Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ
Нийгэм, Улс төр 1 сарын өмнө     82    0

Засгийн газрын 15 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэлийг зарлаж байна. Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан төрийн албаны шалгалтыг хоёр төрлөөр авдаг болсон. Төрийн албанд орох хүсэлтэй иргэд Ерөнхий болон тусгай шалгалтыг өгөх юм. Бүртгэл 10 дугаар сарын 1-нээс эхэлж, 10 дугаар сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ.  Орхон аймгийн ЗДТГ-ын Нэг цонхны үйлчилгээн дээр иргэдийг бүртгэх юм. Харин шалгалтыг  улс орон даяар 11дүгээр сарын 11-25-ны хооронд товлосон өдрүүдэд авна гэж аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганболд ярилаа.

Төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцсэн тохиолдолд дараагийн тусгай шалгалтыг өгнө. Тусгай шалгалтаар тухайн иргэн ямар албан тушаалд орох нь тодорхой болох юм. Ерөнхий шалгалт  60 минутын турш үргэлжилнэ. Шалгалтад Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомж,  ерөнхий мэдлэг, сэтгэх чадвар, түүх соёл, монгол хэлний найруулга, зөв бичих дүрэм зэрэг асуултууд тестийн хэлбэрээр ирдэг байна. Эхний удаагийн ерөнхий шалгалтад тэнцсэнээр төрийн албаны нөөцөд бүртгэгдэж байгаа юм. Төрийн албаны шалгалтын журамд зааснаар дээд боловсролтой, цэргийн алба хаасан байх, ял шийтгэл эдлээгүй байх гэсэн ерөнхий нийтлэг шалгуурыг тавьжээ. Шалгалттай холбоотой мэдээллийг төрийн албаны зөвлөлийн цахим хуудас , Орхон аймгийн ЗДТГ-ын Нэг цонхны үйлчилгээ, Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс авах боломжтой юм.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)