Зэс молибдены баяжмалыг салгах, молибдены баяжуулалтын дамжлагыг шинэчиллээ
Мэдээ мэдээлэл 7 сарын өмнө     226    0

“Эрдэнэт”-ийн үйлдвэрлэлийн зүрх болсон Баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсэгт зэс молибдены баяжуулалтын дамжлагыг шинэчиллээ. Шинэчлэлийн хүрээнд АНУ-д үйлдвэрлэсэн 144 маркийн хөвүүлэн баяжуулах машин бүхий молибдены баяжуулалтын нөөц шугамыг суурилуулав. Энэхүү нөөц шугам нь 1.7 -14.1 метр куб эзэлхүүнтэй 18 камераас бүрдсэн бөгөөд бүрэн автомат, орчин үеийн дэвшилтэт технологи юм. Нөөц шугамыг суурилуулснаар баяжуулалтын  фронтыг нэмэгдүүлж, молибдены металь авалтыг нэг хувиар өсгөн жилд 1.8 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олох боломж бүрдэж байна.  Ашиглалтын зардал буурах, ажлын байрны нөхцөл сайжрах, хөдөлмөрийн аюулгүй, эрүүл ахуйн таатай орчин бий болгох давуу талтай. Молибдены баяжуулалтын  нөөц шугамын угсралт, тохируулгын ажлыг тавдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 20-ныг хүртэл Баяжуулах үйлдвэр, Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цех, Барилга засварын цех, Засвар механикийн завод, Засвар угсралтын цехийн хамт олон, “ФЛСмид Монголия” ХХК, “Эрдэнэт лайт” ХХК, “Орхон Тех” ХХК хамтран гүйцэтгэжээ.