Бугат суманд боом өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
Хотын амьдрал 1 сарын өмнө     41    0

Булган аймгийн Бугат суманд малын гоц халдварт боом өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна. Халдварт өвчин гарсантай холбогдуулан тус аймагт хорио цээрийн дэглэм тогтоожээ. Иймд тухайн бүс нутгаас малын гаралтай түүхий эд, мах, сүү, сүүн бүтээгдэхүүн тээвэрлэх болон шилжилт хөдөлгөөнийг 14 хоногоор хориглолоо.

Боом өвчин нь мал амьтнаас хүнд халдварладаг өвчин юм.  Халдварыг үүсгэгч мал амьтны арьс шир, өтөг бууц, ус, хөрсөнд удаан хугацаанд хадгалагддаг байна. Уг өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд үхсэн малын мах, арьс ширийг ашиглахгүй байх, ил задгай хаяхгүй байх, үхсэн малыг мал эмнэлгийн байгууллагад мэдэгдэж шалтгааныг тогтоолгох, малын гаралтай түүхий эд мах, сүүн бүтээгдэхүүнийг сайтар боловсруулж хэрэглэхийг Мал эмнэлгийн газраас анхааруулжээ.

Малын гоц халдварт боом өвчний халдвар авсан үед өндөр халуурах, арьсан дээр цэврүү үүсэх, хавагнах, бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна.  Мал эмнэлгийн газраас халдвартай бүс нутгаас орж ирсэн махыг шинжлэхэд эерэг үзүүлэлттэй гарчээ. Мөн боомын халдвар авсан байж болзошгүй хүнд шинжилгээ хийхэд халдвар авсан нь тогтоогдсон байна. Гарал үүсэл нь тодорхойгүй, ил задгай худалдаалж байгаа малын гаралтай бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг иргэдэд сануулж байна.

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)