Банкинд төлсөн зээлийн хүүндээ Е баримт авч болно
Хотын амьдрал 1 сарын өмнө     74    0

Аймгийн хэмжээнд иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлдэг төрийн 48 байгууллага  Амарын талбайд үйл ажиллагаа явуулж, иргэдэд мэдээ мэдээлэл, зөвлөгөө, үйлчилгээ үзүүлсэн юм. 

Нээлттэй өдөрлөгт аймгийн Боловсролын салбарынхан өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон. Сурагчдын хийж бүтээсэн гар урлалын зүйлээс гадна орчин үеийн “Юнимат” тоног төхөөрөмжийг танилцуулахаа тэд мартсангүй. Монгол бичгээр нэрээ таталган бичүүлэх, дуртай шүлгээ арьс, нэхийн дээр бичүүлж хадгалуулах үйлчилгээний захиалгыг иргэд өгч, хүүхдүүд “Ийм гоёоор хийгээд өгнө. Зөвхөн таньд зориулж дахин давтагдашгүй байдлаар урлана” гэх зэргээр илүү амьд харилцаа жинхэнэ өнгөтөөр өрнөж байхтай ч таарлаа. Эрүүл мэндийн газар, БОЭТ-ийнхөн энд хүрэлцэн ирсэн ахмадууд гэлтгүй иргэдэд даралт үзэхээс эхлээд анхан шатны үйлчилгээ үзүүлж, бүр цаашилбал хүчилтөрөгчийн коктейль түгээсэн нь иргэдийн сэтгэлд нийцсэн ажил болж нэг хэсэгтээ л тэр орчимд бөөн түгжрэл, дараалал үүсгээд амжсан.

Татварынхан Амарын талбайн төв хэсэгт “саатаж” татвартай холбоотой бүхий л төрлийн мэдээлэл, лавлагааг түгээлээ. Өнөөдөр иргэд олон төрлийн зээлийг банк болон ББСБ-аас авдаг. Тэгвэл авсан зээлийнхээ хүүнд нь Е-баримт авч болдог тухай мэдээллийг өгсөн. Иргэн та сар бүр төлсөн зээлийнхээ хүүгийн дүнд нь тухайн банкнаасаа Е баримт авч байвал сар бүрийн сугалааны азтан болох сугалаанд оролцох боломжтойг Татварынхан онцолж байв.

Аймгийн ЗДТГ-ын хэлтэс, агентлагийнхан орон нутгийн хэмжээнд хэрэгжиж байгаа “Хөгжилд хөтлөх 18” дэд хөтөлбөрийн танилцуулгыг, өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлынхаа талаар танилцууллаа. “Ах нь өнгөрсөн сард тэтгэвэртээ гарлаа. “Ач санах” дэд хөтөлбөрийн талаар мэдээлэл авмаар байна. Ахмад настан болсон юм чинь чаддаг мэддэг зүйлээрээ тусалж дэмжмээр байна, болох уу” хэмээн хандах ахмад настан ч бидэнтэй таарсан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийг улс даяар хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд тус газраас 15-34 насны 100 гаруй залуусын дунд хөтөлбөрийн хүрээнд төсөл зарлаж, сонгон шалгаруулалт явуулсан. Үүнээс 12 баг шалгарч тус бүр 10 сая төгргийн санхүүжилт авах болзол хангажээ. Өдөрлөгийн үеэр дээрх 12 багийнхан санхүүжилтээ авах “Эрхийн бичиг”-ийг нь гардуулан өгсөн юм.

Амарын талбай ард түмний хөлд дарагдсан “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний өдөрлөг” жилд нэг удаа биш олон удаа болвол төрийн байгууллагын ажил нэг байтугай нэлээн хэдэн алхмаар урагшлах төдийгүй иргэд мэдээлэл авдаг, мэдээллээ ашигладаг болох боломж илүүтэй харагдаж байлаа.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)