Гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ
Хотын амьдрал 26 өдрийн өмнө     146    0

Аймгийн Прокурорын газраас сэтгүүлчдэд тус байгууллагын үндсэн чиг үүрэг, прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулга, аймгийн хэмжээнд гарч байгаа гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөл байдал, зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл, прокурорын байгууллагаас ял эдлүүлэх ажиллагаанд хэрхэн хяналт тавьж ажилладаг талаар мэдээлэл хийлээ.

Прокурорын байгууллагын чиг үүргийг Үндсэн хууль болон “Прокурорын байгууллагын тухай хууль”-д зааснаар   чиг үүрэг нь тодорхойлогддог. Үндсэн хуулийн 56 дугаар зүйлд “Прокурор нь хэрэг бүртгэх мөрдөх байцаах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж шүүхэд төрийг төлөөлж оролцоно” гэсэн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг. 1992 оноос хойш “Прокурорын байгууллагын тухай хууль” гурав дахь удаагаа шинэчлэгдэж гарсан. Энэ хууль нь  хамгийн сүүлд 2015 онд УИХ-аар батлагдаж 2017 оны долдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлжээ. Орхон аймгийн хувьд хүн амын нягтаршил их, газар нутгийн хэмжээ бага, зам харгуй, харилцаа холбоо эдийн засгийн үзүүлэлт дэд бүтэц ихээхэн хөгжсөн, томоохон уул уурхайг түшиглэсэн хот гэдгээрээ  онцлогтой. Үүнийг дагаад гарч байгаа гэмт хэргийн гаралт бүтэц хөдөлгөөн бүр онцлогтой. Тухайлбал, Орхон аймагт газар нутгийн хэмжээ бага учраас  хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг буюу хууль бус мод бэлтгэх, тээвэрлэх зэрэг хэрэг зөрчил бусад аймгуудтай харьцуулахад харьцангуй бага байдгаараа их онцлогтой гэдгийг тус прокурорын байгууллагынхан мэдээлэлдээ онцоллоо.

Аймгийн прокурорын газарт  зөрчлийн шинжтэй 24 мянга 100 гаруй гомдол мэдээлэл гуравдугаар улирлын байдлаар шалгагдсан байна. Зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийн дийлэнх хувийг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль” тогтоомжийг зөрчсөн зөрчил эзэлж байна. Тэр дундаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил 70 гаруй хувийг эзэлж байна. Үүнээс Замын цагдаагийн тасгийн зохицуулагчид хялбаршуулсан журмаар 17 мянга гаруй зөрчлийг шалгаж шийдвэрлэжээ. Нийт зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийн 1100 гаруйд нь зөрчлийн хэрэг нээж шалгасан байна. Үүнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нийт гэмт хэргийн 54 хувийг эзэлж байна. Мөн “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль” тогтоомжийг зөрчсөн зөрчил 18 хувийг, олон нийтийн газар танхайрах зөрчил 17 хувийг эзэлжээ.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)