Орос багш нар сурагчдынхаа хамтаар баяраа тэмдэглэлээ
Уул уурхай 12 өдрийн өмнө     35    0

Эрдэнэт үйлдвэрийн Орос 19 дүгээр сургуулийн багш нарын хувьд энэ өдөр онцгой. Дэлхийн багш нарын баяр, Монголын багш нарын 53 дахь өдрийг тохиолдуулан орос сургуулийн сурагчид сурсан мэдсэнээ тайлагнаж, багш нартаа баярын мэндчилгээ дэвшүүллээ. Эрдэнэт үйлдвэрийн Гадаад харилцааны бодлогын газрын дарга Г.Тэнгэр, Ерөнхий захиргааны гадаад мэргэжилтний асуудал хариуцсан туслах Холоденко Ю.Г тэргүүтэй бусад албаныхан оролцож, багш нарт баяр хүргэсэн юм. Хүүхдүүдийн нижигнэсэн алга ташилт дунд шагналаа авч, нүүр дүүрэн мишээх багш нарын царай цаанаа л нэг жаргалтай. ОХУ-д суралцах хүсэл эрмэлзэлтэй олон мянган хүүхдийн итгэлийн оч болсон энэ сургуулийг Эрдэнэт үйлдвэр орос ах нарын үед байгуулсан. Орос хэл дээр үндсэн хичээл нь явагддаг тус сургуулийн 1-11 дүгээр ангид энэ хичээлийн жилд 498 хүүхэд суралцаж, 37 багш ажиллаж байна. Хүүхдэд эх оронч үзэл төлөвшүүлэн, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үзэлд сургах, нөхөрсөг, нийтэч, нээлттэй харилцааг эрхэмлэх гээд сургалтын олон хөтөлбөр тус сургуульд бий. Дуу хуур, бүжиг наадмаар чимсэн энэ өдрийн үйл ажиллагаа багш нарын сэтгэлд нийцсэн бололтой, хүүхдүүдээ өхөөрдөж харагдсан.
   

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)