Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэн ерөнхий шаардлагыг хангах ёстой
Мэдээ мэдээлэл 1 сарын өмнө     109    0

Иргэдэд төрийн үйлчилгээг нэг дороос авах, хүртэх боломжийг ийнхүү нэг өдөр олгож байгаа тул Амарын талбай ард түмний хөлд дарагдлаа.

Аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийнхэн иргэдэд зориулсан мэдээллийн лавлахуудыг тарааж, иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор хэвлэмэл хуудас, бүтээгдэхүүнээ тарааж байлаа. Тухайлбал, 2019 оны төсвийн орлого, зарлагын талаах мэдээлэл, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр бэлтгэсэн “Даатгал” бяцхан ном, аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодогч нарт зориулсан “Санхүүгийн тайлан илгээх заавар” нэртэй гарын авлагыг түгээлээ. Иргэд эндээс аймгийн хэмжээнд энэ онд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа компаниудад татаас нэрээр 845.9 сая төгрөг олгож байгаа зэрэг мэдээллээс эхлээд сонирхсон зүйлээ авч байлаа.

 Аймгийн Орон нутгийн өмчийн газрынхан энд жинхэнэ утгаараа олны хөлд даруулж байлаа. Учир нь манай аймагт баригдаж байгаа ТОСК-ын 315 айлын орон сууцанд ямар иргэн орох, ямар шаардлага тавигдаж байгаа талаарх мэдээллийг тэд иргэдэд хүргэж байлаа. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эцэг эх ТОСК-ын Түрээсийн орон сууцанд хамрагдах бол тавигдаж байгаа ерөнхий шаардлагыг хангасан байх ёстой гэнэ. Тэрхүү ерөнхий шаардлагыг ТОСК-ын түрээсийн байранд амьдрахаар хүсч байгаа иргэдэд зориулж залуу гэр бүл, төрийн албан хаагч, хувийн хэвшилд ажилладаг иргэн зэрэг зорилтот бүлэг тус бүрээр гаргаж иргэдэд түгээж байгаа учраас олны хөл их байлаа. Мөн аймгийн Өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаныхан “Худалдан авах ажиллагаанд иргэн таны оролцоо”, “Цахим тендэрт оролцогчдод зориулсан гарын авлага”, “Худалдан авах ажиллагааны гарын авлага” зэрэг олон тараах материалыг иргэдэд түгээж иргэд өөрсдийн хайж байсан мэдээллээ эндээс авч байв.

Талбайн өмнө талд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх нээлттэй 407  дугаар хорих ангийнхан байрлаж мэдээллээ түгээлээ. Иргэд тус хорих ангид хүмүүжиж байгаа хүмүүжигчдийн хийсэн гар урлал, бэлэг дурсгалын зүйлийг илүүтэй сонирхож, хийц, ур чадварыг нь гайхаж байв. Жишээ нь, бэлэг дурсгалын зориулалттай хийгдсэн дөрвөн хүчитний дүр бүхий морин хуурыг 250 мянган төгрөгөөр иргэдэд худалдахаар байрлуулжээ. Мөн монгол гэрийн чимэг, эр хүний эдлэл хэрэглэл болох эмээлийн суурь, хазаар ногт, ташуур, бугуй зэрэг бүтээгдэхүүн Амарын талбайн энэ өдрийн чимэг байсан гэхэд нэг их буруудахгүй.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)