Ажил хийж байгаа юм уу, аль эсвэл...
Хотын амьдрал 7 сарын өмнө     232    0

Эрдэнэт хотын гудамжнаа энд тэнд нэг ийм самбар харагдах боллоо. Зориуд дөхөж байгаад сонирхтол холбоо барих ганц утастай, “Энэ гудамжинд та ямар нэр өгөх вэ” хэмээсэн асуулттай, томоос том улаан асуултын тэмдэгтэй самбар байх. Хувь хүн тоглоод ийм юм хийчихэв үү алс эсвэл төр, засгийн ажил амьдрал дээр, хөрсөн дээрээ ингэж ойртож бууж байгаа юм болов уу гээд олон асуулт гарч байна.

Зарлалын самбар дээрх утас руу нь залгатал өмнөөс “За та аль гудамжинд ямар нэр өгөх вэ” гэж тулгаж байна. Хаанаас, ямар учиртай зэргийг нь сонирхвол “Орхон аймгийн хаягжуулалтын орон тооны бус комисс” гэгч байгууллагаас энэ самбарыг хийж, байршуулсан гэнэ. Улмаар иргэдээс тухайн гудамжинд ямар нэр өгөхийг нь утсаар авч байгаа юм байх.

 Бусдын анхаарлыг татах энэ тэр талаасаа яахав болж байна гэхэд иргэдийн өгсөн санал, хэрхэн бүртгэгдэхээс эхлээд тавих хяналт, энэ талаарх мэдээлэл зэрэг нь ядуу, дутмаг санагдана. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас хотын гудамжинд нэр өгөх, өөрчлөх ажлыг зохион байгуулдаг. Аймгийн хэмжээнд байдаг нэршилгүй гудамжийг нэртэй болгох энэ ажлыг жаахан албажуулж, эргэх холбоог нь сайжруулахгүй бол иргэдийн өгсөн саналаар ийм нэртэй, тийм гудамжтай боллоо гэхэд нэг л буухгүй санагдана.

Ахмадын ордны өмнөх замын баруун уулзвар дээрх энэхүү самбарын ойр орчим явсан иргэнээс энэ талаар тодруултал “Энэ гудамж нь хаанаас хаа хүртэл үргэлжилдгийг нь мэдэхгүй юм. Энэ гар утас руу нь залгаж үзсэн. Авахгүй л юм билээ.” хэмээн хариулж байсан. Орон тооны бус комиссынхоны санаа нь давгүй болж. Харин  иргэдэд энэ ажлынхаа талаар өгч байгаа мэдээлэл чинь үнэхээр дутуу байна. Ажил хийж байгаа юм уу, аль эсвэл хэн нэгний тоглоом, шоглоом уу гэдгээ ялгая.