Хүнсний ногооны аж ахуй эрхлэгчид 500 орчим сая төгрөгийн зээл авчээ
Хотын амьдрал 10 сарын өмнө     226    0

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 12 дугаар хуралдаанаар Өрхийн тариалалтыг дэмжих дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцлээ. Уг хөтөлбөрийг 2017 онд аймгийн тэргүүлэгчдийн хуралдаанаар баталж байсан.

 Хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жил төмс, хүнсний ногооны үр, хүлэмж олгох журмыг шинээр баталжээ. Ингэснээр иргэн, аж ахуй нэгжид 53 хүлэмжийг олгож, хүлэмжийн талбайг нэмсэн байна. Энэ жил Баян-Өндөр, Жаргалант сумын 12 аж ахуй нэгж, 1000 орчим айл өрх газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлсэн байна. Газар тариалан эрхлэгчид 4997 га талбайд тариалж, тариалалтыг 103 хувьтай хийжээ.

Газар тариалан эрхлэгчдэд чиглэсэн уг хөтөлбөрөөр хашаандаа төмс, хүнсний ногоо  тариалах иргэдийг дэмжих, дотоодын тариалалтаар аймгийнхаа хэрэгцээг хангах зорилготой. Энэ жил 30 тонн төмсний үр, 10 кг манжингийн үр, лууван, хүрэн манжингийн үрийг тус бүр 30 кг-аар олгосныг аймгийн ХХААГ-ын дарга Ж.Бат-Өлзий мэдээллээ. Аймгийн Засаг даргын захирамжаар “Зоорь, хүлэмжийн аж ахуйг дэмжих журам”-ын дагуу 430 тоннын багтаамжтай 10 зоорийг тариалан эрхлэгчид ашиглалтад оруулсан байна.

Газар тариалан эрхлэгчдийг төрөөс болон аймаг орон нутгаас дэмжиж, зээл тусламж олгож байна. ХХААХҮЯ-ны харьяа Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Эх үүсвэртэй батлан даалтын сан, Орхон аймгийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих сан, Сум хөгжүүлэх сангаар дамжуулан 500 орчим сая төгрөгийн зээлд иргэн, аж ахуй нэгж хамрагджээ. Цаашид техник, технологио сайжруулах хэрэгцээ шаардлага бий. Шинээр техник авснаар хугацаандаа ургацаа авах олон талын үр өгөөжтэйг тус салбарынхан тайлбарлалаа. Тэргүүлэгчдийн зүгээс ногоо хадгалах зоорийг нэмэгдүүлэх, ченжийн гараар дамжуулахгүй байх бодлого төлөвлөгөө гаргах хэрэгтэйг сануулсан юм.