөс өөр гарц үлдсэнгүй. Энэ байдлаас харвал дээрх нэр бүхий хүмүүс тун удахгүй өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалдаа томилогдох нь ээ. Дээрх нэр бүхий хүмүүсийн зарим нь өнөөг хүртэл ажилгүй гудамжинд лааз өшиглөж яваа. Өнөөгийн мөрдөгдөж буй хууль, тогтоомжоор бол тэдгээр хүний ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэл хөлс, урамшуулал, амралтын мөнгийг хэн буруутай этгээдээр нөхөн төлүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, хохирлыг төр хариуцахгүй гэсэн үг.

 

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (29)