Х.Бадамсүрэн: Монголын волейболын холбооны ордонг ирэх жил барьж ашиглалтад оруулна
Мэдээ мэдээлэл 11 өдрийн өмнө     76    2

Тэмцээнийг нээж, Монголын Волейболын холбооны ерөнхийлөгчөөр 12 жил ажиллаж, волейболын спортын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үг хэлж, баг тамирчдад амжилт хүслээ. Тэрээр “Монгол Волейболын холбоо Үндэсний дээд лигийг 1995 оноос хойш 2012 он хүртэл тасралтгүй зохион байгуулсан бөгөөд сүүлийн зургаан жил тасраад байсан тэмцээнийг энэ онд сэргээх шийдвэр гаргасан юм. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн баазад түшиглэн энэ удаагийн тойргийн тоглолтуудыг зохион байгуулах гэж байна.

Өнгөрсөн хугацаанд баг тамирчдаа хөхиүлэн дэмжиж, тэмцээнд оролцож ирсэн Монголын Волейболын холбооны Ерөнхийлөгч, “Эрчим” багийг олон жил удирдан чиглүүлж ирсэн Ц.Баярбаатар танд болон танай багийнханд Зохион байгуулах хороо болон нийт уурхайчид, Эрдэнэтчүүдийнхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал дэвшүүлж, ажил үйлсэд тань өндөр амжилт хүсэн ерөөе. Холбоог хөгжүүлэхийн төлөө үе үеийн зүтгэлтнүүд, волейболчид баг болж ажилласны үр дүн өнөөдрийн Волейболын холбооны хөгжил дэвшлийг илтгэж байна. Ахмад үеийнхэн хүрэлцэн ирлээ. Тэд бол ДАШТ-нд баг хамт олноороо оролцож, волейболын хөгжлийн түүхийг зурагласан хүмүүс. Та бүхэндээ талархал дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Уурхайчид бид энэхүү тэмцээнд эхнээс нь идэвх зүтгэлтэй оролцож ирснийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй байх. Өнөөгийн Волейболын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Баярсайхан бид 1998 онд “Уурхайчин” багийг үүсгэн байгуулсан. “Уурхайчин” клуб 21 дэх жилдээ ажиллахдаа 5-6 үеийн волейболчдыг бэлтгэн гаргаж, өнөөдөр 15-17 насны залуучуудаар шинэчлэгдээд байна. Монголын волейболын ирээдүй болсон залуучууддаа улам их амжилтыг хүсэн ерөөе. “Уурхайчин” багийн тамирчин Үндэсний дээд лигт тоглосны дараа Афины олимпоос мөнгөн медаль хүртсэн сайхан түүх бий. Энэ бол Монголын Волейболын холбооны баг тамирчдын чансааны үзүүлэлт гэж бид ойлгодог. Сайхан тэмцээн болно гэдэгт эргэлзэхгүй байна. Үндэсний дээд лигийн тэмцээний ач холбогдлыг өндөрт өргөхийн төлөө бид зорьж байна. Эрдэнэт үйлдвэр, Волейболын холбоо, Орхон аймгийн удирдлагуудын ярилцаж шийдвэрлэснээр “Монголын Волейболын холбооны ордон”-г Орхон аймаг, Эрдэнэт хотдоо барьж байгуулан, ирэх онд буюу Олимпийн жил ашиглалтад оруулахаар болсныг волейболчид та бүхэнд дуулгахад таатай байна” хэмээгээд 2019 оны Монголын Волейболын холбооны аварга шалгаруулах тэмцээн албан ёсоор нээснийг зарлалаа.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (2)