“МОН-2301” төслөөр 181 сая төгрөгийн зээлийг гэр хорооллын айл өрхөд олгоно
Хотын амьдрал 13 өдрийн өмнө     25    1

Гэр хорооллынхон орон сууцны айлуудаас дутахааргүй тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр аймгийн ЗДТГ-аас дэд хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тодруулбал, 2018 онд “Хашаандаа хаус” дэд хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр инженерийн шугам сүлжээ холбох ажил эхэлж байна.

“Одоогийн байдлаар Баянцагаан багийн Хойд хорооллын хэсгийн айлуудыг цэвэр бохир ус, дулаанд холбох ажлын гүйцэтгэгч компани шалгарсан байна.  Мөн Цагаанчулуут, Наран багийн ажлууд эхэлжээ. Цагаанчулуут багт инженерийн шугам сүлжээ тавих ажил 60-70 хувьтай явж байна” гэж аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ц.Баяржаргал ярьлаа. Цагаанчулуут багийн хөрөнгө оруулалтын ажлын дараа Булаг багийн  ажлыг хийнэ. Энэ жил Булаг багийн 18,19,20-р гудамжны айлууд инженерийн шугамд холбогдох боломжтойг онцоллоо.

            Орхон аймгийн хэмжээнд 17 мянган өрх гэр хороололд амьдарч байна.  Эдгээр айлууд цэвэр бохир ус дулаанд холбогдсоноор агаар, хөрсний бохирдол буурах ач холбогдолтйй.  Албаны хүмүүсийн яриагаар манай аймагт 30 өрх инженерийн шугам сүлжээнд холбогдсон. “Хашаандаа хаус” дэд хөтөлбөр дараа дараагийн жилүүдэд хийх ажлын эхлэл болно. Инженерийн шугамыг тавьсны дараа  иргэд амьдарч байгаа байшин руугаа холболт хийх юм. Ойролцоогоор нэг метр шугамыг 100 гаруй мянган төгрөгөөр татна. Байшин барилгын хийц хэмжээнээс хамаарч 3-6 сая төгрөг зарцуулах тооцоо гарсныг мэдээллээ.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Гэр хорооллын орчин нөхцөлийг сайжруулах МОН 2301 төсөл” манай аймагт олон жилийн турш хэрэгжиж байгаа.  Инженерийн шугамд холбогдох хүсэлтэй иргэд уг төслийн зээлд хамрагдах боломжтой. Төрийн банкинд 181 сая төгрөг иргэдэд олгохоор бүрдсэн байна. Жилийн 10 хувийн хүүтэй, 15 сая хүртэлх төгрөгийг урт хугацаанд авах эрх гэр хорооллын иргэдэд байна.

“Хашаандаа хаус” дэд хөтөлбөр 2018-2021 онд хэрэгжиж дуусна.  Энэ онд Цагаанчулуут, Наран, Булаг, Дэнж, Баянцагаан багийн ПДУ-гийн хэсгийн 338 айл өрх инженерийн шугам сүлжээнд холбогдох боломж байгааг мэргэжлийн байгууллагаас гаргасан байна.

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (1)