Хорин мянган дусаалгыг иргэдэд үнэ төлбөргүй хүргэнэ
Мэдээ мэдээлэл 7 сарын өмнө     287    15

“Эрдэнэт хотын хөгжил дэвшлийн төлөө хэнтэй ч хамтарч ажиллана” уриатай “Энх Эрдэнэтийн хөгжил” ТББ-ынхан эрдэнэтчүүддээ зориулсан дараагийн ажлаа зохион байгуулж эхэллээ. Өнөөдөр хотжилт, байгалийн эрс тэс уур амьсгал түүний өөрчлөлт хуурайшилт, цахим орчны хэрэглээ зэргээс шалтгаалан иргэдийн хувьд харааны эрхтэний тогтолцоонд багагүй асуудал үүсдэг. Тэгээд ч хүний амин чухал эрхтэний нэг бол яах аргагүй нүд. Иймээс “Энх Эрдэнэтийн хөгжил” ТББ-ын залуус Эрдэнэт хотод 20 мянган ширхэг нүдний дусаалгыг аймгийн хэмжээнд ажилладаг найман Өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан, мэргэжлийн эмч нарын хяналтан дор, тэдний зөвлөгөөтэйгээр  иргэдэд үнэ төлбөргүй тараах гэж байна.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын залуусаас тус Төрийн бус байгууллагынханд хандан “Тоосжилт ихтэй, хуурайшилттай орчинд ажилладаг бидний хувьд нүдний хараа муудах, нүдний торлог бүрхэвч хуурайших, загатнах асуудалтай. Иймээс бидний хувьд нүдний дусаалга нэн тэргүүнд хэрэгтэй байна” хэмээн хүсэлт гаргасны дагуу энэ ажлыг зохион байгуулж байна.

“Тэгээд ч монголчуудын хувьд Эрдэнэт үйлдвэрээс том бага гэлтгүй, тодорхой хэмжээгээр юм авдаг. Эрдэнэт үйлдвэрийн улсын төсөвт их хэмжээний мөнгө төвлөрүүлдэг. Энэ бол уурхайчин хамт олны хийж хэрэгжүүлсэн ажлын үр шим, ашгаас монголын ард түмэн хүртэж байгаа хэлбэр. Эрдэнэт үйлдвэрээс бид байнга авдаг бол яагаад эдний уурхайчдад нэг ч удаа гэсэн бага ч гэсэн юм өгч болохгүй гэж. Энэхүү дусаалгыг зарим хэсгийг Эрдэнэт үйлдвэрийн 6000 гаруй ажилтан, албан хаагчдад өгч байгаа” хэмээн “Энх Эрдэнэтийн хөгжил” ТББ-ын тэргүүн Ц.Бат-Энх ярьж байна.

БНСУ-д үйлдвэрлэсэн энэхүү нүдний дусаалгыг Эрүүл мэндийн яам болон холбогдох мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтаар оруулж зөвшөөрөл авсаны үндсэн дээр ийнхүү иргэдэд тарааж байгаа ажээ. Нүд хуурайшдаг, загатнадаг, нулимс гоождог иргэдийн хувьд харьяа өрхийн Эрүүл мэндийн төвөөсөө энэхүү нүдний дусаалгыг авч болох юм байна. Харин үнэгүй авчихаад ашиг хонжоо хайн зарж борлуулах гэсэн тохиолдол гарвал аймгийн төр захиргаа, хууль хяналтын байгууллагад мэдэгдэхийг зохион байгуулагчид хүслээ.

“Нийтдээ 20 мянган ширхэг нүдний дусаалгыг иргэдэд тараахад 400 шахам сая төгрөгийн зардал гарсан. Үүнийг Эрдэнэтээ гэсэн сэтгэлтэй хувь хүн, бизнесийн байгууллагын хандив тусламжаар хийсэн. Түүнээс биш Энх Эрдэнэтийн хөгжил ТББ-д үүнийг худалдаад авах 400 сая төгрөг байхгүй. Санаа нийлээд зүтгэвэл Эрдэнэт сэтгэлтэй залуус хийж болдгийг харууллаа” хэмээн тус төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал. Баян-Өндөр сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Б.Баасансүрэн онцоллоо.