“Анд энерги” ХК, “ОРА металл” ХХК, “Талын булаг” эмнэлэг шилдгээр шалгарлаа
Мэдээ мэдээлэл 7 сарын өмнө     294    0

Аймгийн Засаг даргын А/799 тоот захирамжаар аймгийн Шилдэг аж ахуйн нэгж шалгаруулах журмыг баталсан билээ. Засаг даргын Зөвлөлийн хурлаар 2019 оны аймгийн Шилдэг аж ахуйн нэгжүүдийг шалгарууллаа.

*** Шилдэг бүтээн байгуулагч аж ахуйн нэгж

*** Шилдэг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж

*** Шилдэг жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж гэсэн гурван үзүүлэлтээр 2019 оны аймгийн шилдгүүдийг шалгаруулсан юм.

Аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурлын гишүүдийн олонхийн саналаар Шилдэг бүтээн байгуулагч аж ахуйн нэгжээр “Анд энерги” ХК шалгарсан байна. Тус компани жилдээ 150 мянган ширхэг гэрэл үйлдвэрлэх хүчин чадалтай, 2019 онд 100.6 сая төгрөгийн татвар төлжээ. Нийгмийн даатгалын шимтгэлд өр төлбөргүй байсны зэрэгцээ 2019 онд 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Тус компани Хөрөнгийн зах зээлд хувьцаа гарган 430 хувьцаа эзэмшигчтэй болж, нийтдээ 1.5 тэрбум төгрөг татан төвлөрүүлжээ. Энэ онд борлуулалтынхаа цэгийг 4 болгон нэмэгдүүлэхийн зэрэгцээ бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг 38 болгон нэмэгдүүлж, орчин үеийн дэвшилтэт технологи ашигласан зэрэг олон үзүүлэлтээр бусдыгаа тэргүүлж шилдгээр шалгарлаа.

Харин Шилдэг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжээр “ОРА металл” ХХК шалгарсан юм. Тус компанийн хувьд жилдээ 7 мянган тонн бөөрөнцөг үйлдвэрлэх хүчин чадалтай, 2019 оны борлуулалтын орлого нь 13.4 тэрбум төгрөг болжээ. 2019 онд улс, орон нутгийн татварт 1.7 тэрбум төгрөг төвлөрүүлж, нийт 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Тус компанийн онцлог нь “Оюу толгой” компанийн хэрэгцээт өндөр хромт 15 мм-ийн бөөрөнцөг үйлдвэрлэдэг аж. Энэ жил тус компани шинэ тоног төхөөрөмжөөр хүчин чадлаа өргөтгөхийн зэрэгцээ түүхий эд, материалын барилгын өргөтгөл, эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болж, олон улсын стандарт шаардлага хангасан металлын лаборатори зэргийг барьж ашиглалтад оруулсан амжилтаар аймгийнхаа шилдгээр шалгарсан юм.

Шилдэг жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж шалгаруулалтад “Таван талын булаг” ХХК-ийн “Талын булаг” эмнэлэг шалгарчээ.  Тус эмнэлэг 2004 онд байгуулагдаж өнөөдөр 50 ор бүхий хэвтэн эмчлүүлэх 2 тасагтай болон өргөжжээ. 2019 онд тус эмнэлэгт 1120 хүн хэвтэн эмчлүүлж, 2152 иргэнд үйлчилсан байна. Нийтдээ 31 ажилтантай, улс орон нутагт 3.7 сая төгрөгийн татвар төлсөн. Энэ оны хувьд тус эмнэлэг нь 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар төвлөрсөн усан хангамж, цахилгаан холбоо, радио инженерийн шугам сүлжээнд холбогдсон 5 давхар барилгыг барьжээ. Мөн шинээр клиник лабораторийг 40 сая төгрөгөөр байгуулсан аж. Тус эмнэлэг нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд аймаг, орон нутагтай хамтран ажиллаж олон төсөл арга хэмжээнд оролцсон зэрэг үзүүлэлтээр энэ удаад аймагтаа тэргүүллээ.