Ажил хийж, бусдад тус дэм болж яваа залуусаа дэмжье л дээ, найзууд аа
Мэдээ мэдээлэл 30 өдрийн өмнө     73    0

    “Залуус өөр болжээ. Цаг үе, хөгжлийн чиг хандлага, гадаад орчин нөхцөл гээд л бүгд тэдний талд шүү. Хийж, хэрэгжүүлж байгаа ажлыг нь харвал бидний үеийнхэнээс огт дутахгүй, бүр давж гарах нь байна. Яагаав, энэ цэнхэр самбар дээр байгаа нөхрийг би өөрийн эрхгүй үнэлээд байгаа юм даа” хэмээн зогсох авто засварын эзэн бид хоёрын яриа саяхан санагдана. Уг нь тэрбээр, энэ тэр намын гишүүн болж гүйгээгүй ч нэлээн ардчилсан үзэлтэй нөхөр.

Өөрийн гараар амьдралаа авч яваа болохоор ажилсаг, хөдөлмөрч хүнд их талтай. Бид хоёрын хажуухан талд Бат-Өлзийн Бат-Эрдэнийн хийж, хэрэгжүүлж байгаа нэгэн ажлын сурталчилгааны томхон самбар байсан нь манай хүнийг ийн дүгнэхэд хүргэсэн болов уу. Бат-Өлзийн Бат-Эрдэнэ гэх залууг Эрдэнэтийнхэн нэлээн эртнээс мэднэ. Бүр зарим нь хамтарч нийгмийн сайн сайхны төлөө, Эрдэнэт хотынхоо ирээдүйн төлөө хийж хэрэгжүүлж байгаа ажилд нь хамтран зүтгэж, бүтээн байгуулж яваа. Энэ бүхнээс нь харвал түүнийг Эрдэнэт хот, эрдэнэтчүүдээс салгаж ойлгохын аргагүй мэт.

Б.Бат-Эрдэнэ “Эрдэнэт хотын хөгжил, бодлого судалгааны хүрээлэн” ТББ-ын тэргүүнээр ажилладаг. “Гэрэлтэй Эрдэнэт” төслийг санаачлагч. Түүний хувьд сүүлийн хоёр ч жилийн хугацаанд томоохон хэдэн төсөл Эрдэнэт хот, Орхон аймагт хийж, хэрэгжүүлсэн, бас зарим нэгийг нь үргэлжлүүлэхээр яваа. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төсөл үнэхээр Эрдэнэтэд ус агаар мэт хэрэгтэй байсан. Оёдлын машинтай өрх толгойлсон эмэгтэй бүтээгдэхүүнээ зах зээлд гаргах, олонд хүргэхийн тулд хаана, хэнд хандахаа мэдэхгүй л явсан. Тэгвэл тэдний гарааны бизнесийг дэмжих төслийг Б.Бат-Эрдэнэ санаачлан хэрэгжүүлсэн.  Хүнд хэрэгтэй, Эрдэнэтэд өгөөжтэй төслүүдэд гарааны санхүүжилт болгон тус бүрт нь нэг нэг сая төгрөг олгож байлаа. Нэг сая төгрөгийн тэрхүү тусламж хэрэгтэй хүндээ маш их дэм, хөрөнгө оруулалт болдог юм билээ. Тиймээс Эрдэнэтийн жижиг , дунд бизнес эрхлэгчид Бат-Өлзийн Бат-Эрдэнэд ам сайтай байдаг. Сониноос, Б.Бат-Эрдэнэ Орхон аймагт жижиг дунд бизнес эрхлэгч, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих төвийг байгуулахаар БНСУ-ын Шихэн хотын хөрөнгө оруулагчидтай тохиролцон ажиллаж байгаа тухай дуулдсан шүү. Манай аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж гарт баригдахаар томоохон ямар ажил хийлээ, санаанд нэг л буухгүй байна. Байнгын хороодын дарга зэргээр тэрүүхэн тэндээ томоохон дарга болсон ч улсын төсөвт хэдэн төгрөг тавиулсанаа их ажил хийсэн гэж сэтгэдэг нөхдүүдийн дэргэд бол мужааны хөрөө, харуултай хүнд ажлыг нь дэмжиж өгсөн нэг сая төгрөг тэнгэрийн умдагнаас ч илүү үнэ цэнэтэй байсан. Гэтэл манай УИХ-ын гишүүд цагаан сараар цаглабар тараах зэргээр л эрдэнэтчүүдийг хуураад өнгөрдөг.

