Багийн дүнгээр “Алдар” спорт хороо тэргүүллээ
Мэдээ мэдээлэл 1 сарын өмнө     88    0

Боксын спортын олон улсын хэмжээний мастер, нэрт дасгалжуулагч С.Баттулга агсаны нэрэмжит 2020 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн Эрдэнэт хотын “Хангарьд” паласт энэ сарын 2-8-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. Тэмцээний сүүлчийн өдөр болох арванхоёрдугаар сарын 8-нд эрэгтэй найм, эмэгтэй таван жингийн аваргын алтан медалийн төлөөх тоглолтууд болж 2020 оны Улсын аваргууд “Хангарьд”-ын рингэн дээрээс тодорсон юм.

Энэ удаагийн Улсын аварга шалгаруулах насанд хүрэгчдийн боксын тэмцээн анх удаагаа хөдөө орон нутаг тэр дундаа Орхон аймагт болж өнгөрсөн. Нөгөөтэйгүүр 2020 оны Улсын аварга шалгаруулах боксын тэмцээнийг Эрдэнэт хотноо тулааны урлаг, боксын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, Эрдэнэтийн тамирчдыг бэлтгэхэд өөрийн ухамсарт амьдралаа зориулсан нэрт дасгалжуулагч, сурган хүмүүжүүлэгч, боксын спортын Олон улсын хэмжээний мастер С.Баттулга агсаны нэрэмжит болсон нь ихээхэн онцлогтой боллоо. Анх удаагаа Эрдэнэт хотноо болж буй эл тэмцээнд хамгийн холоос Дорнод аймгийн БТСХ-ны дэргэдэх “Талын бүргэд” клуб, Баян-Өлгий аймгийн БТСХ, Өмнөговь аймгийн “Мазаалай” клубийн ширэн бээлийтнүүд хүрэлцэн ирж өрсөлдсөн нь тэмцээнийг өрсөлдөөнтэй болгосон юм. Мөн Төв аймгийн “Алтан Од” клуб, “Алтан бээлий”, “Аврагч” спорт хороо, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо, “Boxing body max” клуб, Монголын Үндэсний их сургууль, Говьсүмбэр аймгийн БТСХ, “Хангарьд” спорт хороо, “Хилчин” спорт хороо, “Хөх чоно” клуб, “Монгол мастер” клуб, “Red bulls club”, “Zevs club”, “Эрдэнэт” бокс клуб, ЦЕГ-ын “Хүч” спорт хороо, “Ширэн бээлий”  клуб зэрэг 26 байгууллагын 200 шахам тамирчин өрсөлдсөн.

Тэмцээний дүн гарахад багийн дүнгээр Зэвсэгт хүчний “Алдар” спорт тэргүүн байрт орсон юм. Удаахь байруудад Онцгой байдлын Ерөнхий газрын “Аврагч” спорт хороо, ЦЕГ-ын дэргэдэх “Хүч” спорт хороо шалгарлаа.  Тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр “Даншиг” групп ажилласан бол ивээн тэтгэгчээр Улаанбаатар хот дахь Эрдэнэтийн нутгийн зөвлөл, “Энх Эрдэнэтийн хөгжил” ТББ, “Ажнай” корпораци, “Капитрон” банк, “Эрдэнэтийн хүү” ТББ-ынхан оролцов.

 

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)