Урьдчилсан дүнгээр 70 сая 949 мянган мал тоолуулсан байна
Мэдээ мэдээлэл 7 сарын өмнө     239    0

Үндэсний статистикийн хорооноос 2019 оны мал тооллогын урьдчилсан дүнг өнөөдөр танилцууллаа. Монгол Улсын 2019 оны жилийн эцсийн мал тооллогын ажлыг энэ сарын 7-17-ны хооронд улс орон даяар хийсэн бөгөөд мал тооллогын урьдчилсан дүнгээр 70 сая 949 мянган мал тоолуулсан болохыг ҮСХ-ноос онцоллоо. Энэ нь өмнөх оныхоос 4.5 сая толгой малаар буюу 6.8 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Урьдчилсан дүнгээр нийт мал сүргийн дотор

Хонь 45.5 хувь

Ямаа 41.2 хувь

Үхэр 6.2 хувь

Адуу 5.9 хувь

Тэмээ 0.7 хувийг тус тус эзэлжээ.

2019 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр малын тоогоор тэргүүлж буй аймгуудыг жагсаавал /мянган толгой/

Архангай аймаг 6 сая 166 мянган толгой мал

Хөвсгөл аймаг 6 сая 37.3 мянган толгой мал

Өвөрхангай аймаг 5 сая 625 мянган толгой мал

Төв аймаг 4 сая 978.7 мянган мал

Хэнтий аймаг 4 сая 867.6 мянган толгой мал тус тус тоолуулж тэргүүлсэн байна.

Түүнчлэн мал тооллогын урьдчилсан дүнгээр 233.2 мянган малтай өрх тооллогод хамрагдсан нь өмнөх оноос нэг хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Мөн 285 мянган малчин тоологдсон ба нийт малчдын 40 хувь нь зээлтэй байгаа аж. Зээл авсан малчдын 33 хувийг 35-44 насны малчид, 22 хувийг 25-30 насны малчид, 25 хувийг 45-54 насны малчид эзэлжээ.

Эргэн сануулахад мал тооллогын 2018 оны жилийн эцсийн дүнгээр малын тоо толгой 66.5 саяд хүрч, өмнөх оныхоос 241.2 мянган толгойгоор буюу 0.4 хувиар өссөн үзүүлэлттэй гарч байсан билээ.

Мөн өнгөрсөн жилийн мал тооллогын дүнгээр, нийт 290 мянган малчны 68.4 хувь нь Эрүүл мэндийн даатгал, харин Нийгмийн даатгалд малчдын 26.2 хувь хамрагджээ.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо