“Оны шилдэг хүүхэд”-ийн шагнал хааччихав аа
Хотын амьдрал 7 сарын өмнө     190    0

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 26-нд Төрийн ордонд “2019 оны шилдэг хүүхэд”-ийн шагналыг гардууллаа. 2019 онд нийтдээ энэ шагналд 119 хүүхэд өрсөлдөж тэднээс үе тэнгийнхнээ манлайлсан 35 нь шилдгээр тодорсон юм.

***Техник сэтгэлгээ, шинэ санаачлага

***Сурлагын амжилт

*** Урлаг, уран бүтээл

*** Биеийн тамир, спорт

***Эх орны түүх, соёл, өв уламжлал

*** Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин

*** Хүмүүнлэг, энэрэнгүй сайн үйлс

***Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага

зэрэг шалгуураар 35 хүүхдийг шалгаруулжээ. Тэдний дунд манай аймгийн “Ирээдүйн Одод” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Чулуунбатын Бямбасүрэн “Биеийн тамир спорт”  төрөлд шилдгээр шалгарч Ерөнхий сайдын Өргөмжлөл, шагнал, гарын бэлэг хүртэхээр болсон.

Ч.Бямбасүрэн хэдийгээр энэ цаг мөчид Швейцарь улсад ирэх оны нэгдүгээр сард болох хүүхэд, залуучуудын олимпод оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийхийн зэрэгцээ зарим уралдаан тэмцээнд оролцож яваа. Тэрбээр саяхан биатлоны нэгэн тэмцээнд оролцож169 тамирчнаас 91 дүгээрт оржээ. Хамгийн гол нь гурван удаагийн тус бүр нь  тав буудах зогсоо, хэьтээ буудалтандаа байгаа нэг ч алдалгүй буудсан нь олон улсын нэр хүндтэй, томоохон дасгалжуулагчдын хараанд өртсөн байна. Улмаар Итали улсын нэртэй дасгалжуулагч түүнд зөвлөгөө өгч, тамирчдынхаа хамтарсан бэлтгэлд урьсан байна.

Тун удахгүй болох томоохон тэмцээнд оролцох бэлтгэлээ базааж байгаа Ч.Бямбасүрэнгийн “Оны шилдэг хүүхэд”-ийн шагнал одоо болтол эзэндээ очих нь байтугай Эрдэнэтэд ч ирээгүй байгаа аж. Шалгаруулалтыг зохион байгуулсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрынхан “Өөрөө олон улсын тэмцээнд оролцоод, эзгүй байгаа учраас шагналыг нь аймаг руу нь явуулсан” гэж байгаа ч өнөөдрийн байдлаар аймгийн ЗДТГ-т “Оны шилдэг хүүхэд”-ийн шагнал ирээгүй байна. Манай аймгийн ЗДТГ-ынхан, Биеийн тамир спортын газрынхан, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрынхан “Оны шилдэг хүүхэд”-ийнхээ шагналыг олж авах тал дээр нэг их мэрийхгүй өөрсдөө шинэ жилдээд тун завгүй байгаа бололтой.