Б.Зоригтбаяр: Эрчимжсэн мал аж ахуй эрхлэх 12 нэгжид газар олгоно
Мэдээ мэдээлэл 27 өдрийн өмнө     139    0

Манай аймгийн хөдөөний ганц сум болох Жаргалант сум Баян-Өндөр сумын иргэддээ газар өмчлүүлэх, түлээний мод бэлтгэх эрхийн бичиг олгож амьдрал нь тус дэм болж байгаа тухай сумын удирдлага ярьж байна. Дээрх асуудлаар болон цаг үеийн асуудлаар Жаргалант сумын Засаг дарга Б.Зоригтбаяртай ярилцлаа.  

-Амарын талбайд хийж байгаа нээлттэй өдөрлөгийн үеэр иргэдэд ямар мэдээллээ илүү хүргэж байна вэ?

-Засаг даргын тамгын газраас 2017-2019 онд хийсэн ажлуудаа иргэдэд танилцуулж байна. Мөн манай сумаас нийт 1295 га газрыг 1100 орчим иргэнд өмчлүүлэх, газар олгох төлөвлөгөөтэй. Үүний дагуу Баян-Өндөр сумын иргэдээс газрын өргөдөл хүлээж авна. Мөн зорилтот бүлгийн өрхөд 30 метр куб мод манай сумаас бэлтгэх эрхийн бичгийг олгож байна. Хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа эрчимжсэн мал аж ахуй ажиллуулах зорилготой иргэдэд 1200 метр квадрат талбай бүхий 12 нэгжид газар олгох төлөвлөгөөтэй.

-Бүтээн байгуулалтын ажил багагүй өрнөсөн байх. Хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалтыг танай суманд төвөлрүүлэв?

-Аймаг, Орон нутгийн хөгжлийн сангаас  2017, 2018 онд 2,2 тэрбум төгрөгийн төсөв төвлөрүүлсэн. Энэ онд улс болон аймаг, сумын хөрөнгө оруулалтаар 5 тэрбум 800 сая төгрөгийн хөрөнгө бүтээн байгуулалт хийж байна. Манайд суманд гурван  жилийн хугацаанд 9.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийгдээд явж байна. Үүнээс онцлох ажлууд гэвэл, сургуулийн стандартанд нийцсэн 120 хүний дотуур байрыг, 30 хүн хэвтэн эмчлүүлэх эмнэлгийн өргөтгөл, аймгийн хөрөнгө оруулалтаар хэрэглээний халуун устай уурын зуух барихаар төлөвлөөд ажил явагдаж байна.

-Өвөлжилтийн бэлтгэл хангасан байдлаар ирэх хаврын өнгө тодорхойлогддог. Бэлтгэл ажил одоогоор ямар түвшинд хийсэн бэ?

- Сумын өвөлжилтийн бэлтгэлийг 95 хувьтай хангасан. Намрын ажил энэ долоо хоногт дуусна. Одоогийн байдлаар нэг компани 100 гаруй га-гаас будаагаа хурааж аваагүй, төмс хүнсний ногоо хураагаад дууссан. Сумын фондны өвсийг  татаж дуусгаад өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагдана. Өнгөрсөн оны мал тооллогоор 60985 мал тоологдсон, энэ өвөл 65 мянга орчим толгой мал өвөлжинө. Энэ оны мал тооллогоор 65 мянга орчим мал тоолуулах төлөвлөгөөтэй байгаа. Олон улсын байгууллага Жайкатай хамтран ажиллах гэрээ байгуулж, өвлийн хүлэмж байгуулахаар зорьж байна. Саяхан санамж бичиг үйлдээд өвлийн хүлэмжийг туршиж үзэхээр гэрээ байгуулсан. Аймгийн 18 дэд хөтөлбөрөөс манай суманд долоон дэд хөтөлбөр хэрэгждэг. “Жаргалантын ногоон орчин”, “Эрүүл Жаргалантчууд”, “Боловсрол”, “Малжуулах” хөтөлбөр хэрэгжиж байгаа.

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)