“Эрдэнэт үйлдвэр”-ийг орон нутагтайгаа хамтран асуудлыг шийдвэрлэх үүрэг өглөө
Мэдээ мэдээлэл 28 өдрийн өмнө     130    0

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ням гарагт Эрдэнэт хотод ажилласан. Түүний хөтөлбөрт Орон сууцны 1А хорооллын ажилтай танилцах аялал багтсан юм. Ерөнхий сайд дагалдан яваа албаны хүмүүсийн хамтаар Найрамдал өндөрлөгт гарч, 1А хорооллын барилгажилтын ажилтай танилцсан. Энэ хороолол БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа ч дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний асуудал нь шийдэгдэлгүй 3 жилийг үдэж өнөөг хүрсэн. Аймгийн удирдлагууд үе үеийн Ерөнхий сайдуудад энэ хорооллын дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний хөрөнгөд шаардагдах 12 тэрбум төгрөгийг шийдүүлэхийг оролдсон ч тухай бүр нь амжилт олоогүй. Энэ удаад Ерөнхий сайд Эрдэнэт хотноо ажиллахдаа 1А хорооллын дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний ажилд шаардагдах 12 тэрбум төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ шийдэх боломжтой тухай хариулт өглөө.

Тэрбээр, иргэдтэй хийсэн уулзалтын үеэр “1А хорооллын дэд бүтэц, инженерийн шугам сүлжээг байгуулахад шаардагдах 12 тэрбум төгрөгийг Эрдэнэт үйлдвэр шийдэх нь зөв. Энэ гурван байшинд Эрдэнэт үйлдвэрийн ажилчид, Эрдэнэтийн иргэд орно. Эрдэнэт бол залуусын хот учраас энэ асуудлыг ингэж шийдсэн нь зөв. Орон нутагтайгаа хамтраад хөрөнгө мөнгийг нь шийдэж болох байх. Энэ бол Ерөнхий сайдын өгч байгаа үүрэг даалгавар гэж ойлгоорой” хэмээн хариулахад уулзалтад оролцогчид Ерөнхий сайдын хариултыг халуунаар хүлээн авч алга нижигнүүлэн ташиж байлаа.  Ингэснээр хотын А бүсэд баригдсан энэхүү олон давхар 3 байшин амь орж, дахин нэмж баригдах байрнууд асуудалгүйгээр оршин суугчдаа хүлээх боломж бүрдэх юм байна.  

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)