Ахмад настнууддаа бодитоор дэмжиж тусаллаа
Мэдээ мэдээлэл 7 сарын өмнө     206    0

“Эрдэнэт хотын бодлого судалгааны хүрээлэн” ТББ-ын тэргүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнийн хүсэлтээр арванхоёрдугаар  сарын 1-ны өдөр Япон улсын “КИТОНАХАЙ” нийгмийн халамжийн корпораци Эрдэнэт хотын ахмадуудад тэргэнцэр хандивлалаа.  Тэд эхний ээлжинд тэргэнцэр хэрэглэх нэн шаардлагатай болсон 65 өндөр настанд тэргэнцрээ хүлээлгэн өгсөн юм.  Өнгөрсөн сард мөн л ахмадуудад 35 тэргэнцэр хандивлаж байсан.

Үүний үр дүнд өнөөдөр Орхон аймгийн  100 ахмад настан тэргэнцэртэй боллоо. Ахмад настнуудын нийгмийн асуудлыг өөрсдийн боломжинд тулгуурлан “Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн”-ээр дамжуулан хамтран ажиллах арга замыг судлахаар тус корпорацийн захирал Масасмичи Кома өөрийн биеэр Эрдэнэт хотноо ажилласан байна.

Монгол улс ард түмнээ  сурч боловсрох, эрүүл амьдрах, хөдөлмөрлөх, хөгжих, аюулгүй амьдрахад зориулсан төрийн бодлого, хуулийн зохицуулалттай хэдий ч  амьдралд хэрэгжиж байгаа нь төдий л олон биш. Харин Япон улс нь нийгмийн халамж, хүндээ зориулсан хуулийн бодлого, хүн амьдрахад хамгийн таатай нөхцөлийг бүрдүүлсэн, хүнээ дээдэлдэг улс зэрэг олон ч үзүүлэлтээр дэлхийд дээгүүрт бичигддэг. Энэ улсын туршлага, хэрэгжүүлсэн хөтөлбөр, арга барилаас суралцаж, авч хэрэгжүүлэх олон санаанууд бий гэдэгт итгэлтэй байна.

Улс орондоо залуу нас,  халуун сэтгэлээ зориулсан ахмад үеэ бид хэзээ ч мартаж болохгүй. Аливаа зүйлийг урьдчилж харан түрүүлж хөдлөх нь төрийн эрх барьж буй эрхэм түшээдийн ажил хэдий ч Эрдэнэтчүүд бидний хувьд түрүүлж сэтгэж, түрүүлж бүтээж өөрсдийн байгаа боломжинд тулгуурлан үлгэрлэх ажлаа эхнээсээ бодитой хэрэгжүүлж байна. Үүнийг цааш нь улам дэлгэрүүлж Эрдэнэтэд давалгаалуулах, бүр цаашилбал хүн бүрийн оролцоотой олон нийтийн ажил болгох хэрэгтэй санагдана. Бид ахмадуудаа хэрхэн аз жаргалтай байлгах вэ, тэдэнд чөлөөт цагаа үр ашигтай өнгөрүүлэх нөхцөлийг яаж бүрдүүлэх вэ, асаргаанд орсон ахмадуудаа хөл дээр нь босгож, яавал эрүүл чөлөөтэй алхдаг болгох вэ, тэдэнд  амьдрах урам зориг хэрхэн төрүүлэх вэ гэх олон асуултын ганцад нь ч болтугай хариулт болох бодитой ажлыг “Эрдэнэт хотын бодлого судалгааны хүрээлэн” ТББ-ын залуус хийж, хэрэгжүүлж байна. Түүгээр ч зогсохгүй ахмадуудад үйлчлэх, тэдэнд туслах залуучуудыг Японд мэргэшүүлэх ажлыг ч зохион байгуулж эхэлсэн билээ. 

Гэрэлтэй ирээдүйг өнөөдрөөс бүтээцгээе. “ГЭРЭЛТЭЙ ЭРДЭНЭТ” хөтөлбөр үргэлжилж байна.