Эрдэнэт үйлдвэр ажилчдынхаа эрх ашгийг "Хамтын гэрээ"-гээр зохицуулдаг
Уул уурхай 29 өдрийн өмнө     35    0

Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгчидтэй уулзлаа. Ажилчдын эрх ашгийг хамгаалах нэг зорилгын төлөө эвлэлдэн нэгдсэн Үйлдвэрчний эвлэлийн гишүүд 2019 онд 12 бүлэг 112 заалт бүхий “Хамтын гэрээ”-г хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ нь үйлдвэр, холбооны удирдлагуудын хооронд зөвшилцөж хийсэн 11 дэх гэрээ юм. Уулзалтын эхэнд Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үг хэллээ. Тэрээр “Бид үйлдвэрээ хөгжүүлж, аймаг, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулан, газрын хөрсөн дор байгаа баялгийг эдийн засгийн эргэлтэнд оруулж, үндэсний баялаг бүтээж байна. Монгол Улсын хөгжил дэвшил, сайн сайхны төлөө ажилладаг Эрдэнэт үйлдвэр уул уурхайн баяжуулах үйлдвэр боловч эцсийн дүндээ хүний төлөө үйлдвэр юм. Бид уурхайчиддаа, хүндээ хандсан төслүүдийг хийж хэрэгжүүлнэ. Захиргаа, үйлдвэрчний байгууллага ойлголцож, хамтран ажиллаж чадвал тодорхой үр дүнд хүрч чадна гэдэгт итгэж байна. Бидний бодлого, үйл ажиллагаа цэгцтэй байх ёстой” хэмээсэн.
   Эрдэнэт үйлдвэр Нийгмийн цехүүдийн үйл ажиллагаагаар дамжуулан зарим төрлийн нийгмийн халамж, үйлчилгээг хүргэн ажилладаг. Энэ тухай Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч захирал Д.Үүрийнтуяа мэдээлэл хийхдээ “2019 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нийгмийн халамжийн чиглэлээр 100 тэрбум төгрөг зарцуулах” тухай танилцууллаа. Ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг олон талаар шийдвэрлэж ирсэн Эрдэнэт үйлдвэр энэ онд томоохон төслүүддээ хөрөнгө оруулалт хийсэн. Энэ нь үйлдвэрийн олон жилийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангахад чиглэж байгаа юм. Нийгмийн хариуцлагын хүрээнд “Уурхайчин 1, 2, 3” орон сууцны хороолол барьж байна. Мөн Технологийн сургуульд түшиглэн, сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийг хослуулсан орчин үеийн цогцолбор сургууль, туршилт судалгаа хийх лабораторийн бааз бий болгоно. Орос сургуулийг түшиглэсэн Кембриджийн хөтөлбөртэй Ерөнхий боловсролын сургууль, Политехникийн коллеж барьж байгуулах зэрэг олон санаа тусгагджээ.
   Эрдэнэт үйлдвэрийн санхүү, мөнгө, эдийн засгийн бодлого эцсийн дүндээ ажилтны эрх ашигт нийцсэн байх ёстой хэмээн удирдлагууд үзэж, банк санхүүгийн асуудалд ихээхэн анхаарсан. Ингэхдээ өмнө нь арилжааны 5 банктай хамтран ажилладаг байсан бол бага хувийн хүү, нэмэлт бүтээгдэхүүн санал болгосон 10 банктай хамтран ажиллах шийдэлд хүрсэн юм. Энэ нь Эрдэнэт үйлдвэртэй ажил, амьдралаа холбосон 7000 гаруй ажилтан, тэдгээрийн гэр бүл болох Орхон аймгийн 30 мянган иргэнд хийсэн үр өгөөжтэй, алсыг харсан хөрөнгө оруулалт болж байна. 

   Эх сурвалж “Erdenettoday.mn”   

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)