Саяхан даа, 12 дугаар анги төгсөж улсын шалгалтаа өгч, их дээд сургуульд элсэгчид шалгалтын дүнгээ сонсох гэж үлгэрт гардаг шиг л байлаа. Дүн нь 7-10 хоногийн дараа гарна. Гэтэл 2018 оны хавар билүү дээ, улсын хэмжээнд анх удаа Эрдэнэт хотод нэгдмэл хичээлийн олимпиад зохион байгуулж оролцогчдын дүнг 1-3 минутын дотор гаргадаг технологийн дэвшлийг Б.Бат-Эрдэнэ бидэнд харуулсан удаатай. Манай хотын сурагчид ч гайхам өндөр амжилт үзүүлсэн. Тухайн үеийн Боловсролын сайд нь хаврын элсэлтийн шалгалтыг Орхон аймагт шинэ аргаар авахаа мэдэгдэж бид ч анхдагч болж байсан түүхтэй. Ер нь Б.Бат-Эрдэнийн боловсролын салбарт оруулсан эд хөрөнгийн гэлтгүй оюуны хөрөнгө оруулалт зэргийг тоочвол багагүй цаг хугацаа, цаас шаардана.

Өнгөрөгч өвлөөс тэрбээр төрийн албан хаагчдыг  БНСУ-д туршлага судлуулсан, тэдний жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих байгууллагатай харилцаа холбоо тогтоож өгсөн, БНХАУ-ын томоохон комданитай хамтран Улаанбатар Эрдэнэтийг холбосон 270 км шулуун зам тавих талаар судалгаа хийж байгаа зэрэг олон ажлыг тэрбээр, эхлүүлж хийж хэрэгжүүлж байгаа.  Дээр нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусалсан, эрдэнэт хүний амь насыг аварсан гээд тоочвол олон зүйлийг түүнд “тохож” болно. Хүний амь нас аварсан талаар нь түүнээс яриа авах гэтэл тэрбээр “Тийм сүртэй хэрэг биш шүү дээ. Та  тэр үед байсан бол миний л адил шийдвэр гаргах байсан. Тиймээс энэ бол бахархаад, гавьяа болгох гээд байх зүйл биш. Иргэнийхээ үүргийг л биелүүлсэн шүү дээ” гэж билээ.

Үүнийг тэрлэх болсон шалтгаан нь тун энгийн. Манайхан, тэр дундаа эрдэнэтчүүдийн зарим нэг нь ажил хийж яваа нэгнээ муулах, гутаах, улс төржүүлэх гэдэг олдмол өвчинтэй болчихож. Энд тэндээс сураг дуулдах нь ээ “Бат-Өлзийн Бат-Эрдэнийг баахан балбахгүй бол цаадах чинь дийлдэхгүй нь. Жаахан харлуулаад, гөвөөд өгвөл яасан юм бэ” гэж ирээд түүнийг муулах, харлуулах гэсэн тусгай “Ы” ажиллагаа зохион байгуулах тухай дуулдана. Энэ нь одоогийн улс төрчдийнхөөр бол  тэдний хийдэг “ Пи Ар” гээч нь ажээ. Саяхан бүх нийтээр мод тарих өдрөөр Бат-Өлзийн Бат-Эрдэнэтэй уулзахад “Би Эрдэнэт хотынхоо төлөө эрдэнэтчүүдтэйгээ хамтраад мод тарьж байна. Өөр олон ажил хийхээр төлөвлөж байна. Энэ бол Эрдэнэтийн хэн хүний л хийх ёстой ажил. Түүнээс Бат-Эрдэнэ миний улс төр эхлээгүй байгаа шүү” гэж билээ. Ажил хийж, хүнд, бусдад тус дэм болж яваа залуусаа дэмжье л дээ, найзууд аа. Сонгуулиар амьсгалмаар, сонгуулийн “Пи-Ар” аа хиймээр байгаа бол ядаж сонгуулийн жил болох 2020 оны өвөл, хавраасаа эхэл. Эрдэнэтэд нэг иргэн, нэг айлд ч гэсэн гэрэл гэгээ авчирч байвал, Эрдэнэт хотын хөгжлийн төлөө бол чөтгөртэй нийлсэн ч яадгийм.     

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)