“Дуут гэрлэн дохио” 7-10 жилийн баталгаатай
Хотын амьдрал 8 сарын өмнө     101    0

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон явган зорчигчдын аюулгүй байдлыг хангахаар “Дуут гэрлэн дохио”- г явган хүний гарцуудад байршуулаад байна.  Сургуулийн орчин, хөдөлгөөний урсгал ихтэй таван байршлыг сонгожээ. Дуут гэрлэн дохиог Бүсийн оношилгоо эмчилгээний төв зургаадугаар сургуулийн дундах гарц, “Хүлэг” худалдааны төвийн дэргэдэх явган хүний гарц, Лаборатори наймдугаар сургуулийн хажууд байрлах  гарц,  “Наран” багийн гуравдугаар сургуулийн баруун талд,  “Залуус” хорооллын урдах явган хүний гарцанд байршуулжээ. Явган зорчигч гэрлэн дохионы товчлуурыг дарснаар хэсэг хугацааны дараа ногоон гэрэл асах юм. Ногоон гэрэл ассаны дараа явган зорчигч гарцаар гарна. Харин тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чиглэлд асч байсан ногоон гэрэл улаанаар солигдоно. Хичээл сургууль эхлэх, тарах үеэр  Эрдэнэт хотод хөдөлгөөний урсгал нэмэгддэг. Дуут гэрлэн дохиотой явган хүний гарцтай хэсгүүдэд зохицуулах гэрлэн дохиогоор явган зорчигчдод зам тавьж өгч, хөдөлгөөнд соёлтой оролцохыг Замын цагдаагийн тасгаас  жолооч нартаа уриалж байна. Дуут гэрлэн дохионд орон нутгийн төсвөөс 36 сая төгрөг зарцуулсан байна. Гүйцэтгэгч компани болох “Авто мастер төв” ХХК-ийн зүгээс гэрэлтэй  дуут гэрлэн дохио 7-10 жилийн баталгаатай гэдгийг онцолж байна. Дуут гэрлэн дохио 24 цагийн турш ажиллах ажээ.